ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Сумъяабазар: Тавантолгой бүлэг ордыг 5.7 тэрбум ам.доллараар үнэлсэн

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-06-20

Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр Тавантолгой ордыг эргэлтэд оруулах, эрчимжүүлэх төслийг УИХ-д өргөн барьж яаралтай хэлэлцэхээр шийдвэрлэжээ. Энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл өгсөн бөгөөд  цөөн асуултад хариулт авлаа.

 -Тавантолгойн ордыг хөдөлгөх, эргэлтэд оруулахад хэрхэн ажиллаж байна вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-УИХ-ын 2010 оны тогтоолд Тавантолгой бүлэг ордыг эргэлтэд оруулахдаа “Эрдэнэс Тавантолгой” төслийн 50 хувийг нь  хувь нь аж ахуй нэгж, 20 хувь нь иргэд, 20 хувийг олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээлээс  хөрөнгө босгох чиглэлтэй гэж байгаа. Улс орны эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх. Дэлхийн нүүрсний хэрэглээ, чиг хандлага байгаа шүү дээ.  Цаашид Тавантолгой нүүрсний ордыг богино хугацаанд их хэмжээгээр экспортлохын тулд дэд бүтцийн асуудлуудыг тусгасан. Тухайлбал, төмөр зам, авто зам, эрчим хүч, усан хангамж, уурхайн ТЭЗҮ-г шинэчлэх, баяжуулах үйлдвэр зэрэг ажлуудыг хийхээр төсөлд тусгасан.  Цогц байдлаар энэ төслийг богино хугацаанд хэрэгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байгаа.

-УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө төслийг хэлэлцэж амжих уу?

-Үе үеийн Засгийн газар зохицуулалт, хувилбарууд гаргаж байсан. Өнгөрсөн хугацаанд улс төрийн шалтгаанаар төслүүд гацаж байсан нь үнэн. Ер нь дотоодын үл ойлголцлоос Тавантолгой ордууд хүндрэлтэй байдалд орж ирсэн. УИХ-д яаралтай хэлэлцүүлэхээр өгсөн болохоор ирэх долоо хоногт хэлэлцээд явна.

-Үнэлгээг яаж тогтоосон бэ. Нийт үнэлгээ хэд вэ?

- 2011 онд Тавантолгой бүлэг ордыг 5.7 тэрбум ам.доллараар үнэлсэн.  Нийт ордын нөөц 7.4 тонн байгаа.  Засгийн газрын шийдвэр УИХ-аар орсны дараа хөрөнгийн зах зээл дээр ажиллаж байгаа банкуудтай хамтран ажиллана.  Хөрөнгийн бирж, захуудаас санал авах, бидэнд ямар боломж олгох зэрэг саналууд яригдаж эхэлсэн. Эхний ээлжинд таван хөрөнгийн биржээс урьдчилсан саналууд ирсэн. Цаашид нүүрсний зах зээл хоёр жилийн хугацаанд тогтвортой байна  гэж харж байгаа учрас бид энэ цонх үеийг ашиглах ёстой.

-1072 хувьцаа амилах боломжтой юу?

-1072 ширхэг хувьцаа шууд эргэлтэд орно. Нэн тэргүүнд бид 30 хувиа дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр гаргана.