ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Эрдэнэбат: Би одоогоор хандиваа өгөөгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-12-12

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатаас цөөн асуултад хариулт авлаа.

-Сонгуулийн  хуулийн ажлын хэсэг хуралдлаа. Ямар нэгэн шийдэлд хүрсэн үү. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Сонгуулийн хуулийн ажлын хэсэг өнөөдөр /өчигдөр/ хуралдаад нам, эвсэл бүлгүүдийн саналыг эцсийн байдлаар авсан. Манай намаас сонгуулийн хуультай холбогдуулан 18 санал оруулж байгаа. Мөн сонгуулийн тогтолцооны асуудлыг хүртэл оруулсан. Гэхдээ үүнийг тусад нь ярих ёстой. Эрх баригч намынхан эхлээд гаж тогтолцоо оруулж ирснээ засаж, залруулах ёстой. Ийм байж болохгүй.

-Тэгэхээр хуралдаанаар тогтолцоо­ны асуудлыг яриагүй гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Эхний ээлжинд тогтолцоогоо түр хойш тавиад процессын асуудлуудыг яръя гэж шийдсэн. Нөгөөтэйгүүр, давхар эрүүгийн хариуцлага яриад байна. Үүнийг Үндсэн хуульд юу гэж заасан түүгээр зохицуулаад явна. Харин процессын хувьд хүндрэл маш их гардаг. Тухайлбал, шилжилт хөдөлгөөн болон  намаас нам руу дамжиж гүйдэг байдал их байдаг. Мөн хэвлэл мэдээллийн сурталчилгаанд юу, юуг оруулах, цахим орчныг хязгаарлах нь зөв,  буруу,  сонгуулийн хоногийн тухай асуудлууд байна.

-Сонгуулийг дагасан маш их маргаан гардаг. Намаар талцах байдал их. Тэр дундаа орон нутагт ийм байдал газар авсан байдаг. Үүнийг хуулиар хязгаарлах уу?

-Сонгууль болно гэхээсээ илүүтэй хэрүүл маргаан их гардаг нь үнэн. Түүгээр ч зогсохгүй сонгогчдыг талцуулж, хуваадаг. Мөн нэр дэвшигчдийн нэр хүндэд бүдүүлгээр халддаг, гүтгэдэг, харлуулдаг. Үүнд цагдаа, шүүх, хуулийн байгууллагууд талцаж дундуур нь орж ирдэг. Ийм зүйлийг аль болох бага байлгах ёстой гэдгийг өнөөдөр /өчигдөр/ хэлэлцлээ. Түүнчлэн  ажлын дэд хэсэг энэ долоо хоногт ажиллах үүрэг авсан. АН Сонгуулийн хуулийн процессын заалтуудад сонгогчдын болон нэр дэвшигчдийн эрх ашгийг зөрчихгүй байх заалтуудыг зөв оруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Бид олон сонгууль дамжсан. Тиймээс гарсан алдаа бүрээсээ сургамж авах шаардлагатай.  

-Сонгуулийн сурталчилгааны хугацааг сунгах ёстой гэсэн байр суурийг та илэрхийлж байсан. Хуулийн төсөлд хугацааг ямар байлгахаар тусгасан бэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Одоогийн хуулийн төсөлд 21 хоног гэж заасан байгаа. Бид нэр дэвшигчдийг таниулах үүднээс сурталчилгааны хугацааг нэмэх ёстой гэж үзэж байгаа. Ялангуяа тойрог томсоод эхэлбэл,  21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт 30 гаруй хоногийн хугацаа хэрэгтэй. Тиймээс хугацааг нэмэх ёстой гэсэн саналыг оруулсан. Хүлээж авах үгүйг нь мэдэхгүй.

-Сурталчилгааны хугацаа хэт богино байх нь олон сонгогдсон улстөрчдөд давуу тал болдог. Анх удаа нэр дэвшиж байгаа хүмүүст өөрийгөө таниулах хугацаа бараг байдаггүй шүү дээ?

-Санал нэг байна. Сонгуулийн сурталчилгааны хугацаа жаахан тавиу байх нь зүгээр шүү дээ. Тэр дундаа шинээр нэр дэвшиж байгаа хүмүүст боломж олгох ёстой. Тухайлбал, олон сонгогдсон гишүүд, анх удаа нэр дэвшиж байгаа хүнтэй  нэг тойрогт өрсөлдвөл мэдээж илт давуугаар ялалт байгуулах нь тодорхой. Бусдад давуу байдлыг нь олгох ёстой. Өөрсдийнхөө эрх ашгийг дан ганц бодож болохгүй.

-Танай нам хандиваа өгсөн үү. Энэ сарын 15-ны дотор өгөх ёстой шүү дээ?

-Энэ сарын 15-ны дотор  гэсэн. Харъя, ямархуу байдалтай байх нь уу. Би одоогоор хандиваа өгөөгүй. Үйл явц нь яаж өрнөх вэ гэдгийг харж байгаад болох байх.