ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Тод каннам” эмнэлэгт холбогдох шүүх хурлын товыг тогтоожээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-14

Өнгөрөгч оны гуравдугаар сарын 26-ны өдөр Эрдэнэт хотод амьдардаг 29 настай бүсгүй Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Тод каннам” гоо сайхны эмнэлэгт ирж, өөх соруулах хагалгаанд орж байхдаа зүрх нь зогсож, улмаар нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж авч байхдаа амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. 

Гахайн аж ахуй, гадаад худалдаа нэрээр анх тусгай зөвшөөрөл авч, улмаар 2013 оноос гэнэтхэн гоо сайхны үйлчилгээ үзүүлж эхэлсэн тус эмнэлгийн хувьд хууль зөрчин ажиллаж байхдаа хүний аминд хүрсэн гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцлээ. 

Талийгаач бүсгүй нь төрөлх нутагтаа Солонгос хоолны ресторан ажиллуулдаг, тун ч ажилсаг, чадварлаг нэгэн байсан гэдэг. Бүсгүйн үхлийн шалтгааныг шүүх эмнэлгийн байгууллагаас тогтоохдоо “Өөх соруулах явцад өөхний үртэс уушги, зүрхний судсыг бөглөж, тархийг нь үхжүүлсэн” гэж гарчээ. 

Угтаа БНСУ-д 1-2 сар л сургалтад хамрагдсан мэргэжлийн бус эмчийн буруутай үйлдлээс болж, охин нь амиа алдсан хэмээн талийгаачийн аав үзэж, 1-5 жилийн хөнгөн ял төлөвлөснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн юм. Мөн тус эмнэлгийн захирал болон сувилагч нарт л хөнгөн ял хүлээлгээд өнгөрөх гэж байна хэмээжээ. Тэгвэл өчигдөр энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж, тус эмнэлгийн захирал Б.Тодномбат болон сувилагч Б.Мөнгөнчимэг нарын шүүх хурлыг энэ сарын 27-ны өдөр хийхээр товлов.