ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хоригийг дэмжиж, Захиргааны ерөнхий хуулийг хойшлуулав

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-06-21

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын 2018 оны 45, 47 дугаар тогтоолуудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Тус хоригийг хэлэлцэхээс өмнө УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул УИХ-ын гишүүн Д.Муратыг байнгын хороогоор хэлэлцэв. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Хувь хүнтэй холбоотой асуудал учраас хаалттай хэлэлцэх” горимын санал гаргасан олонхийн саналаар дэмжээгүй юм. Ингээд хуралдааныг нээлттэй хэлэлцэв. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан “УИХ-аас Прокурорын хүсэлтийг хүлээж авах боломжгүй. Үүнд  Ерөнхийлөгч хориг тавьсан. Хоригийг УИХ хүлээж авснаар түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн тогтоол хүчингүй болно.

Прокурор дахин түдгэлзүүлэх саналаа УИХ-д өгөх шаардлагатай.  Д.Муратын гэм буруугүй нь тогтоогдвол гишүүний бүрэн эрхийг нь сэргээх боломжтой юу” хэмээн асуусан юм. Холбогдох албаны хүмүүсээс  “Түдгэлзүүлэх шийдвэр өмнө нь УИХ-аар  дахин сэргээсэн  тохиолдол  гараагүй. Гэхдээ хууль эрх зүйн хувьд боломжтой” гэсэн хариулт өгсөн юм. Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил  “Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй тохиолдолд шүүх шийдвэрээ гаргах боломжтой  эсэхийг бид тодорхой болгох хэрэгтэй. ХЗДХ-ийн сайд гишүүдийг чөлөөлж байх, шүүх боломж үүснэ гэж тайлбарласан. Харин Прокуророос шүүгээд явах боломжтой гэж хэлсэн юм. Үүнийгээ тодорхой болгох хэрэгтэй” хэмээн саналаа хэлэв. Ингээд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 72.7 хувиар дэмжлээ.

Мөн Засгийн газраас  Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан билээ. Уг  хуулийн төслийг  яаралтай хэлэлцэхээр оруулж ирсэн ч С.Бямбацогт гишүүний саналаар түр хойшлууллаа.  Төслийн талаар УИХ-ын гишүүн  Ш.Раднаасэд “Засгийн газар хуулиа эргэж харах хэрэгтэй. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлож болохгүй. Засах шаардлагатай” гэсэн тайлбар хийсэн юм. Ингэснээр гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслийг хэлэлцүүлгийг түр хойшлуулав. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хуулийн төслийн  3.1.1 Монгол улсын Засгийн газрын шийдвэр түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага нийтийн захиргааны шийдвэр үйл ажиллагааг захиргааны шүүхийн хяналтаас гаргах гэсэн найруулга орж байна. Мөн 5.5.1 заалтыг төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага нутгийн захиргааны бусад байгууллагыг захиргааны хэргийн шүүхээс гаргахаар оруулж ирж байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийг дагалдан өргөн баригдсан хуулийн хоёрдугаар зүйлд тодорхой өөрчлөлт орж байна. Энэ хуульд өөрчлөлт орсноор Засгийн газар түүний харъяа агентлагууд нутгийн захиргааны байгууллагууд бүгд захиргааны шүүхийн хяналтаас гаргахаар оруулж ирсэн нь буруу” гэсэн саналыг хэлэв.