ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 онд нэмэхгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-12-13

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг Засгийн газраас гурван жилийн өмнө буюу 2016 онд өргөн мэдүүлсэн билээ. Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ нь радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ, олон суваг дамжуулах үйлчилгээ, олон нийтийн радио, телевизийн үйлчилгээ, арилжааны радио, телевизийн үйлчилгээ гэсэн төрөлтэй байхаар тусгажээ. Улмаар хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх, эзэмшлийн ил тод байдлыг хангах, үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн зохицуулалт зэргийг тусгаад байгаа юм. Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Тогтохсүрэн хийсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “1990 он хүртэл цор ганц телевизтэй байсан бол одоогийн байдлаар улсын хэмжээнд өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий 88 телевиз, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх 85, кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэх 16, олон сувгаар дамжуулан үйлчилгээ эрхлэх 51 зөвшөөрөл эзэмшигч бий болжээ.

50 гаруйхан жилийн түүхтэй телевизийн салбар хэр эрчимтэй хөгжсөнийг илтгэж байна. Нөгөөтээгүүр үзэгчдийг контент, үйлчилгээ чанараас хамгаалах зохицуулалт байхгүй, чанаргүй контент, оюуны өмчийн зөрчил, хөтөлбөр нь үндэсний үндэсний агуулга бага байх, хараат бус байдал алдагдах, зар сурталчилгаа хэт ихсэх, телевиз, сувгийн ялгаагүй болох зэрэг олон сөрөг үр дагавар бий болсон байна.

Өргөн нэвтрүүлгийн салбарын мэдээллийн ил тод байдлыг мөн тодорхой болгож байгаа. Шинэ хууль орон нутгийн телевизүүдэд ямар боломж, давуу талыг бий болгох вэ” гэлээ. Ажлын хэсгийнхэн “Өргөн нэвтрүүлгийн сан нь өргөн нэвтрүүлгийн радио, телевизэд бүгдэд нь үйлчилнэ. Үндэсний бүтээл, түүхийн нэвтрүүлгийг дэмжинэ. Улсын болон орон нутгийн төсөв, улсын болон дотоодын аж ахуйн нэгжийн хандиваас санхүүжинэ” гэсэн хариулт өгөв.

Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг арилжааны телевизүүд өнгөрсөн хугацаанд хуульгүй явж ирснийг онцолж, энэ хууль батлагдана гэдэгт итгэлтэй буйгаа хэлэв. Мөн телевизүүд бусдын нэр хүндэд халдаж байна гэсэн бол УИХ-ын гишүүн М.Билэгт шинэ тутам хөгжиж буй цахим контент үйлдвэрлэгч мэдээллийн сайтуудыг ч дэмжих ёстой гэсэн санал гаргалаа.

Ингээд хуралдаанд оролцсон 44 гишүүний 37 нь дэмжсэнээр олонхийн саналаар эцэслэн баталлаа. Хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан Төрийн ордонд мөн ажлын хэсгийнхэн мэдээлэл хийв. Хуулийн төслийг анх УИХ-д өргөн барих үед Зөрчлийн болон Эрүүгийн хууль батлагдаагүй байсан. Тиймдээ ч энэ хууль батлагдсан учраас дээрх хоёр хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг ирэх оны дөрөвдүгээр сарын 01-нээс өмнө УИХ-д өргөн барихыг Засгийн газарт даалгав. Хуулийн төслийг 2020 оны долдугаар сарын 01-нээс эхлэн дагаж мөрдөнө. 

С.Эрдэнэ: 24 жил “Тэтгэврийн даатгалын сан” хоосон явж ирсэн 

Хуралдаанаар үргэлж­лүү­лэн Монгол Улсын Ерөн­хий­лөгч Х.Баттулгаас 2020 оны төсөв болон Нийгмийн даатгалын хуульд тавьсан хэсэг­чил­сэн хоригийг хэлэл­цэв. Ерөнхийлөгчийн хориг тавьсан үндэслэлийг ЕТГ-ын дарга З.Энхболд танил­цуул­сан юм. Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс ирэх оны Төсвийн тухай хуулийн хоёрдугаар хавсралтад заасан 2020-2022 онд хэрэгжих 1.424.277.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилга, арга хэмжээнд хэсэгчлэн, тус хуулийн наймдугаар зүйлд заасан мөн л гурван он дамжин хэрэгжих барилга, байгууламжид зарцуулах 1.828.930.3 сая төгрөгөөс 350.846.7 сая төгрөгийг хасуулахаар хэсэгчлэн, Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тус тус тавьсан. Мөн Төсвийн хуулийг дагалдаж баталсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс төвлөрч, зарцуулагдах 174.2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн хориг тавьсан юм.

Тэгвэл өнгөрөгч долоо хоногт энэ асуудлыг Төсвийн болон Хуульзүйн байнгын хороогоор хэлэлцэж, эхний гурван хоригийг хүлээж авахаас татгалзсан бол нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэхтэй холбоотой хоригийг хүлээж авах ёстой гэсэн шийдвэр гаргасныг чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Гаравжав, Н.Амарзаяа нар танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Г.Тэмүүлэн, С.Эрдэнэ, Н.Учрал, Б.Баттөмөр нар асуулт асууж тодруулсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг бүхэлд нь дэмжинэ.

Тэтгэврийн даатгалын сан яагаад үргэлж алдагдалтай, авлагатай яваад байгааг мэдэх ёстой. Сан 10 гаруй их наядын алдагдалтай явж байна. 1995 оноос хойш өнөөг хүртэлх 24 жилд хоосон явж ирсэн. Нэрийн дансыг мөнгөжүүлэх асуудал дандаа орхигдож ирсэн. Анхаарах цаг болсон. Хэмжээ хязгааргүй үрэлгэн зардал хэрээс хэтэрлээ.

Улстөржсөн, сонгуульд зориулсан үрэлгэн төсвөө болиоч ээ. Төр иргэдэд Тэтгэврийн даатгалын сан төлөх өрөө одоо төлөөч. Бүсээ чангалаад, хэмнэлт гаргах замаар иргэдээ ирээдүйн эрсдэлээс хамгаалах ажлаа одоо эхлэх ёстой шүү” хэмээв. Мөн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж АН-ын зөвлөл үзсэн. Хөрөнгө оруулалтын мөнгийг огцом нэмэгдүүлж, Дуурь, Драмын театр, Үндэсний номын сангийн барилгыг шинээр барихад тэрбум тэрбумаар тусгасныг буруу гэж харж байгаа.

МАН эрх барьж байх үедээ түүхэн дурсгалт барилгуудыг буулгаж, газрыг нь авах гэж оролдлого гэж харж байна” гэлээ. Шүүмжлэлтэй хандсан гишүүдийн асуултад Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хариулт өгөхдөө “Нийгмийн даатгалын сан 1.1 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Тэтгэврийн даатгалын сангийн үлдэгдэл сүүлийн хоёр жилд өсөж, одоогоор хоёр сарын нөөцтэй болсон. 2008 онд татварын шинэчлэлт нэрээр нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг таван хувь болгож бууруулснаар 1.8 их наяд төгрөгийн орлого алдсан.

Мөн улсад ажиллаагүй хүнийг ажилласнаар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй хүнийг шимтгэл төлсөнд тооцож тэтгэвэр олгох болсноос үүдэж Нийгмийн даатгалын сангийн зардал 700 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, ачаалал ихээхэн үүсгэсэн” гэдгийг тайлбарлаад нийгмийн даатгалын шимтгэлийн орлогод тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжтой, харин зарлагыг хасах боломжгүй гэж үзэж буйгаа хэллээ.

Харин М.Оюунчимэг, Ч.Хүрэлбаатар, Б.Баттөмөр нарын гишүүд өнгөрсөн 30 жилд хүн рүүгээ, нийгэм рүүгээ чиглэсэн хөрөнгө оруулалт хийж чадаагүй явж ирсэн учраас ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг өсгөх, эдийн засагт үр өгөөж өгөхөд чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих шаардлагын үүднээс төсвийн тухай хуулиудад тавьсан хоригийг дэмжих боломжгүй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм.

Ийнхүү хуралдаанд оролцсон гишүүд хориг нэг бүрээр санал хураалтад оролцож, нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэхээс бусад хоригийг хүлээж авахаас татгалзав. УИХ Ерөнхийлөгчийн тавьсан нэг хоригийг хүлээн авсантай холбоотойгоор 2020 оны Төсвийн тухай хууль болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газар санаачилж, ирэх долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх үүргийг УИХ-ын дарга Г.Занданшатар өглөө.

Мөн Нийгмийн даатгалын санд учруулсан хохирлыг буруутай этгээдүүдээр төлүүлэх шаардлагатай гэж үзэж, УИХ-ын гишүүн Б.Жавхлангаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулах тогтоол гаргаснаа мэдэгдэв. Ийнхүү чуулганы үдээс өмнөх хуралдаан дууссан бөгөөд үдээс хойшхи хуралдаанаар мөн л Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Өмгөөллийн тухай хууль болон дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд тавьсан хоригийг хэлэлцэж, хүлээж авах боломжгүй гэдгээ мэдэгдэв.