ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Нямбаатар: Өнчин ишиг хулгайлсан ч таван жилийн ял оноодог болно

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-12-20

УИХ-ын чуулганы өчигд­рийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэл­цэж, баталлаа. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор албан тушаалтнууд ял завшдаг асуудлыг хуралдааны үеэр гишүүд онцолж, хэргийг дахин сэргээж авч үзэх нь зүйтэй гэсэн саналыг хэлж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг өөр­чил­сөн­тэй холбогдуулан албан тушаалтнуудын авлига, хээл хахууль, улсын хөрөнгө мөнгийг завшсан асуудлууд замхраад байна. Хэрэгсэхгүй болсон. Зарим хүмүүс “Хуулиар тогтоосон хугацаанд асуудал шийдгүй бол ямар ч ярих юм байхгүй” гэсэн тайлбар өгөөд явж байна. Зарим нь хөөн хэлэлцэх хугацаагаар ялгүй болчихоод “Намайг хэлмэгдүүлсэн. Би огт гэм зэмгүй” гээд яриад байгаа. Иргэд олон нийтийн хүлээж байгаа зүйл нь улсын хөрөнгө мөнгийг завшаад алга болчихсон хүмүүс ял авдаггүй юм бэ, яагаад тэр хөрөнгө мөнгийг нь төлүүлдэггүй юм бэ гэдэг зүйл байна. Шоронд нь хатаагаад шонд дүүжилдэггүй юм аа гэхэд тэдний завшсан хөрөнгө мөнгийг улсад төвлөрүүлээч гэж л хүсч байгаа” гэсэн юм.

Тэгвэл хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор ял завшдаг асуудлыг таслан зогсоохын тулд яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацааг оргон зайлсан өдрөөс зогсоож, баригдсан эсвэл, өөрөө хэргээ илчилж ирэх өдрөөс үргэлжлүүлэн тоолж эхлэхээр өөрчилж байгаа аж.

Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан энэ зохицуулалт өмнөх хуульд ч байсан бөгөөд хасаад дахиж оруулж ирж байна гэсэн юм. Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээдийг баригдсан эсвэл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно гэдэг нь хуучин байсан асуудал шүү дээ. Хасаад шинээр оруулж ирж байгаа юм уу. Миний мэдэхээр алга болчихвол зогсоогоод дараа нь баригдсан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолоод л ирсэн. Хуучин байсан уламжлалыг хэзээ байхгүй болгосон” гэсэн юм. Мөн малын хулгайд ногдуулах ял шийтгэлийн талаар байр сууриа илэрхийлэхдээ “Ганц хөгшний амьжиргааных нь саалийн үнээ алдагдвал хэдэн бодоос илүү үнэтэй. Мөн өндөр ашиг шимт мал гээд хүний амьжиргаатай нь холбогдуулж хүндрүүлэх үгүй эсэх нөхцөл байдал нь тогтоогддог. Гэтэл одоо механик заалтууд оруулж ирлээ. Амьжиргаатай хүний 100 мянган төгрөгийг хулгайлах, тэтгэврийн хөгшний 5000 төгрөгийг хулгайлчих хоёрын хохирол нь ялгаагүй гэж үздэг. Гэтэл одоо орж ирж байгаа хуулийн өөрчлөлтөөр байхгүй болгочихлоо. Гэмт хэргийн бүрэлдэхүүн гэдэг асуудал үндсээрээ алга болчихоогүй байх гэж бодож байна. Гэмт хэргийг зүйчлэх болон хор уршгийн хэмжээг тогтоохдоо олон төрлийн шалгуурыг авч үздэг системээрээ явсан нь зөв” гэсэн юм. Түүний асуултад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хариулахдаа “Одоо өөрчлөлтөд ороогүй байгаа малын хулгайн холбоотой заалтад өнчин ишиг хулгайлсан ч таван жил хүртэл хугацааны хорих ялтай байгаа” гэдгийг тайлбарласан юм. Хуралдааны үеэр малын хулгайд ногдуулж байгаа ял хэт хөнгөн байгаа бөгөөд чангаруулах шаардлагатай байгааг олонхи гишүүн онцолж байв. Ингэхдээ хэрвээ давтан үйлдвэл ялыг хүндрүүлэхээр хуульчилжээ. 

Эрүүгийн хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр эргэлзээтэй олон асуудал байгаа учраас уг хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулах саналыг гишүүдийн зүгээс гаргасан тул хойшлуулав. Улмаар чуулганы хуралдааныг түр завсарлуулж, Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулан Сонгуулийн тухай хуулийг хэлэлцсэн юм. Үргэлжлүүлэн чуулган хуралдаж, Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэнэ гэдгийг УИХ-ын дарга мэдэгдлээ. Дугаар шилжих мөчид түр завсарласан чуулганы хуралдаан хуралдаж эхлээгүй байлаа. 

Мөн энэ өдрийн хуралдаанаар УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааныг хамгийн их тасалсан гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг оруулж ирэхийг Ёс зүйн дэд хороонд үүрэг болгов.