ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

И.Батчулуун: Өдөрт дунджаар 15-20 хүүхэд алга боллоо гэх дуудлага мэдээлэл ирдэг

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-06-21

ЦЕГ-аас хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг шалтгаан нөхцлийн талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хурлын дараа Нийслэлийн цагдаагийн газрын хүүхдийн гэмт хэргээс урьдчилан хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И.Батчулуунаас цөөн асуултад хариулт авлаа.

-Сүүлийн үед хүүхдийн эсрэг үйлдэгдэх гэмт хэргийн тоо өссөн байна. Гэмт хэргийн улмаас амь насаа алдах тохиолдол удаа дараа гарлаа. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Он гарсаар эхний таван сарын байдлаар насанд хүрээгүй хүнээс үйлдэгдэж байгаа гэмт хэрэг 17 хувиар буурсан. Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэгт 587 хүүхэд өртөж хохирсон нь өнгөрсөн оны мөн үеэс бараг 70 орчим хувиар нэмэгдсэн байна. Гэмт хэргийн улмаас найман хүүхэд нас барж, 145 хүүхэд биедээ ямар нэгэн байдлаар гэмтэл бэртэл авсан. Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн 76 хувь нь садан төрлийн хүмүүсийн гэм буруутай үйлдлээр үйлдэгдсэн. 

-Цагдаагийн байгуул­лагаас хүүхдийн эсрэг үйл­дэг­дэх гэмт хэргээс урьд­чилан сэргийлэх та­лаар ямар ажил зохион бай­гуулж байна?

-Урьдчилан сэргийлэх чиг­лэлээр “Хайрла, хамгаалъя”, “Хуулиа мөрдье”, “Бяцхан зорчигч” гэсэн олон төрлийн ажил зохион байгуулсан.

-Бага насны хүүхэд сураггүй алга болсон тухай мэдээлэл их байгаа?

-Эхний таван сарын байдлаар улсын хэмжээн 859 хүүхэд төөрч сураггүй алга болсон талаар мэдээлэл ирсэн. Цагдаагийн байгууллага 844 хүүхдийг олж ар гэрийн хүмүүст хүлээлгэж өгсөн. Өнөөдрийн байдлаар 15 хүүхдийг эрэн хайж байна. Өдөрт дунджаар 15-20 хүүхэд алга боллоо гэх дуудлага мэдээлэл ирдэг. Нийслэлийн хэмжээнд сураггүй алга болоод олдохгүй байгаа хүүхэд байхгүй. Нас барсан байдалтай олдсон хоёр тохиолдол байна. Дорнод, Баян-Өлгий аймагт алга болсон хүүхдүүд, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд алга болсон н.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа явагдаж байгаа.

-Үндэсний соёл амрал­тын хүрээлэнгийн “Санс­рын хөлөг” тоглоом осолд­сон хариуцлагыг хэн хүлээх вэ. Хэрэг ямар шатандаа явж байна?

-“Сансрын хөлөг” тоглоом дээр тухайн үед сууж байсан хоёр хүүхдэд шүүхийн шинжилгээний байгууллагаас гэмт­лийн зэрэг тогтоосон. Сүх­баатар дүүргийн цагдаа­гийн хэлтсээс хэрэг бүрт­гэлийг нээн ажиллаж байна.

-79 дүгээр сургуулийн хөл бөмбөгийн талбайн хаалга унаж хүүхдийн амь нас эрсэдсэн асуудалд хэн хариуцлага хүлээх вэ?

-Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79 дүгээр дунд сургуулийн хашаан дахь хөлбөмбөгийн талбайд 10-11 насны таван хүүхэд тоглож байхад, хаалгач хийж байсан 11 настай хүүгийн толгой дээр хөндлөвч төмөр унасны улмаас тархиндаа гэмтэл авч нас барсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн мөрдөн байцаах III тасаг шалгаж байна. Мөн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд Сэлбийн гол орчимд зам, гүүрийн засварын ажил явагдаж буйтай холбоотой голын урсгал өөрчлөхөөр далан барьсан нь, 100 орчим метр урт, 15 метр өргөн, 3-4 м гүнтэй цөөрөм үүсгэсэн. Уг цөөрөмд таван хүүхэд сэлж байгаад есөн настай хүү амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 09-ний өдөр  гарсан асуудлыг шалгаж байгаа.

-Байгууллага, ААН-ийн буруугаас болсон ослын эзэн холбогдогчийг хэрхэн тогтоож хариуцлага тооцдог вэ?

-Цагдаагийн байгууллагын зүгээс гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоох ажлыг хийгдэж байхад урьдчилан энэ хүн буруутай тэднээс болсон хэмээн дур мэдэж мэдэгдэл хийх боломжгүй.  

-Эрээн хотод бэлгийн хүчирхийлэлд өртсөн 14 настай хүүхдийн ээжийн эх байх эрхийг хязгаарлах хүртэл арга хэмжээ авах тухай яриа байсан. Хэрэг ямар шатандаа явж байна вэ. Охин одоо хаана байна?

-Хохирогч охин түр хамгаалах байранд байгаа. Хүүхдийн эхийн эх байх эрхийг хязгаарлах арга хэмжээ авна. Гэхдээ тухайн ээж гэм буруутай эсэхийг эхэлж тогтооно. Хэвлэлээр бичээд байгаа шиг хүүхдээ дагуулан явж хууль бус наймаанд ашигладаг байсан эсэхийг тодруулна.