ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНСУ-ын “хар масс” хоёр сарын дотор гурван К-поп одын аминд хүрэв

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-12-05

“К поп” буюу “Кореан поп” хөгжмийн урсгал дэлхий дахинаа эрчээ аваад олон жилийг үдсэн. Өвөрмөц стиль, ялдамхан царайтай охид залуус санаа зовоох зүйлс үгүй мэт инээмсэглэн дуулж, бүждэг. Гэсэн ч, тэд олны нүднээс далд ямар их бэрхшээлийг даван туулах шаардлагатай болдог, цаашлаад сэтгэлийн хат, тэсвэр тэвчээргүйгээр хэчнээн авьяаслаг, сайхан байгаад интертаймэнт ертөнцөд удаан оршиж чаддаггүй нь ил болсоор байгаа. Үүнийг хоёрхон сарын дотор БНСУ-ын гурван ч олны хайр хүндлэлийг хүлээсэн одод амиа егүүт­гэснээс харж болох билээ. Хамгийн сүүлд гэхэд “Сюрпрайс Ю” хамтлагийн гишүүн Ча Ин Ха гэртээ нас барсан байдалтай олдсон. Энэ нь нийгмийн дарамт шахалтын улмаас сүүлийн хоёр сард амиа хорлосон гурав дахь олны хүн болж байна. Өмнө нь буюу өнгөрсөн сард дуучин Гү Хара, Сулли нар амиа хорлосон байдаг. 

Гү Хара, Сулли нар дотны найзууд байсан бөгөөд цахим сүлжээн дэх “хар масс”-ын доромжлол, дарамтын улмаас амиа хорлосон гэж мэргэжилтнүүд дүгнэж байсан юм. Тэд гурвуулаа 30 хүрээгүй залуус байв. 27 настай Ча Инхагийн хувьд Өмнөд Солонгосын “Фантажио” агентлагийн “Сюрпрайс Ю” хамтлагийн гишүүн байснаас гадна анх 2017 онд богино хэмжээний уран сайхны кинонд тоглон олонд танигдаж байжээ. Түүний цогцсыг мягмар гарагт гэрээс нь олсон бөгөөд нас барсан шалтгааныг нь тодруулахаар ажиллаж байна. Талийгаачийн гэрээс ямар нэгэн захидал, гэрээслэл олдоогүй ч, сүүлийн үед сэтгэл түгших эмгэг илэрч байсан талаар агентлагаас нь мэдээлсэн байна. 

Гэхдээ бусад оддын адил нийгмийн сүлжээнээс ирэх доромжлол, дарамт харьцангуй бага байсан гэдгийг ч онцолсон байгаа юм. Хамгийн сүүлд тэрээр өөрийн инстаграмм хуудастаа “Ханиад хүрэхээс айх хэрэггүй” хэмээн бичиж үлдээжээ. Харин Солонгосын охидын алдартай f(x) хамтлагийн гишүүн асан 25 настай Солли аравдугаар сард гэртээ нас барсан байдалтайгаар олдсон юм. Цагдаагийн газраас түүний үхэлд ямар нэг гадны нөлөө байгаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн билээ. Солли сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудынхаа талаар, цахимаар хүнийг гүтгэх, доромжлох нь ямар хор уршигтай талаар нээлттэй ярьж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг гэдгээрээ сал­барынхаа бусад охид бүсгүй­чүүдээс ялгардаг байжээ. Гэвч,  үүнээсээ болж цахим орчимд маш их доромжлуулж, шүүмжлүүлдэг байсан гэдэг. 

Соллигийн үхлээс зургаан долоо хоногийн дараа түүний найз, Солонгосын охидын “Kara” хамтлагийн гишүүн, дуучин Гү Хара мөн л гэртээ амиа алдсан байдалтай олдсон юм. Кү Харагийн хувьд өнгөрсөн тавдугаар сард амиа хорлох оролдлого хийж байсан. Тэрээр 2018 оны есдүгээр сард нууц камераар авсан секс бичлэгийг нь олон нийтэд дэлгэж, карьерийг нь сүйтгэнэ хэмээн заналхийлсэн экс найз залуугаа шүүхэд өгч байжээ. 

Харин өнгөрсөн наймдугаар сард шүүхээс Гү Хараг заналхийлж, биед нь халдсан хэргээр найз залууд нь тэнсэн харгалзах ял өгчээ. Эдгээр бүх асуудлаас үүдэн Гү Хараг цахимаар доромжлох, шүүмжлэх явдал нэмэгдсэн аж. Өмнөд Солонгос улс амиа хорлолтын тоогоороо дэлхийд тэргүүлэгчдийн тоонд багтдаг бөгөөд  мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь Өмнөд Солонгосын нийгэмд тогтсон үзэл бодолтой салшгүй холбоотой гэнэ. Бусад улс орны иргэдтэй харьцуулахад стресс болон сэтгэлд гутралд өртсөн солонгосчууд мэргэжлийн тусламж зөвлөгөө авах нь ховор байдаг бөгөөд К-попын одууд сэтгэл санааны дарамтад өртөх эрсдэл хамгийн өндөр байдаг аж.

Эцэст нь тэмдэглэхэд, ямар нэгэн шинэ асуудалд өмнө нь байсан өөрийн дотоод үзэн ядалтаараа ханддаг нийгмийн давхрагыг хар масс гэдэг.  БНСУ-ын нийгмийн сүлжээн дэх энэхүү хар масс хоёрхон сарын дотор гурван ч, К-поп одыг амиа егүүтгэх сонголт хийлгэхэд хүргэсэн гэхэд хэтийдсэн болохгүй нь.