ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Азийн Хөгжлийн Банкны шинэ Ерөнхийлөгчөөр Масацугу Асакава сонгогдлоо

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-12-05

ФИЛИППИН УЛС, МАНИЛА ХОТ (2019 оны 12 дугаар сарын 2) - Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны Захирагч нарын зөвлөл ноён Масацугу Асакаваг АХБ-ны Ерөнхийлөгчөөр томилох тухай шийдвэрийг санал нэгтэйгээр баталлаа.

Япон Улсын Ерөнхий сайдын болон Сангийн сайдын тусгай зөвлөхийн албыг хашиж буй 61 настай ноён Асакава нь АХБ-ны 10 дахь Ерөнхийлөгчөөр 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн ажиллах бөгөөд энэхүү албыг одоогийн Ерөнхийлөгч ноён Такехико Накаогоос хүлээн авах юм. 2021 оны 11 дүгээр сарын 23-нд дуусгавар болох байсан одоогийн Ерөнхийлөгч ноён Такехико Накаогийн үүрэгт хугацааг 2020 оны 1 дүгээр сарын 16-наас ноён Асакава ийнхүү үргэлжлүүлэх болж байна.

"Ноён Асакавагийн олон улсын санхүү, хөгжлийн асуудлаарх өргөн мэдлэг, олон талт туршлага нь цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тэсвэртэй, тогтвортой Ази, Номхон Далайн бүс нутгийг цогцлоох АХБ-ны эрхэм зорилгыг биелүүлэхэд нэн чухал. АХБ-ны Захирлуудын зөвлөл ноён Асакаватай үр дүнтэй хамтран ажиллана гэдэгтээ бүрэн итгэж байна." хэмээн АХБ-ны Захирагч нарын зөвлөлийн тэргүүн, Бүгд Найрамдах Солонгос Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, сангийн сайд ноён Хонг Нам-Ки тэмдэглэв.

40 орчим жил төрийн албанд зүтгэхдээ ноён Асакава Япон Улсын Сангийн яаманд олон төрлийн удирдах албан тушаалууд хашиж байсны дотор Олон улсын харилцааны асуудал хариуцсан Сангийн дэд сайдаар ажиллаж байсан бөгөөд хөгжлийн бодлого, валютын зах зээл, олон улсын татварын бодлого зэрэг чиглэлээр арвин мэдлэг, туршлага хуримтлуулжээ.

Тэрээр Сангийн дэд сайдын хувиар 2019 онд Япон Улсын Осака хотноо зохион байгуулагдсан Их 20-ийн дээд хэмжээний уулзалт, Фукуока хотод зохион байгуулагдсан Их 20-ийн Сангийн сайд нар болон төв банкны ерөнхийлөгч нарын түвшний уулзалтуудад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Түүнчлэн, дэлхийн эдийн засгийн хямралын дараахан зохион байгуулагдсан Их 20-ын анхны дээд хэмжээний чуулга уулзалтад тухайн үеийн Ерөнхий сайд Таро Асогийн шадар туслахын хувиар оролцож байв. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагатай ажлын нягт уялдаатай ажиллаж ирсэн тэрээр 2011-2016 онд тус байгууллагын Төсвийн бодлогын хорооны даргаар ажилласан байна. 

Ноён Асакава 2012-2015 онд Токиогийн Их сургууль, 2006-2009 онд Сайтама Их сургуульд зочин профессороор ажиллаж байв. Тэрээр 1981 онд Токиогийн Их сургуульд бакалаврын зэрэг, 1985 онд Принстоны Их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг тус тус хамгаалжээ.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. 2018 онд АХБ-наас 21.6 тэрбум ам.доллартай тэнцэх шинэ зээл, тусламжийг үзэглэжээ. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.