ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэргийг дахин задалж, Д.Сэржмядаг охиныг хайсаар байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-12-12

Өглөө бүхэн шинэ мэдээ, өдөр бүхэн дуулиан шуу­гиантай байдаг Монголын ард түмэн сэдвээс, сэд­вийн хооронд амьдарч бай­на. Хэдхэн өдрийн өм­нө Тариалан эрх­лэл­тийг дэм­жих сангаас зээл ав­сан, эрх мэдлээ да­вуу­лан ашигласан гэх эмэг­тэй гишүүдийн та­лаар шуугиж байсан бол өнөөдөр харин хүүх­дийн тэтгэмжээ өгөө­гүй эцэг, эх­чүүдийг шэйр­лэж, шүүм­жилц­гээж байх ажээ. Жилийн өмнө нийгмийн хам­гийн онцлох дуулиан болж байсан сэдэв, дуу­лиан­тай гэмт хэргүүд өд­гөө таг мартагдаж, харин хохирсон иргэд л амьдын тамд унан амьдарц­гааж буй. Цэцэг цэв­рүү шиг 13-хан настай охиныг зочид буудалд оруулж хүчир­хийл­сэн этгээ­дүү­дийг өдгөө мартацгааж эхэл­лээ. Дөрөвхөн нас­тай бяцхан хүүг зүй бу­саар тамлан зовоосон хойд эцгийг бас мартлаа. Загварын тайзнаа од болон гялалзаж байсан цэцэг шиг бүсгүйн хэрэг ч замхарч байх шиг. Энэ бүхний араас нийт нийгмээрээ анхаарсан хэвээр байдагсан бол ядахдаа л гэмт этгээдүүд зохих ёсоор ял шийтгэлээ хүлээдэг гэдгийг 13 настай охины хэрэг бидэнд харуулсан билээ. Хэргийг үйлдсэн хоёр этгээд өдгөө бүх насаараа хоригдох ял авч, Улсын дээд шүүх хүртэл давж заалдсан ч амжилт олсонгүй.

Чадалтай өмгөөлөгчдийн нэг Р.Булгамаа гэр бүлийнх нь хамтаар энэ хэргийг нэг өдөр ч олны хараанаас гаргаагүй юм. Тиймдээ ч хэрэг үнэн зөвөөр шийдэгдэж өдгөө гэмт этгээдүүд төмөр торны цаана зохих ялаа эдэлж байх ажээ. Яг энэ хэрэг шиг нийгмийн анхааралд байгаа хэрэг нэг бүрийг өдөр бүхэн сануулж, өглөө бүр анхаарч байхгүй л бол гэмт этгээдүүд ял завшиж, алдаа завхрал гарах вий хэмээн сэрэмжлэх нь зүйн хэрэг юм. Мөн өсвөр насны охид хүчирхийлэлд өртөх, эсвэл орой үдшийн цагаар ганцаараа явж байгаад танихгүй хүнд хүчиндүүлэх зэрэг айдас түгшүүртэй хэрэг гарсаар байгаа. Тиймээс Цагдаагийн байгууллагаас иргэдийг дор бүрнээ сэрэмжтэй байж, үр хүүхэддээ тавих хараа хяналтаа дээшлүүлж, мөн өвлийн цагт хүүхдээ ганцааранг нь малд явуулахгүй байхыг санууллаа. Осгож хөлдөх, төөрөх, мөн бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хол замд гарснаас төөрөх, улмаар амиа алдах хэрэг өвлийн улиралд ихэсдэг учраас иргэд дор бүрнээ сэрэмжтэй байх нь зүйн хэрэг юм. Тэгвэл өнгөрсөн хугацаанд олон нийтийн анхааралд байсан гэмт хэргүүд ямар шатандаа яваа, мөн хэргийг шалгах үйл явц үргэлжилж байгаа эсэхийг эргэн сануулъя. 

 

Алга болсон охидыг хайсан хэвээр байна 

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Д.Сэржмядаг охин ор сураггүй алга болсон юм. Хичээлдээ явахаар өглөө гэрээсээ гарсан бяцхан охин ор сураггүй алга болсноос хойш хоёр жил, 20 хоногийн хугацаа өнгөрсөн ч ямар нэг сураг гараагүй хэвээр байгаа. Түүний мэдээллийг төлбөртэй авна хэмээн зар тарааж, мөн хэрэгт холбогдуулан олон хүнийг шалгасан ч буруутай хүнийг олж чадаагүй юм. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Хэргийг хаагаагүй. Үргэлжлүүлэн шалгасан хэвээр байна. Ажлын хэсэг ажилласаар байгаа. Хэрэгт холбогдуулан маш олон хүнийг шалгасан. Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэг сураг ажиг гараагүй. Одоогоор хэрэгт холбогдуулан цагдан хорьсон, саатуулж шалгасан хүн байхгүй” гэв.

Мөн Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд мөн л өнгөрөгч онд 13 настай охин хонио хариулж яваад ор сураггүй алга болсон. Тэгвэл энэ хэрэг ямар шатандаа яваа талаар Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын албан эх сурвалжаас тодруулахад “Хэргийг шалгасан хэвээр байгаа. Тодорхой мэдээлэл алга” гэв. Харин дэд хурандаа Б.Баатархүү “Охины талаар одоогоор нарийн мэдээлэл алга. Гэхдээ охин хонио хариулж явахдаа голын усанд унасан байж магадгүй гэсэн таамаг байгаа юм билээ. Үргэлжлүүлэн шалгаж байгаа” гэв. Харин нутгийн иргэдийн хэлж буйгаар охины алга болсон гэх “Товгын уул” орчимд хүн унаж урсахаар гол байхгүй бөгөөд 8-9 км орчим явж байгаад нэг гол байдаг. Тэгэхээр тийм хол газар явж хонио хариулах боломжгүй хэмээн ярьцгааж байлаа. Үүнээс гадна Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд энэ оны дөрөвдүгээр сард Б.Ундармаа гэх охин алга болсон. Мөн л олдоогүй хэвээр байгаа. Охиныг эрэн хайх ажлын хэсэг өнөө хэр ажилласаар байгаа бөгөөд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын 7036101 утсаар мэдээлэл хүлээн авч байгаа аж. 

 

Хүчирхийлэлд өртсөн охидод сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг үү 

Бага насны охидыг хүчир­хийл­сэн, биеэ хамгаалах чадваргүйг нь мэдсэн атлаа зүй бусаар бэлгийн дур хүслээ хангасан гэмт хэрэгт 2019 онд нэлээд олон бүртгэгдсэн байдаг. Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс тавдугаар сарын 09-ний өдрийн хугацаанд Сүхбаатар дүүрэгт иргэн Т нь 10 настай ач охиноо удаа дараа хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарч байлаа. Тэгвэл сэжигтэн этгээдэд холбогдох шүүх хурал өнгөрөгч наймдугаар сард болж, 12 жилийн хорих ял оноожээ. Ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх бөгөөд харин хохирогчийг түр хамгаалах байранд авсан юм. Мөн Завхан аймгийн Тосонцэнгэл суманд мөн л малын бэлчээрт бага насны охин хүчиндсэн М гэгч этгээдэд холбогдох шүүх хурал энэ оны зургадугаар сарын 03-ны өдөр болж, 13 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр болсон. Мөн л тус сумын иргэн М гэгч нь өөрийнхөө 12 настай охиныг хүчирхийлсэн хэргийг шүүх хурал болж, удаа дараа бэлгийн харьцаанд орж, төрсөн охиноо хүчирхийлсэн гаж донтон этгээдийг бүх насаар нь хорихоор шийдвэр гаргасан билээ.

Түүнчлэн, энэ оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхэд өөрийн ач охин болох есөн настай охиныг дөрвөн жилийн турш хүчирхийлж байсан Р гэгч этгээдийн давж заалдах шатны шүүх хурал болсон юм. Улмаар, бага насны хүүхдийг хүчирхийлсэн гаж донтон этгээдэд оноосон 12 жилийн хорих ялыг хэвээр үлдээжээ. Үүнээс гадна Багануур дүүрэгт өнгөрөгч нэгдүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 13 настай дагавар охиноо хүчиндсэн хойд эцгийг баривчилж, түүнд 12 жилийн хорих ял оноогоод байгаа. Эдгээр хэргүүд ихэвчлэн согтуугаар эсвэл гэр бүлийн хүрээнд гарсан учраас охиддоо тавих хараа хяналтаа сайжруулах, хойд эцэг, өвөө, эсвэл тэр ч байтугай төрсөн эцэг, ахтай нь хамт үлдээх эсэхээ ч сайтар бодох цаг болсныг энэ хэргүүд харуулж байгаа юм. Түүнчлэн, эдгээр охидыг төрийн хамгаалалтад авсан эсэх, сэтгэлзүйн зөвлөгөө үзүүлсэн үү гэдэг нь өнөө хэр тодорхойгүй бөгөөд аймаг орон нутгийн цагдаагийн байгууллага, шүүх, прокурорын байгууллага энэ мэт хэргийн талаар мэдээлэл өгөхдөө хойрго хандаж байх аж. 

 

Талийгаач Ч.Чамин-Эрдэний ээж дахин мэдүүлэг өгнө 

Өсч яваа чадварлаг загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ өнгөрөгч оны аравдугаар сарын 24-ны өдөр өндрөөс унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарч байлаа. Талийгаачийн үхлийн талаар өнгөрсөн хугацаанд олон янзын таамаг өрнөж, олон ч хүнийг шалгасан билээ. Хэрэг гарснаас хойш жил гаруйн хугацаа өнгөрчихөөд байхад гэм буруутай этгээд олдоогүй. Тэгвэл энэ хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж буй Р.Булгамаа өмгөөлөгчөөс хэргийн талаар тодруулахад “Хэрэг хаагдаагүй. Гурван ч удаа хэргийг хаах санал гарсан. Гэсэн ч миний зүгээс болон гэр бүлийнхэн нь Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргаснаар хэргийг дахин задалж, мөрдөн байцаагч томилсон” гэлээ. Хэргийг өдгөө Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст н.Энхмөнх гэх байцаагч хариуцан шалгаж байгаа бөгөөд талийгаачийн ээжийг өмгөөлөгчтэй нь хамт дуудаж дахин мэдүүлэг авах бололтой. Энэ долоо хоногт эсвэл ирэх долоо хоногт талийгаачийн ээж мэдүүлэг өгөх бөгөөд биеийн байдлаас үүдэн хойшилж магадгүй аж. Үүнээс гадна УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарийн хэрэг мөн л олны анхааралд байсан. Хүчээр хар тамхи татуулж, хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдуулан маш олон хүнийг шалгасан ч буруутай этгээдийг олоогүй. Тэгвэл энэ хэрэг эцэслэн шийдэгдсэн зүйл байхгүй бөгөөд олон хүнийг шалгасан ч тогтоогдож өгөхгүй байгаа аж. 

 

Долоон хүний амийг авч одсон автын ослыг прокурорт буцаав 

Одоогоос гурван жилийн өмнө Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэр, “Эмээлт” орчимд зам тээврийн ноцтой осол гарч, нэг гэр бүлийн долоон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарч байлаа. Гэвч энэ хэргийг Төв аймгийн шүүхэд шалгахдаа гурван удаа хэргийг хаасан талаар талийгаачдын нэгнийх нь ээж “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо ярьсан юм. Тэгвэл өнгөрөгч арваннэгдүгээр сарын 21-ний өдөр энэ хэрэгт холбогдох шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв. Шүүх бүрэлдэхүүн тус хэрэг дээр зургаан удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан учраас дүгнэлтүүдийг нэгтгэх, гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байгаа тул гэрчүүдийг нүүрэлдүүлэн байцаах шаардлагатай гэж үзэн Прокурорт буцаажээ.  Шүүгдэгч Ө.Цэцэгшагдарыг 2-8 жилийн хорих ялаар шийтгэх зүйл ангиар буруутгаж байгаа билээ. Энэ хэрэгт мөн л өмгөөлөгч Р.Булгамаа ажилласан.

Үүнээс гадна Хэнтий аймагт өнчин хоцорсон охид “Хойд эцэг нь ээжийг нь зодож амь насанд нь халдсан ч 450 мянган төгрөгийн торгууль төлөн ялаас мултарсан” хэмээн олон нийтээс тусламж гуйсан хэргийг эргэн сануулъя. Талийгаачийн том охин нь жүжигчин н.Навчаад хандсан бөгөөд улмаар өмгөөлөгч Р.Булгамаатай охиныг холбож өгснөөр хоёр ч удаа хэрэгсэхгүй болгож байсан хэргийг сэргээн шалгаж эхэлсэн юм. Улмаар, арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Хэнтий аймгийн Сум дундын шүүхэд энэ хэргийн шүүх хурал болж, эхнэрээ удаа дараа зодож, амиа алдахад хүргэсэн хүчирхийлэгч хойд эцэгт 16 жилийн хорих ял оноожээ. Үүнээс гадна дөрвөн настай хүүг ээжийг нь эзгүй гурван хоногт орондоо шээлээ хэмээн зодож байсан Б.Тодзаяа гэгч нь өөрт нь оноосон 10 жилийн хорих ялыг эсэргүүцэж, Улсын дээд шүүхэд хандсан. Тэгвэл өнгөрөгч аравдугаар сард Улсын дээд шүүх энэ асуудлаар хуралдаж, анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээжээ. Хөвгүүд одоо ээж, эмээтэйгээ хамт амьдарч байна.