ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өлөнгийн үйлдвэрийн бохирын тогоонд унасан иргэдийн хоёр нь ухаангүй байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-01-14

Хятадын хөрөнгө оруулалттай "Өлөн боловсруулах үйлдвэр"-ийн бохирын тогоонд таван хүн унаж, хорджээ. Бохирын тогоонд унасан иргэдийн хоёр нь БНХАУ-ын иргэд аж. 

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Өлөн боловсруулах үйлдвэр”-ийн өлөнгийн өнгөр чанах 3.5х2.5 метрийн хэмжээтэй тогоонд тус үйлдвэрийн ажилтан тус дүүргийн харьяат 44 настай, эрэгтэй Б, БНХАУ-ын иргэн 36 настай, эрэгтэй Ш, 34 настай, эрэгтэй Л нар унасан тухай дуудлагыг өчигдөр Онцгой байдлын газар 14:23 цагт хүлээн авсан байна. 

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход тухайн иргэд хордож, ухаан алдсан байсан тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна. Энэ талаар Хордлогын Үндэсний төвөөс тодруулахад “Энэ асуудлын талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Одоохондоо мэдээлэл битгий өг гэсэн” гэв. 

Харин ОБЕГ-аас Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн их эмч Н.Чингүүнээс иргэдийн биеийн байдлын талаар тодруулахад "Тогоонд унасан хоёр иргэний биеийн байдал хүнд, ухаангүй байна. Нэг иргэн ухаан орсон, биеийн байдал нь хүндэвтэр байна. Мөн тус үйлдвэрийн хоёр ажилтан хордлогын шинжтэй ирсэн бөгөөд биеийн байдал нь дунд зэрэг байгаа" гэдгийг мэдээлжээ.