ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Нинж: Хоёр Элбэгдорж, нэрээ хувиргасан МАН, МАХН хоёроос болж, Монгол Улс мөхөж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-12-13

- Э.Бат-Үүл хэний ч зөвшөөрөлгүй очоод Улсын бага хурлыг хүлээн зөвшөөрсөн-

 МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлийн анхны 13 гишүүний нэг Д.Нинжийг энэ удаагийн “Ярилцах танхим” буланд урьж ярилцлаа.

-Та бүхний эхлүүлсэн үйл хэрэг 30 настайгаа золгох гэж байна. Хүнээр бол хэдийнэ нийгэмд хөлөө олж, биеэ даажээ. Харин та үүнийг хэрхэн харж байна вэ гэдгээс ярилцлагаа эхлэх үү?

-30 жил гэдэг бол бага хугацаа биш. Бид 30 жил улс орон хаана, яаж яваа талаар дүгнэж, цэгнэлгүй  өдий хүрлээ. Одоо бол бүх нийтээрээ солиороод явахаа болих хэрэгтэй.

-Сэтгэл дундуур яваагийн илрэл  гэж ойлгож болох уу?

-1990 онд анх бидний байгуулж байсан хүсэл мөрөөдөл, үйл хэрэг, дэг биш. Түүнээс шал өөр зүйлийг байгуулсан. Өөрөөр хэлбэл, нэрийг нь бариад шал өөр зүйлийг байгуулсан гэж ойлгох хэрэгтэй. Үүнийг ард түмэн мэдэж байгаа. Сүүлийн 15 жил монголчууд нэгнээ хэмлээд, муулаад, хардаад, сэрдээд дууслаа. Тэгээд юу хожсон юм бэ. Монгол Улсад ямар хөгжил авчирсан юм бэ. Үүнийгээ дүгнэх, цэгнэх цаг нь иржээ. Хамгийн чухал нь нийгмийн сэтгэлгээг өөрчлөх цаг болсон байна.

-Нэрийг нь барьсан гэлээ. Та бүхний бүтээсэн эрх чөлөөт буюу ардчилсан тогтолцоот нийгэм  биш юм уу. Хэрвээ үгүй юм бол ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ?

-Бид хоорондоо үзэлцэж, яаж салж, сарниж  болдгийг  олон нийтэд 30 жил үлгэрлэн харууллаа. Одоо түмнээрээ эвлэлдэн нэгдэж,  улсаа яаж ийм байдлаас гаргах вэ гэдгээ шийдэх чухал цаг үе бидэнд тулгараад байна. Шуудхан хэлэхэд, Монгол Улсын түүхэнд 1911 оноос хойш хоёрхон удаа бүрэн биеэ даах бололцоо нөхцөл бүрдсэн юм. Тухайлбал, яагаад монгол хүн ядуу амьдраад байгаа юм бэ. Яагаад Монголын бараа бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд үнэгүйдэж байдаг юм бэ. Энэ талаар бодож үзсэн хүн бий юу. Тэгэхээр 1911 оны хувьсгал Манжийн дарлалаас гараад хамгийн түрүүнд хийх ёстой ажил нь тогтсон мөлжлөгийн системийг халах байсан. 1911 оны үндэсний  эрх чөлөөний хувьсгал зөвхөн үүнд л зориулагдсан. Харамсалтай нь дуусгаж амжилгүй дундаас нь 1990 оных шиг хөндлөнгийн хүчин зүйл орж ирсэн. Энэ бүхнийг хийлгэлгүйгээр Шандуун Бадамдорж  гэдэг малаа хариулж явсан 70 настай өвгөнийг Ерөнхий сайдаар томилоод 1911 оны тусгаар тогтнол,  хувьсгалын зорилтыг үгүй хийсэн. Энэ том нүглийг өнөөгийн засаг барьж байгаа МАН үйлдсэн.

-Энэ талаар  арай өөрөөр тайлбарлаад байдаг шүү дээ?

-Монгол Улсад хоёр Элбэгдорж гай болж байна. Нэг нь Ренчино Элбэгдорж шүү дээ. Тусгаар тогтнолоо олохын гол утга учир нь эдийн засаг байдаг. Эдийн засгийн дарлалын системийн бодлогоо халах гэж байхад нь урдуур орж, комментаринд өгөөд, Манжийн дарлалын үеийн мөлжлөгийн системийг шилжүүлсэн юм. Түүнээс хойш 70 жил энэ  дарлалын системээр явж ирсэн шүү дээ. Монгол хүн цалин авдаггүй, Монгол Улс хөгждөггүй шалтгаан ердөө энэ. Хамгийн их баялагтай хэрнээ хөгжихгүй байгаагийн үндсэн шалтгаан энэ юм. Үүнийг бид олж хараад 1990 онд олдсон боломжоо зөв ашиглая гэж  шийдсэн. Тухайн үед ардчилал гэж дуугарахаас өөр арга байхгүй байсан.

-Тухайн үед ардчиллаас өөр сонголт байгаагүй гэдэг. Үүнтэй холбоотой юм уу?

-Миний бие ардчиллын үнэт зүйлийн  баримт бичгийг боловсруулаад, анх санаачилсан. Тухайн үед үндэсний тусгаар тогтнолын хувьсгал гэж хэлж болохгүй байсан. Яагаад гэхээр, нэгдүгээрт социализмын системээр хүмүүжсэн ард түмэн ойлгохгүй. Хоёр­дугаарт, Улаанбаатарыг тойроод Зөвлөлтийн зэвсэглэсэн 50 мянган цэрэг, Монголын нийт нутаг дэвсгэрт гадны 500 мянган цэргийн хүч байрлаж байсан. Тэр үед би үндэсний тусгаар тогтнолын хувьсгал гэж дуугарсан бол ард түмнийг зэвсгийн хүчээр шууд “нулина” биз дээ. Тиймээс үндэсний тусгаар тогтнолын  хувьсгалыг  хүний эрхийн өдөр ардчилал гэдэг үгээр сольж, бичсэн. Үүнийг ард түмэн болон сэхээтнүүд маань ойлгох байх гэж бодсон. Үнэхээр ойлгосон. Түүгээр ч зогсохгүй дэмжсэн. Тэгэхээр 1990 оны хувьсгалыг хэн нэгэн өмчлөөд байх учиргүй. Ер нь дэлхийд ардчилсан хувьсгал байдаггүй гэдгийг хүн бүр хэлж байгаа. Үүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин  ч хэлсэн. Мөн  улс төрийн шинжлэх ухаанд ч энэ талаар маш тодорхой бичсэн байдаг. Олон нийтийн дийлэнхийн эрх ашгийг хамгаалсан хувьсгал бол ардчилсан шинжтэй байдаг. Түүхэн эрх ашгийг хамгаалаад ирэхээр ардчилсан бус болдог.

-Харин Монголынх...?

-1990 онд болсон үйл явдлыг нийтэд нь хавтгайруулж, 30 жил энэ тэр гээд ой тэмдэглээд явж байгаа нь үнэхээр инээдэмтэй. Монголд ардчилсан хувьсгал явагдаагүй юм. Эхлэл нь тэр баярлаад яваад байдаг өдөр мөн. Гэхдээ 1989 оны арванхоёрдугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө бид суугаад “Монголын ардчилсан холбоо”-г анх байгуулсан. Энэ талаар сүүлийн үед түүхэн баримтууд их гарч ирж байна. Тухайлбал, МАХН-ыг одоогийн /МАН/ авч үлдэх зорилготойгоор ОХУ-ын коммунист намын Праг хотод хийсэн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын дагуу үүрэг өгчээ. Үүнийх нь дагуу 1989 оны гуравдугаар сараас хойш хэсэг хүмүүс “Монголын  ардчилсан холбоо” гэдэг зүйлийг байгуулах гээд гүйгээд явсан. Миний дэргэд бүх процесс явагдаж байсан. Арванхоёрдугаар сард би хийсэн зүйл нь нэлээд явсан  байх. Бараг биеллээ олсон байх гээд яваад орсон чинь нэр нь ч, зорилго  ч байгаагүй. Тухайн үед нөхцөл байдлыг түргэсгэх шаардлага гарсан. Бид Монгол Улсаа ардчиллын нэрийн дор  үндэсний эрх чөлөөний хувьсгалын хүрээнд юу хийх гэсэн юм бэ гэхээр  мөлжлөгийн системийг халж байна гэдгээ албан ёсоор зарлах гэж байсан юм. Тэгж  байж иргэд үнэд орно. Дэлхийд тоогдоно. Өнөөдөр дээрэмдүүлээд явж байгаа нь мөлжлөгийн систем тогтсонтой холбоотой.Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэр, “Оюутолгой” –г нэрлэж болно.

-“Оюутолгой”-н орд, “Эрдэнэт” үйлдвэр ч луйврын замаар орсон байх. Мэддэг нь толгой сэгсрээд үг дуугарахгүй байна шүү дээ?

-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн асуудлаар эдийн засгийн ухааны доктор П.Нэргүй гуайтай хамтарч судалж үзсэн. Энэ талаар их сонин зүйл гарч ирсэн. Тэр уурхайн баялаг зуун хувь Монголынх мөн. Энэ баялгийн эзэн мөн гэдгээ зарлаагүй учраас  “Эрдэнэт” үйлдвэрийн 95 хувийг хулгайлжээ. Зөвхөн таван хувьд нь 51, 49 гэсэн зүйл яригддаг юм билээ. Ийм байхад Монгол Улс өндийх үү. Оюутолгой ч ялгаагүй. Үүнийг хийдэг технологи нь ч маш амархан. Зөвхөн нөөцийн бодит хэмжээг  албаар багасгаж, гэрээ байгуулна. 95 хувийн 80-иадыг ингэж идэж байна. Дараа нь ханшны зохиомол зөрүүг гаргаж, ирээд баялгийг үнэгүйдүүлж байна. Мөн зээл олгох зарчмаар Монголыг залгиж байна. Тэд Монголын баялгаас олсон ашгаа хэд дахин нугалаад зээл олгож байгаа юм. Тэр нь тухайн улс юм уу, компанийн мөнгө биш. ОХУ-ын 10 тэрбум рублийн зохиомол өр гэдэг чинь ердөө энэ. Гадныханд баялгаа өгчихөөд, эргээд өөрсдөө ядуурдаг, өрөнд ордог байдал газар авч байна. Энэ нь баялгаа зуун хувь Монголынх гэдгээ зарлаагүйгээс болж, залилуулсан.  

-Үүнийг  зарлах зориггүй байсан юм уу эсвэл гадны нөлөөтэй байсан учраас асуудлыг чимээгүй өнгөрөөсөн болов уу?

-Бодоо, Данзан эд нар яг үүнийг хийх гэж байсан юм. Тухайн үед намын бодлогоор янз бүрийн шошго наагаад, буудчихсан. 1990 онд бид мөн адил үүнийг хийх гэж байсан. 1990 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр Монголын ардчилсан холбооны анхдугаар Их хурлаар бодлогоо зарлах байсан. Даанч урвалтаас болоод чадаагүй. Ололттой нэг зүйл нь аз болоход  1990 оны хувьсгалыг гаднаас санхүүжүүлээгүй. Тухайн үеийн ажилчин ангид бидний дэвшүүлсэн үзэл санаа нийцсэн. Тэд өөрсдөө  цалинжуулсан учраас хувьсгалыг хийсэн юм. Харин би энэ сарын 9-ний өдөр болсон АН-аас хийсэн үйл ажиллагааг эсэргүүцсэн. Ямар ч хамааралгүй хүмүүст гавьяат цол олгосон байна лээ. Үнэхээр тэгж шагнал, цол олгох гээд байгаа юм бол Сүхбаатарын талбайг 1990 онд дүүргэж байсан бүх хүнд штанб дараад олгох хэрэгтэй байсан юм.

-Та үүнийг хараад харамсаж байв уу?

-Ард түмний байгуулсан гавьяа болохоос нэр барьсан хулгайчдын асуудал биш. 1990 оны гуравдугаар сарын 6,7,8,9-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд бид өлсгөлөн зарлаад суусан. Түүний гол  зорилго нь МАХН /МАН/-ыг Монгол Улсын хөрснөөс арчиж хаях байсан. Энэ арчилтыг хийгээгүйгээс өнөөдрийн бүх гай үүдэлтэй. Дараа Ардын түр хурлаа байгуулъя. МоАХ-ны хяналт дор  олон намын системийн асуудлаа яръя. Цаашлаад сонгуулийн асуудлаа ярих байсан. Мөн Монгол Улсын үндэсний эрх чөлөөний хувьсгалын дагуу ямар Үндсэн хуультай байхаа ардын түр хурлаар шийдэхээр тавьсан. Үүнийг талбай дээр ирсэн бүх хүн дэмжсэн. Тэр дундаас Э.Бат-Үүл, Д.Дорлигжав хоёр Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайтай уулзаад, зурагтаар гарсан. Уулзалтаар намыг нь далд оруулах асуудлыг дур мэдэн өөрчилж, Улс төрийн товчоог огцруулах болгож сольсон. Ингэхээр ОХУ-ын Кремлиэс Ж.Батмөнх даргад өгсөн үүрэг биелэчихэж байгаа юм. Намаа аваад үлдсэн хүмүүс уухайн тас гуяаа алгадаад бууж өгнө шүү дээ. Энэ нэг дэх урвалт нь.

-Энэ урвалтыг тухайн үед анзаараагүй юм уу. Яагаад тэд хяналтаас гарсан бэ?

-Намаа аваад үлдсэн. Ард нь нам байгаа учраас энэ цагаас хойш Монголд валютын сангийн бодлого хэрэгжиж эхэлсэн юм. Бид 1990 тавдугаар сарын 6-ны өдөр хуралдаад, сонгуульд оролцохоо түр хүлээе. Гол нам нь оролцохгүй гэхээр ямар сонгууль болдог юм бэ,  харъя. Биднийг ийм шийдвэр гаргахаар бусад намууд оролцохгүй гэдгээ бас мэдэгдэж байсан. Тэр шөнө Э.Бат-Үүл хэний ч зөвшөөрөлгүй очоод, Улсын бага хурлыг хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, МАХН-тай нийлэн Валютын сангийн бодлогыг оруулж ирэхийг дэмжсэн юм. Энэ хоёр урвалт өнөөдрийн Монголыг сөхрүүлж байгаа. Үндэсний эрх чөлөөний ард тусгаар тогтнолын жинхэнэ  хувьсгал 1989 оны арванхоёрдугаар сараас 10-наас 1990 оны тавдугаар сарын 6-ны өдөр хүртэл явсан. Тэр гарын үсэг зурсан цагаас эхлэн ардчиллын нэрийн дор өнөөг хүртэл нөү социализмаа дахиад босгосон. Ахиад МАХН-ын урд явуулж байсан бүх дэглэмийг орчин цагт нь оруулаад, төрөө эзгүйдүүлсэн. Хэрвээ төртэй байсан бол үндэсний үйлдвэрлэлүүд хөгжөөд явах байсан шүү дээ. Валютын сангийн бодлогыг зөвшөөрснөөр аль, аль нь эзгүйдсэн.

-Монголчууд ардчилал гэдэг үгэнд 30 жил хууртагдаж амьдарч байна гэж ойлгож болох уу?

-МоАХ-ны ерөнхий зөвлөлийг есөн хүнтэй, тэгш эрхтэй байгуулахад сонгогдоод орж ирсэн Ц.Элбэгдорж хийх юмгүй явж байлаа. Тухайн үед би хийх юмгүй үлдчихлээ, яах  юм бэ гээд гүйж  байсан шүү дээ. Тэр үед “Мальш” Ц.Энхтүвшин  бид хоёр ярилцаад микрофон хариуцуулж байсан юм. Микрофон хариуцсан хүн тухайн үед бодлого мэдэхгүй байсан байхгүй юу.

-Бодлого мэдэхгүй  Ц.Элбэгдорж­доо явж, явж гол зүйлээ хариуцуулчихсан юм биш үү?

-Ц.Элбэгдорж шүлэг, дууг дуржигнуулдаг байсан болохоор микрофон хариуцаж бай гэж хэлсэн. Бодлогод хамаагүй хүн байна гэж шийдвэрлэж байлаа. Өөрөөр хэлбэл, ардчилал анх зөв яваад сүүлдээ буруудчихсан юм. С.Зориг Мальш, Баасан лам, П.Нэргүй доктор бид хэд гол зүйлээ шийддэг. Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нар гадуур гүйдэг ажилтай явсан. Тэд үнэндээ урвалтынхаа төлөө Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч, Э.Бат-Үүл Баатар, Хотын дарга болсон.

-Яагаад жолоогоо, гол түлхүүрээ алдсан юм бэ?

-МАХН-аас шахалт үзүүлж, одоо наадах чинь хэтэрлээ. Намыг арчих байдал руу орж эхэллээ. Засаглалыг ав гэдэг командыг Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарт  өгсөн байдаг. МАНАН бүлэглэл үүссэн түүх бол 1987 оноос  хойш өнөөг хүртэл явагдсан юм. Бодит ажил болсон нь 1990 оны тавдугаар сарын 6-наас эхэлсэн. Тухайн үед олон намын систем гэдэг үлгэрийг бий болгож, ард түмний тархийг угаасан. Одоо ч энэ үлгэрээ ярьсаар явна.

-Та хэдийг өлсгөлөн зараад сууж байхад чинь хамаг эрхийг гартаа авчихсан юм биш үү. Гол уулзалтуудыг тэд хийсэн байдаг?

-МАХН-ыг булшлахаар ярьж тохирчихоод өлсгөлөн зарлаад сууж байхад Баабар энэ тэр зугтааж байсан. МАХН-ыг аварчихлаа, Улс төрийн товчоо уначихлаа гэхэд ширээний ард Баабар, Ц.Элбэгдорж нар сууж байсан юм. Биднийг Төрийн ордон руу оруулахгүй байх зүйлийг хийсэн.  Энэ цагаас эхлээд Монгол Улс буруу замаар явж эхэлсэн дээ.

-Тэгвэл Монгол Улс эрх чөлөөгөө Валютын санд алдаж, эрх мэдэлгүй болсны 30 жилийн ой тохиож байгаа юм байна шүү дээ?

-Улс нь Валютын сангаас хамааралтай болохоор УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн гэхээр ямар ч ломбарднаас илүү мөнгө олдог арга хэрэгсэл болохоор эрх мэдэлд улайрдаг болжээ. Түүнээс Монголоо аварчих юмсан гэдэг хүн энэ дунд цөөхөн байна. Хуруу дарам байна. Гэхдээ би үүнийг нэрлэж, тэднийг бужигнуулаад яах вэ. Нэг хулгайчаар нөгөөг сольдог байдал үргэлжилж байна. Гадны санхүүжилттэй зохиомол жагсаал, цуглааныг 30 жил хийж иржээ, тэд.

-Монголыг өөрчилнө, хувьсгал хийнэ, шинэчлэл хийнэ гээд яриад байгаа хүмүүс дахиад алдаагаа давтах вий дээ?

-Монголын өөрчлөхөөр ярьж байгаа хүмүүст хандан хэлэхэд,  энэ замаар явбал яагаад ч өөрчилж, шинэчилж чадахгүй. Хуучин МАХН-ыг унагаах технологийг бид 1990 онд хийсэн. Яг ийм замаар гарч ирсэн хүмүүс хоёр дахь удаагаа алдахыг бодохгүй. Тиймээс бүх хамгаалалтаа хийсэн байгаа. Цаашлаад гадны байгууллагын туслалцааг авсан байгаа. Харин 2008 оны долдугаар 1-нд тэдний булхай луйврын хэлтэрхий илрэхэд таван хүнийг алж, зориг зүрхтэй олон мянган залуусыг шоронд тарчлаасан. Тэгээд хандыг нь хага дарсан. Дахиад ийм зүйл болбол буудаад өгье гээд бэлдчихсэн байна. Тэднийг буулгаж, газрын хөрснөөс арчих гэж байгаа бол юу хийхээ тодорхой болго.

-Монголд гарц байна уу. Цаашид яах вэ?

-Дэлхийн олон улс намаас татгалзаж байна. Нам шүтдэг үзэл байхгүй болжээ.  Хатуу гишүүнчлэлийг үгүй хийж байна. Нөгөө үзэн ядаад байдаг коммунаа байгуулчихсан байна шүү дээ. Коммун дээрээ бүгд суугаад яавал зөв зохистой амьдрах уу гэдгээ шийдэж байгаа. Өөрөөр хэлбэл, төлөөллийн системд тулгуурлаж байна. Түүнээс мөнгө, хар машин, луйвар дээр тогтохгүй байна. Тэдэнд татвар төлөөгүй, булхай луйвар хийсэн хүн хамгийн том гэмт хэрэгтэн болж хувирчээ. Харагдсан, сэрдэгдсэн хүн өөрөө сайн дураараа огцорч байна. Монголд ийм жишиг хэрэгтэй.

-Монголд ийм тогтолцоог нэвтрүүлэх боломж бий юу?

-Үүний тулд хэвлэл мэдээллийн байгууллага нь шударга байх ёстой. Хэний ч халаасанд орохгүй байх шаардлагатай. Хууль засаглал нь хэнээс ч хараат биш байх ёстой юм. Түүнчлэн цаазын ялыг сэргээхээс өөр аргагүй нөхцөл тулгарч иржээ. Албан тушаал, эрх мэдэл, авлигын шийтгэлийг нэмэгдүүлж, чангалах хэрэгтэй. Энэ гурван зүйлийг хийхгүйгээр Монгол сэргэх боломжгүй. Харин мөхөл рүүгээ явж байна гэж ойлгож болно. Улс орон даяар Монголыг  энэ байдлаас яаж гарах вэ гэдэг талаар үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг хийх гэж байна, бид.  

-Бид өнөөг хүртэл хэнээр удирдуулаад явсан юм бэ?

-Монголыг сүүлийн 30 жилд улс төрийн мэдлэгтэй нэг ч хүн удирдаагүй. Ц.Элбэгдорж цэргийн байгууллагад ажилладаг хүн байсан. Түүний эзэмшсэн мэргэжил энгийн байгууллагад тусгай дунд боловсролтойд тооцогдоно. Н.Энхбаяр орчуулагч болохоос улс төрийн шинжлэх ухааны талаар А ч байхгүй шүү дээ.

-Хувьсгал хийх зоригтон нь энэ цаг үед байна уу?

-Хоёр Элбэгдорж, нэрээ хувиргасан МАН, МАХН хоёроос боллоо шүү дээ. Өнөөгийн МАН, АН хоёр бол нэг эзний хоёр бууны нохой. Тэд Валютын сангийн бодлогыг хариуцаж ажиллаж байна.Тиймээс монголчуудад тарьсан гайгаа хүлээгээд хоёулаа тарах хэрэгтэй. Бид үндэсний хэлэлцүүлгийн асуудлаар удахгүй Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзана. Улс орон онцгой нөхцөл байдал зарлах цаг нь иржээ гэдгийг хэлнэ. Энэ байдлаар явбал 10 жилийн дараа Хятадын эрхшээлд  орох нь байна.