ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Номтойбаяр: Намайг түдгэлзүүлэх бичгээ өргөн барь

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-12-12

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ХЭДС-гаас зээл огосон асуудал болон талийгаач Г.Батхүү агсны хэрэгтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хэвлэлийн хурад хийх 2 шалтгаан байна. ХЭДС-гаас зээл авсан гэх асуудалд эхлээд тайлбар өгье. Мөн талийгаач Г.Батхүү агсантай холбоотой асуудлаар мэдээлэл өгнө. АТГ-аас намайг яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан.

Тогтоолтой танилцаад би зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн байгаа. Намайг яллагдагчаар татах болсон дөрвөн үндэслэл байгаа юм билээ. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын “нэг төсөлд таван сая хүртэлх төгрөг” гэснийг зөрчсөн гэсэн байна. Энэ журам нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үел баталсан журам. Гэтэл энд үндэслэл болгосон заалт нь орон нутгийн төсөл хөтөлбөрт огт хамааралгүй юм.

Буруу хууль, буруу зүйл заалтыг хольж хутгаж тогтоол гаргасан байна.  Яллагдагчаар татсан үндэслэл ор үндэсгүй худлаа байна. Хоёр дахь үндэслэл нь энэ төсөл хөтөлбөрүүдийг эргэн төлүүлэхгүйгээр улсад хохирол учруулсан гэж байна. Орон нутагт ажиллаж байхад иргэд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж , дэмжиж өгөөч гэсэн хүсэлт хэдэн мянгаар ирүүлдэг. АТГ яаж ажиллаж байгаа юм бэ. УИХ-аас томилогдохдоо шударга ажиллана гэж томилогддог. Гэтэл кино зохиол шиг юм бичээд байна. Тангараг өргөсөн хүмүүс ийм зүйл хийж, нэр төрд халдаж байгаад харамсаж байна. АТГ-ын удирдлагуудтай уулзах гэж 4 өдөр хүлээлээ. Үүнд үндэслээд УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх санал боловсруулаад явж байна. Гэнэт нэг орой утасдаад таныг яллагдагчаар татлаа ирж уулз гэсэн. Ингээд даваа гарагт очсон.

Намайг яллагдагчаар татсан үнэн ч Г.Батхүү агсны хэрэгтэй холбоотойгоор яллагдагчаар татаагүй. Тавдугаар сараас хойш 21 мэдээллийн хэрэгслээр 400-500 удаа над руу дайрсан. Энэ хүнийг нас барсантай холбоотойгоор хэвлэлээр л намайг гүтгэж доромжлоод байгаа болохоос биш хууль, хяналтын байгууллага намайг шалгасан зүйл байхгүй. Ер нь энэ хэрэгтэй холбоотойгоор хэн нэгнийг шалгасан зүйл байхгүй. Харин би гурван удаа гэрчийн мэдүүлэг өгсөн. Хэрэг гарах үед би гурван давхрын нэг гишүүний өрөөнд байсныг гэрчлэх хүмүүс бий. Гэрчийн мэдүүлэг гурван удаа өгөхдөө эхний хоёрт худал мэдүүлэг өгсөн гэж буруутгаж байгаа  юм. Ямар асуудалд худал гээд байгаа гэсэн гэхээр манай өрөөнд архи уусан байхад уугаагүй гэсэн гэж байгаа. Дахиад хэлэхэд манай өрөөнд архи уугаагүй. Би хүний амыг үнэрлэлтэй биш. Мэдэх боломжгүй. Энэ мэдээллийг би биш хууль хяналтын байгууллагынхан хийж байх ёстой. Санаатайгаар чимээгүй байгаад байгаа юм шиг байна.

Шүүх шинжилгээний дүгнэлтээр тархины цус харвалт гэж тогтоогдсон. Бүх зүйл нь тогтоогдсон байхад намайг гүтгэж доромжлоод байгаа учраас аргаа бараад би мэдээлэл хийж байна. Адал явдалтай кино үзэж байгаа юм шиг над руу дайрсан. Одоо үүндээ цэг тавь. Дахиж би энэ асуудлаар ямар ч хариулт өгөхгүй. Анх орж ирлээ гэж би архи задалсан хэдий тэрийг уугаагүй. Би Г.Батхүү агсантай амьдралдаа уулзаж байгаагүй. Би худлаа яриагүй учраас яллагдагчаар татсан асуудлыг хүлээж аваагүй. Би дуудсан цаг үед нь очсон. Худал мэдүүлэг өгсөн гээд байгаа асуудалд би очоод мэдүүлэг өгсөн. Миний зүгээс энэ асуудалтай холбоотой мэдээлэл хийгээч гэж гурван удаа албан бичиг явуулсан ч нэг ч удаа хариулт өгөөгүй.  Би ямар ч юман дээр шалгуулахад бэлэн. Айж зугтаагаад байх хүн би биш. Би шүүх шинжилгээний хоёр дүгнэлттэй хоёулантай нь танилцсан. 

Цагдаагийн нэр бүхий хурандаа цолтой хүн орон байрны хулгайчтай нийлээд намайг гүтгэсэн асуудал байдаг. Надруу барьж дайрсан хутгыг хурааж аваад намайг болгоод гүтгэсэн. Миний зан араншингийн онцлогоос болж над руу дандаа ийм хөгийн зүйлүүдийг наадаг. ХЭДС-тай холбоотой асуудлыг ЖДҮ шиг болгоод байна. Чуулган эхэлсний дараахан нэг гишүүн өнөөдөр болж байгаа процессыг мэдэж байгаа юм шиг гишүүдэд ярьсан байгаа юм. Согтуудаа. Тэр хүний согтуудаа ярьсан яриа өнөөдөр яг биелээд байгаа нь сонирхол татаж байгаа юм. Би шалгана гэсэн үед шалгуулаад л явж байгаа. Үнэхээр намайг энэ асуудалд буруутгаад нотлох баримт цуглуулж байгаа бол намайг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх бичгээ УИХ-д өргөн барь. Надад улс төрөөс өөр амьдралын гарц гаргалгаа байгаа. та нар мэдэж байгаа биз дээ” хэмээн мэдээллээ.