ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Амгаланбаатар 500 сая төгрөгөөс болж хүн гүтгэснээ хүлээжээ

O.Admin
2019-12-12

Төр, нийгмийн нэрт зүтгэлтсэн С.Зориг агсны амь насанд халдсан гэх хэргээр шүүхээс 25 жилийн ял авч, өдгөө дөрөвдэх жилдээ хоригдож буй Т.Чимгээгийн гэм буруугүйг тогтоож, суллах тухай ярьсан ч өнөө хүртэл шийдэгдээгүй. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Хуульзүйн сайд Ц.Нямдорж нар олон удаа мэдээлэл хийсэн ч хуулийн байгууллага суллахаас татгалзсан хэвээр байгаа юм.

Тэгвэл өнөөдөр Улсын Ерөнхий прокурорт Т.Чимгээгийн ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь хүсэлт гаргаж, асуудлыг аль болох хурдан шийдэж өгөхийг хүслээ. Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг энэ талаар ярихдаа “Бидний өргөдлийг хянаж байгаа. Ямар нэг байдлаар энэ асуудлыг шийдэж өгнө. Хуулиар зохицуулсан хугацаа байгаа. Тэр хугацаанд асуудлыг шийднэ гэж байна. Тэгэхээр асуудлыг нааштай шийдэх болов уу гэж үзлээ. Эрүүдэн шүүсэн гэх асуудлыг бүх өмгөөлөгч нар тавьсан. Гүйцэтгэх шугамаар авсан баримтаар нотлогдсон. Тиймээс өмгөөлөгч нарын зүгээс тагнуулын шугамаар авсан гэх баримтыг үзэх хүсэлт тавьсан ч нууц гээд үзүүлээгүй. Гэсэн ч гурван шатны шүүхийн шийдвэрийн дараа тухайн бичлэг нь ил болсон.

Ц.Амгаланбаатар 500 сая төгрөг өгнө гэсэн учраас гүтгэсэн гэдгээ мэдэгдсэн. Холбогдох газруудад ч гэрчээр мэдүүлэг өгсөн. Шинээр илэрсэн нөхцөл байдлаар дүгнэлт гаргах хүсэлтээ тавьсан. Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид баярлалаа гэдгээ хэлье. Өөрийнх нь нэр төрд янз бүрээр халдаж байгаа ч зориг гаргаж ажилласан. Хуульзүйн салбарыг удирдаж буй хүнийхээ хувьд анхнаасаа будлиан шуугиантай явчихлаа, амьд гэрчийг оролцуулалгүй шийдлээ гэж анхаарч эхэлсэн.

Жирийн ард иргэдийн хүүхэд хохирсон асуудлыг хөндөж тавьснаар олон гэр бүл сүйрэхээс хамгаалж чадсан” гэлээ. Түүний үйлчлүүлэгч Т.Чимгээ маш их дарамт шахалт дунд байсныг онцолсон бөгөөд Улаанбаатар хотод хэрэг гарсан байхад Төв аймагт хорьж, дарамт үзүүлсэн гэлээ. УЕП-ын удирдлагын зүгээс хуулийн хугацаанд хэргийг судалж, нягталж байгаад хариугаа өгнө гэж мэдэгджээ.