ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Алх дөштэй нөхөрлөгч

O.Admin
2018-06-21

Алх, дөшийн харших  дуу, мөнгө хайлах галын  нүргээнтэй нэгдэн хорших нь ажлын эрчийг мэдрүүлнэ. Хана дагуулан тавьсан тавиур дээр  алх, таслагч хайчнаас авхуулаад дэнс, тагшнуудыг эгнүүлэн тавьжээ. Өрөөний голд гар хийцийн болов уу гэмээр  модон ширээ байна. Ширээн дээр дархчуулын хэлдгээр хөөмлийн багаж гэж нэрлэдэг, хээг тодруулан товойлгож гаргахад зориул­сан  зэмсгийг өрсөн хараг­дана. Түүний ард 30 орчим нас­тай болов уу гэмээр даруу­хан бор залуу үл ялиг тонгойн, ямар нэг зүйлийг хичээн­гүйлэн урлаж байв.

Хийж буй зүйлээсээ хараа үл салгах аж. Түүний сурмаг шаламгай хөдлөх  гарт нь  харавтар туяа суусан байх бөгөөд  өндөгний хээ, нугалаас бүрт нь гүн хар үрчлээс тогтжээ.  Хөлөөрөө хөөргөө давтамжтай зөөлөн хөдөлгөхөд хошуунаас нь нарийн гал гарах бөгөөд эгнүүлэн тавьсан хээг нэгтгэн  гагнах аж. Ийнхүү бэлтгэн тавьсан  мөнгөн  угалзыг хооронд нь гагнаж дуусахад өлзий хээ  тодрон харагдлаа. Монголчууд өлзий хээг  баяр жаргал, урт удаан наслахын бэлгэдэл хэмээн бэлгэшээж ирсэн билээ. 15 настайгаасаа алх дөштэй нөхөрлөж, дарханы урлалд сэтгэл зүрх, хөлс хөдөлмөрөө зориулж яваа энэ эгэл дарханыг Сайнаагийн Гантулга гэдэг. 2000 оны эхэн үеийн Улиастай хотод утас интернет хөгжих нь бүү  хэл, тог цахилгаан “хязгаартай” өгдөг байсан цаг.  Дунд хүүгээ аав нь Болдоо гэдэг нутгийн  дарханд шавь оруулсан юм­санж. Хүү  ажлыг хүнд, дархыг хүчир гэсэнгүй.  Зуны амралт ч таарсан тул үүрийн гэгээтэй уралдан багшийндаа очиж дарханы хар бор ажил хийн үдшийн бүрийгээр харьдаг байжээ. 

Үе тэнгийнхэн нь үймж шуугин дарвихад үлдэж хоцрох түүнийг “Болдын боол нь аятай л зүтгэх юм” хэмээн  нөхөд нь жиг жуг хийцгээнэ. Энэ талаар тэрбээр дурсан ярихдаа “Багшийн мөнгө давтуулдаг гарын шавь нь би байсан. Засвар, хийц сураглан хол ойроос зорин ирэх хүмүүсийн гуйлт хүсэлтийг хийж өгсөөр нэг мэдэхэд  дарханы дамжлагыг сурсан байсан. Хүн болгоноос сурах эрхэм чанар бий” хэмээн инээмсэглэв. 

Мөнгийг давтан, нимгэлж жигд томруулах нь дарханы урлалд суурь бөгөөд хамгийн чухал дамжлага. Мөнгөний орц буюу том жижгээс шалтгаалан мөнгөн гулдмайг зуу, гурван зуу тэр ч бүү хэл найман зуун граммын алхаар давтах нь бий. 

“Анхандаа гарын шуу чилж өвддөг байсан, гэхдээ гарт ороод ирэхээр гайгүй болчихсоон”  хэмээв. 
Хичээлийн хажуугаар хоёр жил зургаан сарын хугацаанд “үнэгүй” суралцаж бас “цалингүй” ажилласан гэхээр үнэхээр л сурах чин хүсэл түүнд  байсан гэлтэй.Тэрбээр ажиллахынхаа хажуугаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн “Монгол дархан”-ы ангид элсэн оржээ. Жил гаруйн өмнөөс “дадлага” хийж ажиллах  болсон түүнд дарханы хичээл тийм ч  хүнд байсангүй. Ямар сайндаа л тухайн үед  нэг ангид сурч байсан Ю.Пүрэвням “Манай Тулгаа ангийн долоо найман хүүхдийн бүтээлийг хийж өгч, төгсөлтийн тайланд авч гарч байсан шүү” хэмээн жуумалзана.

Харин ангийн багш О.Өлзийбаяр  “Манай ангиас 24 хүүхэд  төгссөнөөс Гантулга ганцаар мэргэжил­дээ үнэнч, тууштай яваа нь” гэж  бахархан ярьж байсан удаатай.

Сургуулиа төгсөөд, дараа  жил нь цэргийн албанд морджээ. Түүнтэй цэргийн талаар ярилцахад өөрийн эрхгүй нүд нь сэргээд ирлээ. “Ер нь бол эрэгтэй хүн хаах ёстой л алба гэж боддог. Мэдээж тэнд хар цагаан өнгө сүлэлдэн байдаг. Тэвчээр хатуужил тэгэхэд л суусан байх гэж боддог” хэмээнэ. 

Цэргийн гэр бүлд өссөн түүнд цэргийн амьдрал ойр байсан  байж мэдэх юм.  Ямартай ч олон аавын хүүхдүүдтэй мөр зэрэгцэн  халуунд халж, хүйтэнд хөрч эр цэргийн үүргээ нэр төртэй биелүүлэх явцдаа ахлах байлдагч улмаар түрүүч болж дэвшсэнийг “онжавууд” нь сайрхан ярих аж.  Цэргээс халагдаж нутагтаа очсоныхоо дараа хот орохоор зоригложээ. 

Монгол дархчуул өөрсдийн багажаа урлаж дарханы үйлээ эхэлдгийн адилаар  нэг хоёроор нь багажаа урлаж  нэлээд хөдөлмөрлөсний эцэст  Улаанбаатар хотод жижиг ТҮЦ түрээслэн анхны  ажлын гараагаа эхэлж байжээ. 

Энэ  үедээ нарт хорвоогийн жаргал зовлонг хамт туулах насны үнэнч ханьтайгаа учирсан гэдэг. Хамтдаа босгож цэцэглүүлсэн амьдрал, бүтээх ирээдүйдээ тэр хайртай. Өдий зэрэгтэй яваа нь хань, аав ээжүүдийн минь л ач шүү дээ гэсэн бодлыг ямагт сэтгэлдээ тээн амьдардаг аж. Одоо түүний  ур чадвар, уйгагүй хөдөлмөрөөр босгосон урлан нь өргөжин тэлсээр олон арван  хүний ажил амьдралыг нь тэгшилж яваа.

Шударга үнэнч, тууштай хөдөлмөрийнх нь үр жимс  болсон  “Мөнгөн судар” гоёл чимэглэлийн үйлдвэр олон зуун  хэрэглэгч, үнэнч захиалагчидтай болжээ.

Байнгын үйлчлүүлэгч  Б.Цэрэн гуайг зорин очиход үндсэн тагштай утсан сүлжмэлтэй мөнгөн аяга үзүүлж  “Дархан хүн бурхан ухаантай гэж. Сайхан юм шүү. Би хамгийн сүүлд ааваасаа үе дамжиж ирсэн энэ аягыг сэргээн,  мөнгөлүүлж авсан. Яая даа гэтэл сайхан урлаж өгсөн.  Хамгийн гол нь найдвартай шүү дээ” хэмээн сэтгэл хангалуун ярьж байсан юм. Хүмүүсийн итгэл л нойр хоолоо мартан ажиллах хүчийг түүнд өгдөг гэлтэй.

“Хүн бүх зүйлийг чаддаг мундаг байх албагүй , чин хүсэлгүй бол заавал олон сургуульд сураад байх албагүй, нэг зүйлийг л маш сайн чаддаг байхад болно” гэж  хэлсэн нь одоо ч сэтгэлд тод үлдсэн байна.  Итгэл, сэтгэл, зүтгэл гурав байхад амьдрал “амттай” ажээ. Намайг өглөөнөөс авхуулан орой хүртэл түүнээс элдвийг асуун шалгаах зуур амсрыг нь мөнгөөр эмжиж урласан, ёроолыг нь нарийн хээгээр сүлжин хийсэн өлзий хээтэй хаш аяга бэлэн болсон байлаа. 

Б.Энхтуяа