ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Я.Содбаатар: Хууль хяналтын байгууллага шалгаад ЖДҮХС-нд намайг холбогдолгүй гэсэн

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-12-17

Сонгуулийн тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа. 

-2020 оны УИХ-ын сонгуулийг  томсгосон мажоритар хэлбэрээр явуулахаар бүлэг тогтсон байна. Тогтолцооноос бусад цахим хязгаарлалт зэрэг өмнө нь ярьж байсан заалтууд хэвээрээ гэж ойлгож болох уу?

-Одоогийн байгаа 26 тойрог нэр дэвшигчид нэг тойрогт өрсөлдөнө гэсэн үг. 2008 оны сонгуулийн тогтолцоотой ижил томсгосон мажоритар юм. Нам биш хүнээ шууд сонгоно. Шүүмжлэлтэй зүйл нь намаас нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөх магадлал ихтэй байдаг гэж ярьдаг. Томсгосон тойрог нь илүү улс орныхоо хөгжил, ирээдүйг бодсон тогтолцоо. Тиймээс аймаг, дүүргийг бүхэлд нь харж хөрөнгө оруулалт хийдэг, тойрог, тойрог руугаа “зулгаадаг” хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогоо нэгтгэе гэсэн байр суурьтайгаар ийм тогтолцоог оруулж ирж байгаа юм. Намын эв нэгдэл цул байгаад улс төрийн намууд төлөвшиж чадах юм бол энэ сонгуулийн системээр явахад буруудах зүйл байхгүй. Одоогийн Үндсэн Хуулиар УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэсэн заалт байгаа учраас үүгээр л явж таарах байх. Энэ тогтолцоог аль нэг намд ашигтай гэж харахаас илүүтэйгээр улс төрийн том зориг, эрсдэл гаргаж байна гэж харж байна. Сонгуулийн хуулийн есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өмнөх сонгуулиудын алдаа дутагдалтай холбоотой зарим зүйлүүдийг засаж байгаа. Ажлын хэсэгт АН-ын зүгээс сонгуулийн хуультай холбоотой 18 санал ирүүлсэн. Парламентад суудалгүй 20 гаруй намаас ч мөн саналууд ирүүлсэн. Энэ бүгдийг өнөөдөр /өчигдөр/ ажлын хэсгийн хүрээнд ярилцаад, маргааш Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар цэгцэлнэ. Энэ удаагийн сонгуулийн хуулиар бид аль болох сонгогчдын санал гээгдэхгүй байх ямар нөхцөл, боломж байна вэ, сонгогчдод ямар нэг байдлаар сонгох сонгогдох эрхэд хөндлөнгийн нөлөөлөл оруулахгүй байх талыг чухалчилж үзсэн юм. Ялангуяа мөнгөний нөлөөлөл орох вий гэдгийг анхаарсан. Мөн цахим ертөнцөөс янз бүрийн мэдээллийн дайралт, нөлөөлөл оруулахгүйгээр тухайн хүмүүс сонгох, сонгогдох эрхээ эдлэх боломжийг нь бүрдүүлэх ёстой. Энэ утгаараа тодорхой хязгаарлалтуудыг нарийвчилж зааж өгч байгаа. Өмнөх хуульд ч хязгаарлалтууд байсан. 

-Баримталж байгаа гол зарчим нь сонгогчдын оролцоонд ямар нэг байдлаар хязгаарлалт тавихгүй байх гэж байна. Гэтэл сонгогчид сонгуулийн сурталчилгааны дор сэтгэгдэл үлдээх боломжгүй гэх мэт цахим хязгаарлалт тавьж байгаа нь сонгогчдын оролцоонд нөлөөлж байгаа хэрэг биш үү?

-Бид хүний нэр төрд хууль бусаар халдах, тэр тусмаа нэр хаяг нь тодорхойгүй газраас хандахыг хориглож байгаа. Харин үнэхээр өөрийнхөө нэр, регистрийн дугаараар аккаунтаа нээсэн бол өөрийн санал бодлоо цахим орчинд чөлөөтэй илэрхийлж болно. Нэр дэвшигчийг шүүмжлэх, дэмжих эрх нь нээлттэй гэсэн үг. Сүүлийн үеийн сонгуулиудыг харж байхад ихэнх тохиолдолд хэн, хаанаас гэдэг нь тодорхойгүй, буух эзэн буцах хаяггүй хуурамч хаягаас хүний нэр хүндэд халдах асуудал их байгаа. Буруу мэдээллээр, хуурамч хаягаас хүний нэр төрд халддаг цахим халдлагын эсрэг зөвхөн манай Улс ч биш дэлхий нийтээр таслан зогсоохоор ажиллаж байгаа. Тухайн хүн өөрийнхөө нэр, регистрээр бүртгүүлсэн хаягаас бол үзэл бодлоо илэрхийлэх эрх нь чөлөөтэй. 

-Тэгэхээр хуурамч гэж үзсэн аккаунтуудыг хаана гэсэн үг үү. Фэйсбүүк компани үүнд хамтарч ажиллах нь гэж ойлгож байна?

-Манай улс фэйсбүүк хэрэглээгээр Азидаа нэгдүгээрт орсон. 2.1 сая хүн фээсбүүк хэрэглэж байна. Тиймээс фэйсбүүк компани ч улс орны дотоод асуудалд бага оролцох бодлого баримталж тодорхой бүтцийн өөрчлөлт хийж байгаа юм байна. Фэйсбүүк компанийн төлөөлөл Монголд гурван удаа ирж Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газартай хамтарч ажиллан, сонгуульд фэйсбүүкээс шууд нөлөөлөх нөлөөллийг аль болох багасгах, нэр дэвшигчдийн нэр хүндэд халдахгүй байх талаар анхаарч ажиллаж байгаа. Мөн нэргүй хаягнаас хуурамч мэдээлэл тараах, хүн гүтгэх зэргийг хязгаарлах, хянах талаар ч анхаарна гэдгээ мэдэгдсэн. Харин сонгуульд нэр дэвшиж буй хүмүүс өөрсдийн гэсэн албаны нүүр хуудастай байх шаардлагыг тавьж байгаа юм.  Сонгуулийн сурталчилгаа явуулах вэбсайт, цахим хаягуудыг сонгуулийн байгууллагад бүртгүүлнэ. Зөвхөн түүгээрээ л дамжуулж сурталчилгаагаа явуулах юм. Чухам ямар тохиргоо яаж хийх талаар технологийн асуудлыг сайн мэдэхгүй байна. Харилцаа холбооны зохицуулах хороо үүнд хариулт өгөх байх. 

-Өмнө нь гурван ч удаа томсгосон мажоритар хэлбэрээр сонгууль зохион байгуулсан. Гэтэл тухайн үедээ бас л маргаан дагуулж, энэ хэлбэрээр явуулж болохгүй юм байна гээд сонгуулийн хуулиа өөрчилж, өөр хэлбэрээр явуулах болсон шүү дээ?

-Болохгүй байсан зүйл байхгүй. Бид 2008, 2012 онуудын сонгуулийг том мажоритар хэлбэрээр зохион байгуулж байсан. 2016 оны хувьд АН-ынхан сонгуулийн хуулийг яаж хийж, тойргийг яаж хувааж, нийгмийг хэрхэн талцуулсныг ард түмэн харж байсан. Тэр ч бүү хэл өөрсөддөө зориулж яаж тойрог зурж байсныг хүртэл харсан шүү дээ. Үүнийх нь дүнг ч ард түмэн хангалттай тавьсан. Одоо бол бид аль нэг улс төрч, эсвэл намын эрх ашгийг биш сонгох, сонгогдох эрхийг бодох ёстой. Аль болох сонгогчдын санал гээгдэхгүй байх хамгийн боломжтой хувилбарыг томсгосон мажоритар байна гэж үзсэн хэрэг. Уг нь 50:26 хэлбэрээр явсан бол улс орны хэмжээнд сонгогдсон хүмүүс улс орны хөгжлийн бодлогын асуудлуудыг яриад явдаг, 26-д өгч байгаа саналаараа намын санал гээгдэхгүй байх зэрэг давуу талууд байсан. 2016 онд зарим намд сонгогчдын 40 хувь санал өгсөн байхад эцсийн дүндээ нэг, хоёрхон суудалтай үлддэг тохиолдол бий. 76 тойргийн нэг зовлон нь энэ. Савах юм бол хэчнээн тухайн намд сонгогчдын 40-50 хувь нь санал өгсөн байлаа ч парламент дахь суудал нь нэг, хоёрхон байдаг. Энэ гээгдэж байгаа саналыг засаж болох хамгийн боломжит арга нь 50:26 гэж үзэж байсан юм. Гэтэл 50:26 хувилбар Үндсэн хууль зөрчиж магадгүй гэх мэт манайханд буруу зөв мэдээллүүд очиж, намын нэрээр жагсаалтын ард орж ирэх магадлал байна гэсэн хардлага, сэрдлэгэ гарсан. Бүлгийн хуралдаанаар хэлэлцээд томсгосон тойргоор явуулах нь зөв юм гэж үзсэн. Томсгосон тойргоор явахад савалгаа байдаггүй. Сонгогчдын санал бодитоор тусдаг. 

-Улс төрд шинээр орж ирж байгаа нэр дэвшигчид болон жижиг намууд томсгосон тойргийг эсэргүүцэх байх. Олонд танигдсан улс төрчдөд давуу тал болох байх?

-Шинэ нэр дэвшигчид үеийн үед сонгууль зохион байгуулах хэлбэрийг эсэргүүцдэг. Бид хэн нэгэн нэр дэвшигчид юм уу, аль нэг намд зориулж хууль гаргаж болохгүй шүү дээ. Адилхан л нэг гарааны нөхцлөөс өрсөлдөж, ард түмэн дүнгээ тавина. 

-Аймаг, дүүрэг нэг тойрог гэхээр 30 гаруй тойрог болно. Аль тойрогт хэдэн мандат өгөх асуудлыг хэзээ ярих вэ?

-Энэ асуудлыг ярих цаг нь одоо биш. Эхлээд Сонгуулийн тухай хуулиа эцэслэн батална. Он гараад буюу нэгдүгээр сараас аль аймагт хэдэн мандат өгөх вэ гэдэг асуудал орж ирэх байх.

-Хэрэгт холбогдсон хэдий ч шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй л бол нэр дэвших боломжтой байдлаар сонгуулийн хуулийг боловсруулсан. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ. Таны эхнэр мөн ЖДҮ-д холбогдсон шүү дээ?

-Одоогоор нэр дэвшилтийн асуудлыг бүлгээр яриагүй байна. Намайг холбогдуулан ярьж байгаа асуудлын тухайд хууль хүчний байгууллагууд нь шалгаад ямар ч холбогдолгүй юм байна гэдэг нь тогтоогдсон. 

-Сурталчилгааны хугацааг нэмж байгаа гэсэн үү?

-Бид сонгуулийн сурталчилгаа нэр дэвшигчдэд ижил гараанд байх, замбараагүй, хязгааргүй сурталчилгаа хийх асуудлыг цэгцэлж байгаа. Сонгуулийн үнэмлэх гардаж авснаас сурталчилгааг эхэлж болно гэж үзэж байгаа.

-Улс төрийн намуудын санхүүжилтийг хэрхэн тусгасан бэ?

-Сонгуулийн санхүүжилтийг ил тод болгох, улс төрийн намуудын санхүүжилт ил тод бус учраас ард иргэдийн дунд хардалт байдаг. Тиймээс хандив, санхүүжилт ил тод байх ёстой гэдэг зарчим баримталсан.