ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Батмөнх: Улсын хэмжээнд 67 сая толгой мал өвөлжинө

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-12-05

ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Батмөнхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Цаг агаарын нөхцөл байдал хүндэрч болзошгүй гэсэн мэдээлэл байна. Үүнтэй холбогдуулан аймгуудад өвөлжилтийн байдал ямар байна вэ гэдгээс ярилцлагаа эхлэх үү?

-Засгийн газраас  2019-2020 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай 285 дугаар тогтоол гаргасан. Тус тогтоолтой холбогдуулаад бүх аймгийн Засаг дарга нар өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах тухай ажлын төлөвлөгөө гаргаж ажилласан. Энэхүү ажлыг яамнаас  орон нутгийн түвшинд зохион байгуулаад, биелэлтэд нь хяналт тавьж ажиллах юм. Тухайлбал, яамны зүгээс тогтоол­ын хэрэгжилтийг орон нутагт хангуу­лах зорилгоор салбарын сайдын 275 дугаар тушаал гарсан. Тушаалын дагуу ажлын  хэсэг  төлөвлөгөө  гаргаад, бүх аймагт ажиллаад ирлээ. Тэр дундаа зундаа гандуу болон гантай байсан Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, хадлангийн бүс нутаг болох Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан зэрэг аймагт нэлээд төвлөрч ажилласан.  Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан тухайн аймагт биечлэн очлоо. Энэ үеэр өвөлжилт, хаваржилтын бэлтгэл  болон цаг үеийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч,  тулгамдаж байгаа асуудлаар яамнаас зохих шийдвэрүүдийг авч хэрэгжүүлсэн.

-Өвөлжилт хүндэрч байгаагийн гол шалтгаан нь бэлчээрийн даац шүү дээ. Энэ талаар ямар зохицуулалтыг хийж байгаа вэ?

-Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс 2019-2020 оны өвөл, хаврын улирлын бэлчээрийн даац тодорхойлсон дүн гарсан байгаа. Энэ дүнгээр нийт нутгийн 60 гаруй хувьд өвөл, хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй. Харин 40 орчим хувьд өлчирч байгаа гэсэн дүнг гаргасан юм. Өнгөрсөн зун нутгийн хойд хагаст харьцангуй бороо хуртай, зуншлага сайн байсан. Говийн нутгаар долдугаар сараас хойш зуншлага харьцангуй сайжирсан. Зарим газарт ургамал тачир сийрэг  бол зуншлага оройтсон нутагт ургац гүйцээгүй гэх мэт асуудлууд бий. Тухайлбал, Өвөрхангай, Архангай, Дундговь, Говь-Алтай Ховд зэрэг аймагт өвөл, хаврын бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн. Эдгээр аймагт нийт өвөлжих малын 32 хувь ногдож байгаа. Эдгээр аймагт яамнаас анхаарал хандуулж, малыг эдийн засгийн эргэлтэд түлхүү  оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Энэ талаар шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.

-Малчид өвөлд бэлэн байгаа юу. Бэлтгэлээ хэр хангасан бэ?

-Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах нэгдсэн дүнг 2019 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр яамнаас Засгийн газарт оруулж, танилцуулсан. Нэгдсэн дүнгээр 2019-2020 онд өвөлжилт, хаваржилтын хэрэгцээ малын тоон судалгаанд тулгуурлаж, нэгтгэсэн. Судалгаагаар 2019 оны есдүгээр сарын байдлаар Монгол орны бэлчээрт 84.2 сая толгой мал бий. Бид эдгээр малаас 16.5 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөсөн. Харин  67.7 сая толгой малыг өвөлжүүлж, хаваржуулах тооцоог гаргалаа. Манайхан энэхүү  ажлыг зохион байгуулаад 67.7 сая толгой малыг өвөлжүүлэх, хаваржуулах ажлыг бүрэн хангасан. Малчид өвс, тэжээл, худаг, ус, хашаа хороо болон хувийн бэлтгэлээ 91 хувьтай сайн хангасан. Улсын дүнгээр нь авч үзвэл малчдын өвөлжилт, хаваржилт, өвс, тэжээл, бэлтгэл, аюулгүйн нөөц бүрдүүлэлт зэрэг бүх үзүүлэлтээр нь авч үзвэл 86.7 хувьтай байна. Энэ онд яамнаас өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хоёр үе шаттай зохион байгууллаа. Нэгдүгээрт, малчид, орон нутгийн иргэд 67.7 сая толгой малыг өвөлжүүлэх, хаваржуулах шаардлагатай бэлтгэлийг бүрэн хангасан байсан. Дараа нь 16.5 сая толгой малыг есдүгээр сараас хойшхи хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг орон нутагтай хамтран зохион байгуулж байна. Ингэснээр малчдын мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн хүчин чадлыг бэхжүүлэхэд чиглэнэ. Мөн 1990 онтой харьцуулахад манай улсын малын тоо гурван  дахин нэмэгдсэн байгаа. 1990 онд Монгол Улс 25 сая толгой малтай байсан. Тэр үед экспортлох махны хэмжээ сүргийн эргэлт  40 гаруй хувьтай байсан юм. Ер нь эдийн засгийн эргэлтэд махыг маш сайн оруулдаг бодлого хэрэгжиж байсан. Одоогийн байдлаар бид нийт малынхаа 20 арай хүрэхгүй хувийг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээг авч байна.

-Малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар олон жил ярьж байгаа. Гэвч зорьсон зорилтодоо хүрдэггүйн шалтгаан юу вэ?

-Эдийн засгийн эргэлтэд оруулахгүй бол бэлчээрийн даац хүрэлцэхгүй байна. Бэлчээрийн даацын хэмжээг бууруулах бодлогыг авч хэрэгжүүлж байгаа. Засгийн газрын 285 дугаар тогтоолд маш тодорхой зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, өвөл, хаврын бэлчээрийн даацад тохируулан малын тоо толгойг бууруулна. Мөн малын чанар, сүргийн бүтцэд зохистой харьцаанд тулгуурлан малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, нөөц мах бэлтгэлийн ажлыг зохион байгуулах гэж заасан. 1990 оноос хойш малын тоо толгой өссөн. Тэр дундаа ямаан сүргийн тоо 5.2 дахин өслөө. Одоогийн байдлаар ямааны тоо толгой 27 сая хүрсэн. Тухайн үед гурван хонь, нэг ямаа гэсэн харьцаатай байжээ. Харин одоо  нэг ямаа, нэг хонь гэсэн харьцаатай байгаа. Сүргийн бүтэц алдагдсанаар бэлчээрт үзүүлэх ачаалал зарим газарт гурав дахин нэмэгджээ. Цаашилбал, 5-10 дахин нэмэгдсэн тохиолдол ч  бий. Энэ талаар бид шаардлагатай судалгааг гаргасан. Тухайлбал, Өвөрхангай аймаг 7.2 сая толгой малтай. Бэлчээрийн даацад тохирсон малын тоо толгой 2.7 сая байх жишээтэй. Тэгэхээр цаана нь гурван сая гаруй толгой мал илүү байна гэсэн үг. Байх ёстой бэлчээрийн даацаас хэтэрсэн малтай байна гэдэг нь цаг агаарын нөхцөл байдалд өртөмтгий байна гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор Өвөрхангай аймгаас хийх отор нүүдлийн малын тоо их байгаа юм.  Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, малын тоо толгой нэмэгдсэн. Цаг агаарын нөхцөл байдал, хур тунадастай холбоотой асуудал бий. Зарим аймагт оготны тархалт өндөр байсан зэрэг хэд хэдэн шалтгаантай.

-Цаашид төрөөс өвөл, хаврын бэлчээрийн даацад тохирсон мал аж ахуйг эрхлэх бодлогыг хэрэгжүүлэх үү?

-Тийм ээ. Монголд зун,  намрын улиралд  бэлчээрийн хувьд боломжтой. Зун, намартаа хур тунадас ороод, өвс, ногоо ургаад ирэхээр даац хүрэлцээтэй. Гол нь өвөл, хавартаа бэлчээрийн хомсдол, өвс тэжээлийн дутагдалд орох, усны хангамж доройтох  гэх мэт хэд хэдэн асуудал бий. Өвөл, хаврын бэлчээрийн даацад тохирсон малтай байх нь маш чухал. Мөн малын чанар, сүргийн бүтцэд анхаарна. Энэ талаар сүүлийн хоёр жилд яамны зүгээс  нэгдүгээрт бэлчээрийн даацтай тохирсон малтай байх. Нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, дээшлүүлэх хэрэгтэй. Мөн эдийн засгийн эргэлтэд оруулах малын тоо толгойг нэмэгдүүлье. Бэлчээрээ чөлөөлье, малчид өөрсдөдөө авах ачааллаа бууруулах зэрэг бүх зүйлийг тодорхой түвшинд хязгаартай байлгах бодлогыг явуулж байна.

-Бэлчээрийн төлөөх өрсөлдөөн орон нутагт их байна. Мөн отор нүүдэлтэй холбоотой элдэв янзын дарамт байдаг. Энэ талаар яамнаас ямар арга хэмжээг авч байна вэ?

-Засгийн газраас гаргасан 285 дугаар тогтоолд  энэ талаарх зүйлийг маш тодорхой тусгасан байгаа. Тухайлбал, энэ онд отор нүүдэл хийх, малын тоо толгойг бүрэн тодорхойлж гаргалаа. Манай орны хэмжээнд 2019, 2020 онд хэдэн тооны мал эдийн засгийн эргэлтэд орох, хэдэн тооны малыг өвөлжүүлж, хаваржуулах уу, отроор өвөлжүүлэх талаарх бүх тооцоо судалгааг гаргасан. Энэ онд 10 гаруй сая толгой мал отроор өвөлжих тооцоо гаргасан. Эдгээр мал хаана,  хаана өвөлжих вэ гэхээр аймаг дундын отрын бүс нутагт өвөлжинө. Мөн хилийн зурвас бүс нутагт болон тусгай хамгаалалттай байгалийн цогцолбор газар, өөрийн аймагт гэхчлэн бүх тооцоог гаргасан. Орон нутгийн малчид, иргэд өөр аймгийн газар нутагт отроор өвөлжих, боломж бололцоог хангах чиглэлийн зохицуулалтуудыг хийж өгсөн. Цаг агаарын хүндрэл болон отор нүүдэл хийж байгаатай холбоотой дөрвөн аймгийн Засаг дарга арваннэгдүгээр сард Булган аймгийн Рашаант суманд уулзсан. Холбогдох аймгуудад өвс тэжээлийг хямдруулан олгох, отор нүүдэл, нийгмийн эрүүл мэндтэй холбоотой шаардлагатай зардлыг мөн шийдүүлсэн. Энэ асуудлыг бүхэлд нь зохицуулах, отор нүүдлийн зураглалыг яамнаас гаргасан юм. Аймаг дундын отрын бүс нутагт есөн газар хамрагддаг. Отрын бүс нутагт оруулах малын тоо толгойг холбогдох аймгийн Засаг дарга нар тохируулан, оруулах ажлыг бүрэн зохион байгуулсан байгаа.

-Яамны зүгээс орон нутагтайгаа хэр уялдаа холбоотой ажиллаж байгаа вэ. Шаардлагатай мэдээллээ цаг тухайд нь авч байгаа юу?

-Манай яамны зүгээс орон нутгаас цаг тухай үед нь шаардлагатай нь мэдээллүүдийг авч байгаа. Дундговь аймгийн 470 өрх оторт гарсан мэдээлэл байгаа. Хэнтий аймгийн отрын бүс нутаг руу  нэмж оторлуулах асуудлыг ярьсан. Тэгэхээр Дундговь аймаг өнгөрөгсөн зун гандуу байсан учраас отроор өвөлжих асуудал байна. Отроор нүүж яваа иргэдийн аюулгүй байдлыг хангах, орон нутгийн иргэд зохих ёсны үйлчилгээ үзүүлэх, хамтарч ажиллах, дэмжих талаар Засгийн газрын тогтоолоор зохицуулж өгсөн. Төв аймгийн 143 өрх оторлохоор санал ирүүлсний 31 өрх нь оторт гарсан. Дорноговь болон Хэнтий рүү нүүсэн. Өвөрхангай аймгийн хувьд 1300 өрх оторт гарахаар бүртгүүлснээс Төв аймаг, Булган зэрэг аймаг руу гарчээ. Мөн сүүлийн үед цаг агаар харьцангуй гайгүй байна. Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Сагсай зэрэг сум бага зэргийн цастай. Дархан-Уул аймгийн нийт нутгаар 2-3 см цастай  байх жишээтэй. Завхан аймгийн хангайн сумын нутгаар 1-2 см цастай зэрэг мэдээлэл байна. Зарим аймагт орсон цас хайлж, байна гэсэн мэдээлэл байгаа. Цаг агаар хүндрэхгүй бол өвс, тэжээлийг хангалттай бэлтгэсэн. Хашаа хорооны бэлтгэлийг сайн хангасан. Нийт малыг хашаа хороогоор хангана гэсэн дүгнэлт гарсан.  Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд шинээр бодын 82.4, богийн 150 мянган хашаатай болсон. Малчид өвөл, хаврыг өнөтэй давах бэлтгэлийг өндөр түвшинд хангасан.

-Өвс тэжээлийн дутагдлаас үүдэлтэй элдэв асуудал гардаг. Үнэ хөөрөгддөг тал бий. Үүнийг зохицуулж өгсөн үү?  

-Өвс тэжээлийн хангамжийн талаар орон нутгийн малчид, иргэд  1.3 сая тонн өвс, 10 мянган тонн сүрэл, 124.1 мянган тонн ногоон тэжээл, 65 мянган гар тэжээл, 16.1 мянган тонн дарш зэрэг шаардлагатай хэрэгцээт бэлтгэлээ 90 гаруй хувьтай биелүүлсэн. Энэ бол өндөр үзүүлэлт шүү дээ. Малчид өвс, тэжээлээ сайтар бэлтгэсэн учраас өвсний үнэ өнгөрсөн жил өсөөгүй. Зарим аймагт өнгөрсөн жилийн өвс, тэжээлийн үлдэгдлээ сайн хадгалсан. Энэ жил хуучин нөөц дээрээ нэмж өвс тэжээл бэлтгэж байх жишээтэй.  Аймаг, сум, дүүргийн хэмжээнд бэлтгэх аюулгүйн өвс,  тэжээл бэлтгэл 70 гаруй хувьтай байгаа. Тэжээлийн ургамал тариалалт энэ онд 45.1 мянган га-д хүрсэн. Нийт хурааж авсан ургац 124.1 мянга болж өссөн дүнтэй байгаа. Мөн тарианаас 40 мянган тонн улаан буудай тэжээл рүү шилжинэ. Мөн гурилын үйлдвэрээс 100 мянган тонн тэжээл үйлдвэрлэнэ.Тэжээлийн хангамжийн хувьд нэлээд боломжтой. Гол нь зах зээлд малчид, иргэдийн хооронд холбогдох газрууд зохицуулалтын ажлуудыг хийж байна. Өвлийг өнөтэй давах боломжийг малчид бүрдүүлсэн. Холбогдох газрууд шаардлагатай бэлтгэлээ сайтар хангасан.

-Цөм сүргийн бүтэц алдагдсан асуудал яригдаад олон жил болж байгаа. Цаашид энэ талаар яамнаас ямар бодлого барьж ажиллах вэ. Нөгөө талаар малчдад олгодог элдэв янзын цол гуншин эргээд малын чанарт бус тоо толгойг өсгөхөд чиглээд байгаа юм биш үү?

-Засгийн газраас Улсын аварга малчны шалгаруулалтад өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр малын тоо толгойг өсгөсөн малчныг аваргад тодорхойлох бус  чанар болон үүлдэр угсааг сайжруулсан, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн малчин өрхөд олгохоор болсон. Үүнийг хамтын хөдөлмөр гэж үзээд малчин өрхөд  Улсын аварга цолыг өгөхөөр болсон шүү дээ. Мөн яамны зүгээс малын бүртгэлийг сайжруулах талаар нэлээд анхаарч ажиллаж байгаа. Малыг бүртгэлжүүлэх, ээмэгжүүлэх асуудлыг журамлаж байна. Нэн тэргүүнд цөм сүргийн мал байгаа. Үүнийг үзлэг, ангилалд хамруулах, хамгаалалтад авах зэрэг бодлогыг тодорхой болгож байна.

-Малын гаралтай өвчнүүдэд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Өвчин гарсан хойно арга хэмжээ авах биш. Харин  урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг яамны зүгээс сүүлийн хоёр жил хэрэгжүүлж байгаа. Одоогоор Монгол Улс малын гоц халдварт өвчнөөр тайван байна гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн хэрэгжүүлсэн гэсэн үг. Өнгөрсөн  хугацаанд бог малыг хоёр удаа угаалгад хамруулсан. Мөн вакцин, угаалга, туулгыг хугацаанд нь  бүрэн хамрууллаа. Ингэснээр малын халдварт гоц өвчин сүүлийн хоёр жилд харьцангуй бага байгаа.

-Мал мах бэлтгэх, худалдаалах талаар яамнаас Өвлийн идэш үйл ажиллагааг хэрэгжүүлэх гэж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Мал мах бэлтгэх талаар манай яамнаас шаардлагатай ажлуудыг хийж байна. Өнөөдрөөс яамнаас “Өвлийн идэш” үйл ажиллагаа буюу махны өргөтгөсөн худалдааг  эхлүүлж байгаа юм. Нийт гурван байршилд зохион байгуулна. Тус ажиллагаанд 11 аймгаас оролцох мэдэгдлээ ирүүлсэн. Баянзүрх дүүргийн “Скай” худалдааны төв, Сүхбаатар дүүргийн “Саруул” худалдааны төв, Хан-Уул дүүргийн “Сансар” худалдааны төвд зохион байгуулна. Энэ сарын 5-20 хүртэл тус үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Энэ үеэр иргэд өөрийн хэрэгцээнд тохируулан өвлийн идшээ бэлтгэх боломж гарч байна. Үнийн хувьд боломжийн үнэтэй байх юм. Монгол аргаар бэлтгэсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан,  малын махыг малчны хотноос шууд хэрэглэгчийн гарт авчрах юм. Шинжилгээнд хамрагдсан, гарал үүсэл нь тодорхой, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан, махны цехэд бэлтгэхээс гадна зохих ёсны савалгаатай байна. Ямар нэгэн дундын зуучлал байхгүй. Ингэснээр нийслэлийн иргэдийн зардлыг хэмнэхээс гадна олон ажлыг хөнгөвчилж өгч байгаагаараа онцлогтой. Улаанбаатар хотын иргэдийг хямд үнэтэй өвлийн идшээр хангах бодлого хэрэгжинэ гэж ойлгож болно. Угаалга, туулга болон вакцинд хамрагдсан малыг борлуулах, худалдаалах үйл ажиллагаа явж байна. Малын гарал үүсэл, чанарт эргэлзэх шаардлагагүй. Доод тал  800 тонн махыг эхний ээлжид худалдаалахаар төлөвлөсөн. Булган, Дундговь, Төв, Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Сүхбаатар, Увс, Ховд, Өвөрхангай зэрэг аймгаас ирж оролцоно.