ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эдийн засгийг эрчимтэй өсгөх талаар санал солилцлоо

O.Admin
2020-01-12

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Уулзалтаар “Салхитын мөнгөний ордын үр өгөөж” болон Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-аас эдийн засгийг эрчимжүүлэх, системтэй загварчлалын үндсэн дээр хөгжүүлэх саналуудаа танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, “Монгол улсын хувьд эдийн засгийг эрчимжүүлэн, цар хүрээг нэмэгдүүлэх, хүртээмжтэй өсөлтийг дэмжихэд Эдийн засгийн өсөлтийн экспоненциал загвараар улсын эдийн засгийг хөгжүүлэх боломжтой. Энэ хөгжлийн загвараар хөгжих хамгийн гол урьдач нөхцөл нь төр, хувийн хэвшил хамтран томоохон төслүүдийг цаг алдалгүй эхлүүлэн, дараа дараагийн өсөлтийг дэмжих хэрэгцээ шаардлагатай байна. Төрийн зүгээс хувийн хэвшлийн санал санаачлагуудыг сонсдог ч тухайн чиглэлийн мэргэжлийн холбоодын нэгдсэн байр суурьгүй байдлаас үүдэн шийдэлд хүрэхэд хүндрэл дагуулдаг. Иймээс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар УИХ-аас Мэргэжлийн холбоодын тухай хуулийг төслийг хэлэлцэж байна. Энэ хууль батлагдсанаар тухайн салбарын мэргэжлийн холбоод төрийн бодлогод тусгах саналаа нэгдсэн байдлаар гаргаж, хамтын шийдвэр гаргадаг болох юм” хэмээн онцлов. 

Салхитын мөнгөний ордын үр өгөөжийн талаар “Эрдэнэс силвер ресурс” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр товч танилцуулав. Тэрбээр, “Тус ордын геологийн нийт нөөцийн хэмжээ 2,5 сая тонн бөгөөд мөнгө 808 тонн (цэврээр), алт 181 тонн (цэврээр) нөөцтэй. Хүдрийн дундаж агуулга 500-600 грамм гэж тооцсон. Цаашид хөгжих нөөц боломжтой. Хөгжүүлэлтийн үйл ажиллагааг явуулж байна. Баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж таван жилийн дотор 1 ихнаяд гаруй төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэж тооцоолж байгаа” гэдгээ танилцуулав.

 МҮХАҮТ-ын ахалсан эдийн засагч, математикчид, судалгааны мэргэжилтнүүдийн баг 2019 онд улс орны эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, улстөрийн нөхцөл, төр засгийн тогтворгүй байдлаас үл хамаарах хөгжлийн цогц загварыг боловсруулахаар ажиллажээ.

 Судалгааг  төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны механизмаар эдийн засгийн үр өгөөж бүхий салбарууд, орд газар түшиглэсэн томоохон төслүүд, Улаанбаатар болон 21 аймгийн бүсчлэл  гэсэн гурван чиглэлд хийсэн байна.

 Энэ талаар МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн танилцуулахдаа “Бид сүүлийн 30 жилд 15 удаагийн сонгууль явуулж, 18 Засгийн газар сольсон байна. Тэр хэрээр улс төрийн тогтворгүй нөхцөл байдал үүссэн. Энэ нь эргээд эдийн засагт нөлөөлж байна. Цаашид энэ хэвээрээ байвал 2025 он гэхэд эдийн засаг 13 тэрбум ам.доллараар өснө. Харин бидний дэвшүүлж буй аргачлалаар бол 30 тэрбум ам.доллараар өсөх бүрэн боломж байна. Хувийн хэвшилд суурилсан, тэр дундаа манлайлал нь ил тод болсон хөгжлийн загварыг бид санал болгож байна. Ингэснээр цөөн хэдэн бүлэглэл үр ашгийг хүртэх биш 1,3 сая ажлын байр бүрдүүлж буй хувийн хэвшлийн салбарын тэгш оролцоо бий болох юм” гэв.