ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдэд бэлэн мөнгө олгодог

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2020-01-13

Жил ирэх тусам нийгмийн халамжийн сангаас хувь хүртэх иргэний тоо өсч, сая гарсан талаар зарим эх сурвалж мэдээлдэг. Тэгвэл манай оронтой эдийн засгийн байдал нь адил зарим орны нийгмийн халамж, тэтгэмжийн байдал ямархуу байдаг талаар уншигчиддаа сонирхуулахаар бэлтгэлээ. 

Ингэхдээ эдийн засгийн өрсөлдөх чадварын индексээрээ манай орны өмнөхөн бичигдсэн Хорват, Бразилыг жишээ болгов. Учир нь манай улсын ард зөвхөн Венесуэл улс л бичигддэг билээ. 

Бразил

Бразилын Ерөнхийлөгч Лула нийгмийн хамгаалалд онцгой анхаарал хандуулан “Лулизм” урсгалыг улс төрд оруулж ирсэн гэдэг. Түүний санаачилгаар гэр бүлийг дэмжих “Болса Фамилиа”, өлсгөлөнг тэглэх “Фоме Зеро” хөтөлбөрүүд хэрэгжиж, хүүхдүүдээ сургуульд оруулж, вакцинд хамруулах болзолтойгоор ядуу гэр бүлд бэлэн мөнгө, хоолны талон олгож эхэлжээ. 

Мөн “Миний гэр, миний амьдрал” хөтөлбөрөөр олон зуун ядуучуудыг орон байртай болгосон байна.  Лулагийн нэр хүнд олон улсад ч өссөн бөгөөд 2010 оны “Тайм” сэтгүүлийн дэлхийн нөлөө бүхий 100 улс төрчдийн нэгээр шалгарч байв. Түүнийг Ерөн­хий­лөгчөөр ажил­лах найман жилд Бразил Улс дэлхийн найм дахь эдийн засаг болон хүчир­хэгжиж 2014 оны Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, 2016 оны Зуны Олимпийг эх орондоо зохион байгуулах эрхийг авч чадсан гайхам түүхтэй. Хөтөлбөрийн тухайд нэг хүнд ногдох орлого нь 140 реалаас бага бол амьдралын баталгаажих төвшингөөс доогуур буюу ядуурлын шугамд багтаж, 16-аас доош насны хүүхэд бүрт сар бүр 32 реал, 16-17 насныхан 38 реалын бэлэн мөнгийг авдаг. Энэ нь вакцин хийлгэнэ гэсэн болзолтой. 

Нэг хүнд ногдох сарын орлого нь 70 реалаас доогуур бол сар бүр 70 реал олгодог. Энэ мөнгийг өрхийн эмэгтэй гишүүнд олгодог бөгөөд үүнийг авах тусгай карт байдаг гэнэ. Тус карт руу сар бүр мөнгө орж, картаараа хэрэглээнийхээ зүйл­сийг авдаг байна. 

Хорват 

Ажил хөдөлмөр эрхлэх, эд хөрөнгө бус эх сурвалжаас олсон орлого нь амьдралд нь хангалттай хүрэлцдэггүй бус иргэдэд зориулсан хоёр төрлийн тэтгэмж байдаг гэнэ. Энэ нь хамгийн бага хэмжээтэй тэтгэмж бөгөөд үүнийг амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрх болон мөн л амьдралд шаардагдах мөнгө чаддаггүй ганц бие иргэнд олгоно.  

Ингэхдээ ажил хөдөлмөр эрхлэх чадваргүй иргэнд 920000 куна, ажил хийх чадвартай өрх толгойлсон эцэг, эх 800000 куна, амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхөд олгох тэтгэмжийг тооцохдоо өрхийн гишүүн бүрийн тоогоор тооцож тогтооно. Тодруулбал, насанд хүрсэн хүн 480000, 18-аас доош насны хүүхэд 320000, өрх толгойлсон эцэг, эх 800000, өрх толгойлсон эцэг, эхийн хүүхдэд 440000 куна олгодог байна.

Нэг удаагийн тэтгэмжийг ганц бие иргэн эсвэл өрхөд  онцгой нөхцөл байдал үүссэн үед өгдөг. Тодруулбал, шинэ хүүхэд төрөх, хүүхдийн боловсрол, гэр бүлийн гишүүн өвдөх,  нас барах, байгалийн гамшиг тохиолдох үед хувь хүнд хамгийн ихдээ 2.500.00 кун (327.00 евро), өрхийн хувьд 3 500.00 куни (458.00 евро) байдаг аж.  Онцгой тохиолдолд 10.000.00-ийн (1 евро 309.00 евро) хүртэлх нэг удаагийн тусламжийг зөвхөн Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн яамны зөвшөөрлөөр олгодог байна.