ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ш.Алтантуяагийн амийг захиалгаар хөнөөсөн гэх хэргийг ирэх онд хэлэлцэхээр болжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-12-18

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа агсны амийг Малайзын экс Ерөнхий сайд Нажиб Разакийн өгсөн үүрэг даалгаврын дагуу хөнөөсөн хэмээн мэдүүлсэн цагдаагийн алба хаагч Азила Хадрид холбогдох хэргийг тус улсын холбооны шүүх ирэх 2020 оны дөрөвдүгээр сарын 20-нд хэлэлцэхээр товлолоо. Тэрбээр Ш.Алтантуяа агсны амийг бүрэлгэсэн хэргээр шүүгдэж, цаазын ял сонссон бөгөөд захиалагчаа илчилсэн мэдүүлэг өгснөөр Малайзын шүүх түүнд ногдуулсан ялыг дахин хэлэлцэхээр ийнхүү товлосон байна. 

Талийгаач Ш.Алтантуяа одоогоос 13 жилийн өмнө Малайзад харамсалтайгаар амиа алдсан. Эл хэргийн үнэн, мөнийг тогтоолгох гэж талийгаачийн аав С.Шаарийбуу олон жил хөөцөлдөж буй ч үр дүнд хүрэлгүй өдий хүрсэн. Харин тус улсад өнгөрсөн тавдугаар сард болсон сонгуулийн дараа гарч ирсэн эрх баригчид энэ хэргийг эзэн хааны архиваас гарган сэргээн шалгуулах болсноор халаагаа өгөөд удаагүй байгаа Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак тэргүүтнийг шүүхийн өмнө авчраад буй юм. 
Хэрэг гарсан 2006 онд Нажиб Разак тус улсын Ерөнхий сайд болон Батлан хамгаалах яамны сайдын албан тушаалыг хашиж байв. Улмаар энэ үедээ биеэр уулзаж Ш.Алтантуяаг буудахыг даалгаад, “Гаднаас ирсэн аюултай тагнуул” хэмээсэн гэдгийг Азила Хадри илчилсэн нь эдүгээ дуулиан тарьж байна. 

2009 онд уг хэрэгт холбогдуулан цагдаагийн офицер Азила Хадри, Сирул Азхар Умар гэсэн хоёр хүнийг буруутгаж, цаазын ял оноосон. Тэдний хамт шалгагдсан гуравдагч этгээд болох Абдул Разак Багинда нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар ялаас мултарч, цагаадаж байв.

Харин цаазын ял сонссон хоёр цагдаагийн офицер, энэ оны аравдугаар сарын 17-ны өдөр шүүхийн шийдвэрийг дахин шалгаж өгөх хүсэлтийг хүргүүлсэн билээ. Уг хүсэлтийн талаарх мэдээлэл олон нийтэд ил гараагүй, нууц байдалд байхад нь Malaysiakini агентлаг дэлгэсэн гэдгийг хэвлэлүүд онцолж буй. Азила Хадри нар уг хүсэлтдээ Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Раказт холбогдох зүйлсийг мэдүүлсэн байна. Үүнд, тэрбээр өөрийнх нь амь насанд заналхийлж буй Куалалумпурт суугаа гадаадын тагнуул эмэгтэйн амийг хөнөөж, цогцосыг нь үгүй хийх, үүнийгээ маш чанд нууцлал дор гүйцэтгэх даалгаврыг өгсөн гэжээ. Ингээд цагдаагийн албаны зэвсгийн агуулгаас тэсрэх бодисоор хангаж байсан гэх. Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакын хувьд Ш.Алтантуяагийн хэрэгт өөрийгөө холбоогүй хэмээн мэдүүлээд байгаа. Тэр бүү хэл, түүнийг захиалга өгсөн гэж мэдүүлсэн ялтан Азила Хадриг шахалт, дарамтад өртөж, уг мэдүүлгийг өгсөн гэх тайлбар хийж буй талаар орон нутгийн хэвлэлүүд дурьдсан байв. 

Эргэн сануулахад, англи, Орос, Хятад зэрэг олон орны хэлээр чөлөөтэй ярьдаг орчуулагч, загвар өмсөгч Ш.Алтантуяа 2004 онд Хонконгт явж байгаад Малайз улсын иргэн Абдул Разак Багинда гэгчтэй танилцаж байжээ. Тухайн үед  Малайз улс усан хилээ хамгаалах зорилгоор шинээр шумбагч хөлөг авах шаардлага гарч, Абдул Разак Багинда болон түүний холбоотон Нажиб Разак нар Оросоос хөлөг онгоц худалдан авахдаа улсаас мөнгө шамшигдуулах санаа агуулж байжээ. 

Шумбагч хөлөг худалдан авах гэрээ Францад нууцаар болж,  удалгүй хэргийн гол гэрч болох гэрээний орчуулагчаар ажилласан монгол эмэгтэй Ш.Алтантуяагийн цогцос аймшигтай зэрэмдэглүүлсэн байдалтай Малайзын Селенгор мужийн нэгэн ойгоос олдсон юм. Тодруулбал, талийгаач бүсгүйн толгойд нь буудан, цэрэг армийн зориулалтаар ашигладаг С4 хэмээх тэсрэх бөмбөг биед нь бэхэлж дэлбэлсэн байсан бөгөөд биеэс нэг ч бүтэн хэсэг үлдээгүй байжээ. Эл хэрэг явдал гарахын өмнө Ш.Алтантуяа орчуулгын хөлс болох 500 мянган ам.доллараа авахыг хүсэж Багиндад хандахад үл зөвшөөрчээ. Хамгийн сүүлд Багиндатай уулзаж, ажлын хөлсөө авахаар түүний гэр рүү таксигаар хүргүүлэн очиход нь Багиндагийн хүмүүс түүнийг хүчээр машиндаа суулган авч явсан байна. Энэ бүхнийг харсан таксины жолооч машины марк, дугаарыг цагдаад мэдэгдсэнээр бүсгүйг эрэн хайх ажиллагаа эхэлжээ. Хэд хоногийн дараа Селенгорын нэгэн ойгоос хүний цогцосны үлдэгдэл олдсон нь талийгаачийнх гэдэг нь нотлогдсон байдаг.