ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сонин соошлоос дор байх ёсгүй

А.ОДСҮРЭН
2019-12-11

 -Сонгуульд цахим орчинг цаасан сонингоос дээгүүрт тавьж байна- 

 

Өдөр тутмын сонины холбооноос өчигдөр мэдэгдэл гаргасан. Хэвлэл мэдээллийн бодит эх сурвалж болох сонины талаар улстөрчид, намууд сүүлийн үед үл тоох хандлага гаргаж байгаа учраас ийм мэдэгдэл гаргасан хэрэг. Монголын тогтмол хэвлэл, цаасан сонин 100 гаруй жилийн настай. Сонин бол түүх. Хүн төрөлхтний, Монголын нэгээхэн цаг үеийн үйл явдлыг цагаан цаасан дээр хараар бичиж үлдээдгээрээ сонин үнэ цэнтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Тийм байсаар ч ирсэн. Цаашдаа ч тийм байна. Цаасан сонинг цахим сүлжээ, мэдээллийн сайт, радио телевизтэй харьцуулахад мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлага нь илүү үнэ цэнтэй, бодитой, ёс зүйтэй бас хариуцлагатай байж чаддаг. Өнөөдөр Монголд “Монголын мэдээ”, “Зууны мэдээ”, “Өдрийн сонин”, “Өнөөдөр” гэхчлэн үйл ажиллагаагаа явуулаад арав, хорин жил болчихсон, ганц ч дугаар алгасалгүй уншигчдын хүртээл болдог найм, есхөн сонин гарч, тэдгээр редакцид 300-400 сэтгүүлч ажиллаж байна. Тэдний ард мянга мянган уншигч, захиалагчид бий. 

Сонины редакци, сонины сэтгүүлч хүн бичиж буй үг нь үнэн бодитой, тоо нь баримттай, эх сурвалжтай байхыг чухалчилдаг. Цаасан сонин уншигчдад илүү их итгэл үнэмшил төрүүлдэг шигээ шарласан хуудас нь түүх болон үлддэгээрээ онцлог. Нийгмийн сүлжээ, фэйсбүүк, твиттер гэхчлэн цахим орчин, радио телевиз, мэдээллийн сайтууд ямар нэгэн худал мэдээлэл, гүтгэлэг доромжлол, магтаалыг ямар ч хэлбэрээр олон нийтэд яаж ч түгээх боломжтой ч мэдээллийн үнэн бодит байдал нь эргэлзээ төрүүлэхүйц байх нь бий. Тэд мэдээллээ мөнгө төлөөд илүү олон хүнд хүргэж чадна, бас мөнгө төлсөн хэний ч мэдээллийг устгаж болно. Харин сонин утга найруулгын байтугай үг үсгийн алдаа гаргахгүйг хичээнэ, баримтгүй, эх сурвалжгүй мэдээлэл түгээх, хэн нэгнийг доромжлох гүтгэхээс татгалзаж чаддаг. Сүүлийн үед улстөрчид сонин, сонины редакцид итгэх итгэлгүй болж, цахим сүлжээ, телевизийн камерт өртөхийг чухалчилдаг болсон. Тиймдээ ч Сонгуулийн тухай хуульд сонгуулийн сурталчилгаанд радио телевизийг оруулж, сонинг орхигдуулсан.  Өнөөдөр юу хэлснээ маргааш нь мартдаг, булхай луйвар, залилан хийсэн бол тэр нь сонины хуудсанд мөнхрөн үдэгддэг болохоор аргагүй гэж буруутгамаар байна. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн “сонгуулийн сурталчилгаа” хэсгийн 40.2.6-д “радио телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах”  гэсэн байх бөгөөд энэ зүйлд сонин хэвлэлийн тухай заалт байхгүй байна. Харин мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.7-д “цахим орчин ашиглах” гэж оруулсан нь сонгуулийн үеэр нэр, хаяггүй олон мянган хуудас, аккаунт нээж, сонгогчдын тархийг угаахад зориулсан заалт болжээ гэхэд хилсдэхгүй. 

Сонгуульд нэр дэвшигчдийн болон намуудын мөрийн хөтөлбөрийг цахим орчинд яаж л бол яаж өөрчилж, эвлүүлж, мушгин гуйвуулж болно. Соёлт ертөнц цахим сүлжээний эргэлзээтэй, учир утгагүй мэдээллээс татгалзаж цаасан сонинг эрхэмлэж буй энэ цаг үед Монголын улстөрчид, Улсын Их хурал нь төдийлөн ойшоохгүй байгаа нь харамсалтай.  Өнгөрөгч 2016 оны сонгуулийн мэдээлэл, сурталчилгааны онцлог нь намууд болон нэр дэвшигчид цахим сүлжээг сонгуулийн сурталчилгааны гол хэрэгсэл болгосныхоо горыг одоо амсч байна. Хэн дуртай нь ямар ч хамаагүй нэр, зургаар хаяг нээж хэнийг ч юу ч гэж хэлж гүтгэж доромжилж болдог гэдгийг улстөрчид хангалттай мэдэрсэн. Гэвч ирэх оны сонгуульд цахим орчин ашиглаж болох тухай заалтыг хуульд оруулсан мөртлөө сонин хэвлэлийг гортигноос гадуур хаялаа. Яагаад вэ. Сонгуулийн үеэр хэвлэмэл сонинууд олон нийтэд мэдээлэх, танин мэдүүлэх, сурталчилгааны бодит индэр болох үүргээ биелүүлмээр байна. “Fake news”  буюу хуурамч мэдээ мэдээлэл, тролл буюу хуурамч сэтгэгдэл зэргийг ашиглаж сонгогчдын сэтгэл хөдлөл дээр тоглолт хийж эрх мэдэлд хүрдэг байдлыг эцэс болгомоор байна. Энэ үүргийг өдөр тутмын тодотголтой сонин хэвлэлийнхэн л нэр төртэй гүйцэтгэж чадна. Чадсаар ч ирсэн. Хэвлэлийн шарласан хуудаснаа түүх болон үлдэх мэдээ мэдээлэл, ярилцлага, нийтлэлүүдийг сонины редакци, сонины сэтгүүлчид л мэргэжлийн төвшинд бичдэг юм.  Хуурамч мэдээлэл цахим орчинд хэрхэн яаж, ямар хурдтай тархдаг билээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Дональд Трампын багийнхны тараасан хуурамч мэдээлэл 30 сая удаа шэйрлэгдсэн байдаг. Цахим орчны аюул нь ердөө л энэ.  Монголд 2.6 сая интернэт хэрэглэгч байгаа талаар судалгаа гарсан байдаг. Технологийн дэвшлийн эрин үед ялангуяа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа сонин хэвлэлүүд мэдээ мэдээллээ сайтар нягталж, үнэн зөв мэдээллийг олон нийтэд хүргэх нь хамгаас чухал гэдгийг мэргэжлийн редакциуд ойлгодог болсон. Уншигчид ч гадарладаг болсон.  Хүн ам цөөтэй, аман ярианд голдуу итгэдэг монголчуудын хувьд цахим мэдээлэл гэхээсээ илүү цаасан сонинд итгэдэг болсон цаг иржээ. Тиймээс хувь хүний цахим орчин, мэргэжлийн редакци бүхий цаасан сонин хоёрыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байна.