ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

НҮБ-ын тогтоолоос Монгол гурван удаа “бултжээ”

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-21

Израилын “Иерусалем Пост” сонины цахим хуудаст Монголын тухай нэгэн сонирхолтой мэдээлэл нийтлэгджээ. Тодруулбал, тус улстай холбоотой гурван ч удаагийн НҮБ-ын тогтоолд Монгол Улс санал өгөлгүй бултсаныг эл мэдээлэлд онцолсон байсан юм. Ингээд уг мэдээг орчуулан уншигчиддаа хүргэж байна. Сүүлийн хэдэн сард Монгол Улсын Израилын талаарх санал өгсөн байдлыг харвал сонирхолтой дүр зураг харагдана. Далайд гарцгүй БНХАУ, ОХУ гэх хоёр том гүрний дунд орших тус улс НҮБ-ын Израилын эсрэг тогтоолд хоёр хөрштэйгөө ижил санал өгөхөд гайхах зүйлгүй. Гэсэн ч, Израилын эсрэг ч өгсөнгүй, түдгэлзсэн ч үгүй. Монгол зүгээр л саналаа  өгсөнгүй. 

Нэг удаа санал өгөөгүй тохиолдолд  НҮБ-ээс Монголын төлөөлөгчид сануулга өгөх боломжтой. Хоёр удаа давтагдсан ч тэр. Гэтэл ийм зүйл дахин, дахин давтагдаж буй нь бодлоготой шийдвэр гэдгийн илрэл бөгөөд басхүү Израил, Монголын хоорондын найрсаг харилцаатай холбоотой гэж харж болохоор байна. 

Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Ерөнхий ассамблей Газын зурвас дахь Израилын цэргийн ажиллагааг шүүмжилсэн тогтоол гаргахад ердөө гурван сая хүн амтай Монгол Улсын төлөөлөл оролцоогүй юм. Мөн тавдугаар сард Женевт НҮБ-ын Хүний эрхийн комисс хуралдаж, Газын зурваст гарсан хүчирхийллийг мөрдөн шалгах хороо байгуулах асуудлаар санал хураахад ч тэд оролцсонгүй. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ч гэсэн АНУ Элчин сайдын яамаа Иерусалем хот руу нүүлгэх болсон шийдвэрт НҮБ харамсаж байгаагаа илэрхийлсэн тогтоол гаргахад Монгол Улсын төлөөлөгч санал өгөлгүй “бултжээ”. 

Ази-Номхон далайн хэлтсийн дэд захирал Хагай Шагрир Монголын эл байдалд ихэд талархаж буйгаа илэрхийлсний сацуу Иерусалем Ази дахь санал хураалтын хэв маягийг өөрчлөхөөр шаргуу ажиллаж буйг онцоллоо. Тэрбээр “Монгол бол найрсаг, бидэнтэй адил сэтгэлгээтэй, ардчилсан улс. Тус улстай Израил хамтын ажиллагаагаа сайжруулах нь чухал” гэж хэлсэн юм.  

Монгол Улсад Израилын Элчин сайдын яам байдаггүй. Израилд ч мөн адил тус улсын Элчин сайдын яам байдаггүй билээ. Улмаар БНХАУ дахь Израилын Элчин сайдын яамны албаныхан Монгол руу жилд гурван удаа зочилж, Иерусалемын сонирхлыг илэрхийлдэг байна. Монголын Гадаад хэргийн сайд өнгөрөгч наймдугаар сард Израилд айлчилсан бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Вашингтон хотод өнгөрөгч гуравдугаар сард болсон Америк, Израилын олон нийтийн харилцааны товчооны  хуралд оролцсон юм. 

Шагрирын хэлж буйгаар, Израилтай харилцаатай сайжруулахыг зорьж буй  Монголын сонирхол нь АНУ-тай ойр байх хүчин чармайлттай нь  ямар ч холбоогүй аж. Ерөнхийлөгч Х.Баттулга Израил улс байгуулагдсаны  70 жилийн ойгоор тус түүхэн үйл явдалд чин сэтгэлээсээ баяр хүргэж, Ерөнхийлөгч Рүвин Ривлинд захидал бичсэн байдаг. Тэрбээр захидалдаа “Монгол, Израил нь эртний түүх, соёлтой улсууд бөгөөд эдүгээ манай хоёр орны хамтын ажиллагаа, ард түмнүүдийн ойр дотно харилцаа улам бүр өргөжин тэлж байгааг тэмдэглэхэд тааламжтай байна” гэж бичжээ. 

Монголын Израилтай харилцах сонирхол гурван тулгуур баганад  үндэслэдэг байна. Нэгдүгээр, Ерөнхийлөгч Х.Баттулгын захидалдаа бичсэнчлэн, мянга мянган жил хадгалагдан үлдсэн соёл иргэншилд Монгол Улс гүн хүндэтгэлтэй ханддаг аж.  Хоёрдугаарт, хилийн аюулгүй байдал, тэр дундаа Хятадтай хиллэдэг хилийн орчмын аюулгүй байдлыг хангахад Израилын туршлагаас суралцах сонирхол тус улсад бий.  Эцэст нь, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жон Керри Монголыг нэгэнтээ хоёр коммунист орны дунд орших “Ардчиллын баян бүрд” хэмээн тодорхойлсон юм. Энэ мэтээр ижил төстэй нөхцөлд оршин тогтнодог учраас монголчууд Израилиас туршлага судлах сонирхолтой байна гэж үзэж болохоор байгаа юм.