ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АНУ, БНАСАУ-ын цөмийн хэлэлцээр дууслаа

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-12-09

НҮБ-д суух Умард Солонгосын элч төлөөлөгч АНУ-тай хийж буй цөмийн хөтөлбөрийг зогсоох тухай яриа хэлэлцээр бүрмөсөн дуусгавар болсныг зарлалаа. НҮБ дахь төлөөлөгч Ким Сон “Бид одоо АНУ-тай дахин цөмийн зэвсгийн асуудлаар хэлэлцээр хийхгүй. АНУ-ын тал энэхүү яриа хэлэлцээг дотоодынхоо улс төрийн асуудалтай хутган, цаг хожиж байна” хэмээн буруутгасан байна. 

Бүс нутгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүнүүд гурван ч удаа дээд хэмжээний уулзалт хийсэн юм. Эхнийх нь 2018 оны зургадугаар сард Сингапурын Синтоза аралд болж байв. Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНАСАУ-ын төрийн тэргүүн Ким Жон Ун нар хамтарсан мэдэгдэл гаргаж, хэд хэдэн чиглэлээр зөвшилцөхөөр санал нэгдсэнээ мэдэгдэж байсан. Гэвч, аль аль тал нь түрүүлж алхам хийгээгүй. 

Харин дараа нь Вьетнамын Ханой хотноо мөн уулзсан билээ. Уулзалтын төгсгөлд тэд хамтарсан мэдэгдэл ч гаргаагүйн зэрэгцээ ямар ч гэрээ хэлэлцээр байгуулаагүй юм. Нэг үгээр эл уулзалт ямар ч үр дүнгүй болж өндөрлөсөн. Уулзалтын эхний өдөр Д.Трамп Ким Жон Уныг гайхамшигтай удирдагч хэмээн магтаж, энэ удаагийн уулзалтаар нэгдсэн шийдвэрт хүрч чадна гэсэн итгэлтэй байгаагаа илэрхийлж байв. Гэсэн ч, тэд дараагийн уулзалтын тов ч үгүй салцгаасан байдаг. Гагцхүү хоёр тал яриа хэлэлцээрээ үргэлжлүүлнэ гэдгээ л мэдэгдэж байлаа. 

Тэдний уулзалт бүтэлгүйтсэн нь Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээтэй холбоотой. Ким Жон Уны хувьд цөмийн байгууламжаа буулгахад бэлэн гэдгээ илэрхийлсэн бөгөөд хариуд нь тус улсын эсрэг авсан хоригоо цуцалж, аюулгүй байдлын баталгаа гаргахыг АНУ-ын талаас шаардсан. Харин АНУ эдийн засгийн хоригуудаа цуцлахгүй гэсэн байр суурьтай байсан юм. 

Харин гурав дахь уулзалт өнгөрөгч долдугаар Солонгосын хойгийн цэрэггүй бүсэд болсон билээ. Д.Трамп цэрэггүй бүсээр дамжин БНАСАУ-д хөл тавьсан анхны АНУ-ын төрийн тэргүүн болж, хоёр улсын удирдагчид найрсаг яриа хэлэлцээр хийсэн ч, мөн л дэлхий нийтийн хүссэн шиг үр дүнд хүрч чадаагүй. Саяхан Умард Солонгос зогсонги байдалд байгаа цөмийн зэвсгийн хэлэлцээг үргэлжлүүлэх эсэхийг шийдэхэд маш бага хугацаа үлдсэнийг АНУ-д сануулсан юм. Харин тэдний сануулгыг АНУ ойшоож үзээгүй тул Умардын тал хэлэлцээрт цэг тавихаар шийдвэрлэж, үүнийгээ НҮБ дэх төлөөлөгчөөрөө дамжуулан илэрхийлэв бололтой. 

Умард Солонгос хэлэлцээрийн үр дүнгээс хамаарч Пхеньян Вашингтонд ямар “Зул сарын бэлэг” илгээхээ шийднэ хэмээсэн бөгөөд эл мэдэгдлийг шинжээчид дахин алсын зайн пуужингийн туршилтаа эхлүүлэх гэж байж болзошгүй хэмээн таамаглаж байв. Түүнчлэн, Умард Солонгосын телевизийн төв сувгаар гарсан дээрх мэдэгдэлд тус улсын Гадаад хэргийн яамны дэд сайд Ри Тэ Сон Америкийн эрх баригчдыг Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийх яриа хэлэлцээрээ дотооддоо улс төрийн нэр хүндээ өсгөх хөшүүрэг болгон ашиглаж байна хэмээн буруутгасан удаатай.

Хойд Солонгосын тал БНСУ-тай яриа хэлэлцээр хийхээс татгалзах болсон ба өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгостой хиллэдэг далайн хилийн бүсэд цэргийн хээрийн сургуулилт явуулжээ. Хойд Солонгосын цэргийн хүч хилийн бүсэд ойртох явдалд Өмнөд Солонгосчууд маш анхаарал болгоомжтой хандаж байгаа аж. 2010 оны арваннэгдүгээр сард Хойд Солонгосын цэргүүд Өмнөд Солонгосын Ёнпёндү арлуудыг бөмбөгдсөний улмаас Өмнөд Солонгосын дөрвөн иргэн амиа алдаж, хоёр улсын харилцаа хурцадсан бөгөөд Өмнөд Солонгосчууд ийм явдал дахин давтагдахаас эмээж байгаа нь гарцаагүй юм. Хойд Солонгосын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдлээс гадна Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун мориор Хойд Солонгосын ариун дагшин Пекту ууланд гарсан тухай фото зураг нийтлэгдсэн нь мөн л улс төрийн болон үзэл суртлын утга учиртай болохыг мэргэжилтнүүд онцолжээ.