ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Эрдэнэ гишүүний санаачилсан хууль ирц байхгүйгээс унав

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-12-05

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан ирц тун тааруухан хуралдлаа. Олон улсын байгууллагын томилолт болох хууль судлах ажлаас 10 гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй Засгийн газрын сайд болон гишүүн нийтдээ 10 орчим улстөрч томилолтоор ажиллаж байгаа учраас ирц маш бага байв. Үүнийг хуралдааны эхэнд УИХ-ын дарга онцолж, үлдсэн гишүүдийг хуралдаа сууж, ирцээ бүрдүүлэхийг шаардлаа. Гэсэн ч нэгдүгээр асуудлыг хэлэлцэхэд чуулганы танхимд нийтдээ 18-хан гишүүн сууж байлаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү ирцээ бүрдүүлж байж асуудлаа хэлэлцэх ёстойг сануулсан ч УИХ-ын дарга өнгөрөгч долоо хоногт хэлэлцэж байгаад мөн л ирц бүрдэхгүй хойшлуулаад байсан хуулийн төслийг танилцуулав. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Эрдэний санаачилсан Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслөөр санал хураахад гишүүдээс дэмжлэг хүлээж чадалгүй уналаа. Хуралдаанаар үргэлжлүүлэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчээр томилогдох гэж буй МУИС-ийн багш Б.Амарбаясгаланг дэмжих эсэхийг хэлэлцээ.

Хэлэлцэх асуудлын үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, О.Баасанхүү, О.Батнасан, Х.Нямбаатар, Л.Мөнхбаатар нарын гишүүд үг хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд “Шүүх засаглал нь болохоо болиод ирэхээр л ард түмэн сүйрдэг л дээ. Бид ард түмэнтэйгээ гудамжинд гарч хувьсгал хийснээс хойш бараг жилийн хугацаа болох гэж байна. Шударга ёс тогтооход юу болохгүй байна гэхэд шүүхийн байгууллага болохгүй байна гэсэн. Гар өргүүлсэн шүү. Нэг ч хүн эсрэг санал өгөөгүй. 100 хувь талбай дүүрэн хүмүүс гараа өргөсөн. Дээд шүүх, Цэц гээд бүгдийг нь өөрчлөх ёстой гэсэн шүү. ШЕЗ-ийн даргаа Батбаяр гэж залуу томилогдсон. Олон түмэн баяртай байгаа.

Хуульч хүний хувьд олон нийтийн эрх ашгийн төлөө талбай дээр жагсаж, энэ мэт зүйлд хошуучлан оролцож явсан хүн томилогдсонд баяртай байна. Б.Амарбаясгалан та шударга ажлаараа. Дээд шүүх шат дамжлага болчихсон. Хувь хүний маргаан, өмч хувьчлал, эд хөрөнгийн зодооныг шийдэж байгаа. Тэнд татвар, авлигаа авч шийдэж байгааг өөрчлөөрэй. Энэ нь Монгол Улсыг сүйрүүлж байна шүү” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Би “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо шүүх засаглал авлигад идэгдсэн талаар шүгэл үлээсэн. Гэтэл одоо ганцхан хэрэг дээр л 17 шүүгчийн нэр яригдаж байна. Иргэний хэргийн маргааныг эцэслэн шийдэх зарчимдаа төр хүрэхгүй байна. Тиймээс УДШ нэн даруй бүрэлдэхүүнээ томилоорой” гэлээ. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ж.Батзандан гишүүнтэй ойрхон шадарлаж явсан н.Батбаярыг томилсон хүндээ бус төрийн төлөө ажиллаарай” гэлээ. Мөн 17 шүүгчийн асуудлыг тодорхой болгож, хэн нь авлига авсан, хэн нь хэлмэгдсэн гэдгийг тодорхой болгоорой гэлээ. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн учраас дэмжсэн тухай бичгийг Ерөнхий сайдад хүргүүлнэ гэлээ. Хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг хэлэлцэв.