ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сан”-г байгуулна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-12-06

УИХ-ын чуулганы  өчигдрийн хуралдааныг тоймлон хүргэж байна.

 

С.Эрдэнэ гишүүний санаачилсан хуулийн төсөл унав

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан ирц тун тааруухан хуралдлаа. Олон улсын байгууллагын томи­лолт болон хууль судлах ажлаар 10 гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй Засгийн газрын сайд болон гишүүн нийтдээ 10 орчим улстөрч томилолтоор ажиллаж байгаа учраас ирц маш бага байсан. Үүнийг хуралдааны эхэнд УИХ-ын дарга онцолж, үлдсэн гишүүдийг хуралдаа сууж, ирцээ бүрдүүлэхийг шаардлаа. Гэсэн ч нэгдүгээр асуудлыг хэлэлцэхэд чуулга­ны танхимд нийтдээ 18-хан гишүүн сууж байлаа.  УИХ-ын гишүүн О.Баасанхүү ирцээ бүрдүүлж байж асуудлаа хэлэлцэх ёстойг сануулсан ч УИХ-ын дарга өнгөрөгч долоо хоногт хэлэлцэж байгаад мөн л ирц бүрдэхгүй хойшлуулаад байсан хуулийн төслийг танилцуулахыг хүссэн юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилсан Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслөөр санал хураахад гишүүдээс дэмжлэг хүлээж чадалгүй унав. Хуралдаанаар үргэлжлүүлэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэр­гийн танхимын шүүгчээр томилогдох гэж буй МУИС-ийн багш Б.Амарбаясгаланг дэмжих эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэх асуудлын үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, О.Баасанхүү, О.Бат­насан, Х.Нямбаатар, Л.Мөнх­баатар нарын гишүүд үг хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд “Шүүх засаглал нь болохоо болиод ирэхээр л ард түмэн сүйрдэг л дээ. Бид ард түмэнтэйгээ гудамжинд гарч хувьсгал хийснээс хойш жилийн хугацаа болох гэж байна.

Шударга ёс тогтооход юу болохгүй байна гэхэд шүүхийн байгууллага болохгүй байна гэсэн. Гар өргүүлсэн шүү. Нэг ч хүн эсрэг санал өгөөгүй. 100 хувь талбай дүүрэн хүмүүс гараа өргөсөн. Дээд шүүх, Цэц гээд бүгдийг нь өөрчлөх ёстой гэсэн. ШЕЗ-ийн даргаар н.Батбаяр гэж залуу томилогдсон. Олон түмэн баяртай байгаа.  Хуульч хүний хувьд олон нийтийн эрх ашгийн төлөө талбай дээр жагсаж, энэ мэт зүйлд хошуучлан оролцож явсан хүн томилогдсонд баяртай байгаа. Б.Амарбаясгалан та шударга ажиллаарай. Дээд шүүх шат дамжлага болчихсон. Хувь хүний маргаан, өмч хувьчлал, эд хөрөнгийн зодооныг шийдэж байгаа. Тэнд татвар, авлигаа авч шийдэж байгааг өөрчлөөрэй. Энэ нь Монгол Улсыг сүйрүүлж байна шүү” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Би “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо шүүх засаглал авлигад идэгдсэн талаар шүгэл үлээсэн. Гэтэл одоо ганцхан хэрэг дээр л 17 шүүгчийн нэр яригдаж байна. Иргэний хэргийн маргааныг эцэслэн шийдэх зарчимдаа төр хүрэхгүй байгаа. Тиймээс УДШ нэн даруй иргэний хэргийн бүрэлдэхүүнээ томилоорой” гэлээ. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ж.Батзандан гишүүнтэй ойрхон шадарлаж явсан н.Батбаярыг томилсон хүндээ бус төрийн төлөө ажиллаарай гэлээ. Мөн 17 шүүгчийн асуудлыг тодорхой болгож, хэн нь авлига авсан, хэн нь хэлмэгдсэн гэдгийг тодорхой болгоох ёстой гэв. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн учраас дэмжсэн тухай бичгийг Ерөнхий сайдад хүргүүлнэ гэсэн юм.

 

Д.Тогтохсүрэн: Хэрэглэгчдэд үнийн дарамт үүсэхгүй 

Мөн чуулганы хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-аас хуулийн төслийг баталснаар телевизүүдийн монгол контентыг нэмэгдүүлэх, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд зөвхөн мэдээлэл дамжуулахаас гадна нийгмийг соён гэгээрүүлэх үүргээ илүүтэй гүйцэтгэнэ гэж үзэж байгаа аж. Түүнчлэн хуулийн төсөлд зааснаар  өргөн нэвтрүүлгийн буюу нэр бүхий телевизийн контентыг дэмжих зорилготой “Үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сан”-г байгуулж түүнийгээ улсын төсөв болон телевиз үзэгчдийн төлбөрөөр санхүүжүүлэх тухай заажээ. “Хуулиар хэрэглэгчдэд үнийн дарамт ирэх үү мөн хариуцлагын асуудлыг нь яаж зохицуулах вэ” гэсэн  УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын асуултад МАН-ын бүлгийн дарга  Д.Тогтохсүрэн  “Хуулийн төслийг өргөн барихдаа хариуцлагатай холбоотой асуудлыг авч үзсэн. Ажлын хэсгээс хуулийн хэрэгжилтийг ирэх оны долдугаар сарын 1 гэж үзсэн. Өмнө журмын тухай хуулийг хэлэлцэж Засгийн газарт чиглэл өгнө. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ гэдгийг Засгийн газар хөндөж УИХ-д оруулж ирнэ. Түүнээс биш ажлын хэсэг, байнгын хороо Зөрчлийн тухай хуулийг санаачлах эрхзүйн үндэс байхгүй. Хууль батлагдсанаар хэрэглэгчдэд үнийн дарамт үүсэхгүй. Засгийн газраас өргөн барьсан төсөлд “Үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сан”-г байгуулж,  санд эцсийн хэрэглэгчээс тодорхой хэмжээний хувь авахаар оруулж ирснийг нь хассан учраас хэрэглэгчид үнийн дарамт очихгүй. Мөн төрөөс нэмэлт санхүүжилт авахгүй.

Цаашид төр сан байгуулж, хөрөнгө төвлөрүүлж үндэсний хэмжээний контентуудыг дэмжих чиглэлээр санг ажиллуулна гэж хуульд зохицуулсан” гэсэн тайлбарыг өглөө. Мөн УИХ-ын гишүүн   Г.Тэмүүлэн “Судалгаанаас харахад Өргөн нэвтрүүлгийн 19 телевиз байна. Гэтэл цаана нь кабелийн сувгаар үйлчилгээ явуулдаг 60 гаруй суваг байна. Энэ хууль нэг талдаа Өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжиж байгаа боловч нөгөө талдаа кабелийн телевизүүдийг орхигдуулж байгаа юм. Адилхан  хэрэглэгчдэд хүрч байгаа. Үзэгчид аль нь Өргөн нэвтрүүлгийн эсвэл кабелийн телевиз үү гэдгийг ялгаж мэдэхгүй. Сүүлийн үед онлайн телевизүүд гарч байгаа. Ижил шаардлага үйлчлэх ёстой. Өргөн нэвтрүүлгийн телевизүүд IPTV-гээс мөнгө авах нь зөв” гэлээ. Мөн “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндэсний контентыг дэмжих гэсэн заалт орсон. Хууль батлагдсанаар өргөн нэвтрүүлгийн бие даасан 80 гаруй телевиз, радиогийн оюуны өмчийг дэмжинэ гэсэн нэмэлт тайлбарыг хийсэн.  Хуулийн төсөлд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид эзэмшигчээ ил болгох, 25 дугаар зүйлд редакц хариуцлагатай байж, сэтгүүлчийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөх үүргийг оруулсан бол 27 дугаар зүйлд олон нийт, хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахын тулд  хориглосон агуулгатай тодорхой заалтуудыг тусгасан” гэдгийг Ажлын хэсгийнхэн хариултдаа онцлов. Сангийн хөрөнгийг зөвхөн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд олгох бус үндэсний бүтээл хийдэг нөхцөл шаардлага хангасан бүх үйлчилгээ эрхлэгчдэд хамаарна гэж байлаа. Хуралдааны төгсгөлд  Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

 

2020 оны мөнгөний бодлогыг баталлаа 

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийг УИХ-ын чуулганаар  хэлэлцэн батлав. Төв банкны бодлого ирэх жил эдийн засгийн болон банк, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг бэхжүүлж, санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжихэд чиглэнэ. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөв саарч, гадаад орчинд тодорхой бус байдал нэмэгдсэн үед макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах нь чухал зорилт болж байгаа. Монголбанк төсвийн бодлого болон санхүүгийн зуучлалын бизнесийн идэвхжилд үзүүлэх цэвэр нөлөөг харгалзан үнийн тогтвортой байдлыг хангах, түүнд нийцтэй эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн мөнгөний бодлого, санхүүгийн зохицуулалтыг хэрэгжүүлнэ. 2019 онд инфляци Төв банкны зорилтот түвшний орчимд хадгалагдаж, эдийн засагт үнийн тогтвортой байдал хадгалагдаж байна. Монголбанк мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлж хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2020 онд жилийн найман хувь, дунд хугацаанд зургаан хувь орчимд тогтворжуулахыг зорино. Монгол Улс эдийн засгийн харьцангуй өндөр өсөлтийн төлөвт шилжсэнийг үнийн түвшний өөрчлөлт илэрхийлж байгаа. Цаашид инфляцийн дарамтгүй эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, инфляцийг алгуур буулгах нь Мөнгөний бодлогын зорилт байх аж. Төв банк макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэх замаар санхүүгийн салбарт эрсдэл хуримтлахаас сэргийлэх, олон нийттэй харилцааг өргөжүүлж  бодлогын үр нөлөөг дээшлүүлэхэд зорьж, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийг манлайлан хэрэгжүүлэх юм байна.