ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ОХУ: Д.Медведевийн Засгийн газар огцорлоо

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-16

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ОХУ-ын Холбооны Дээд Зөвлөлд өчигдөр илтгэл тавьсан юм. Илтгэл нийтдээ гурван цаг орчим үргэлжилсэн. Тодруулбал, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хөндөж, Ерөнхий сайд, Орлогч сайд, Засгийн газрын гишүүдийг Ерөнхийлөгч томилж, чөлөөлдөг байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Түүний илтгэл өчигдөр 18.20 цагт өндөрлөсний дараа Ерөнхий сайд Д.Медведев ОХУ-ын Үндсэн хуулийн 117 дугаар зүйлийн 1-д заасны дагуу Засгийн газрын нийт гишүүд бүрэн бүрэлдэхүүнээр огцрох хүсэлт гаргаж байгааг мэдэгдлээ. Улаанбаатарын цагаар 21.30 цагт Оросын төв мэдээллийн агентлагууд энэ тухай анхлан мэдэгдсэн билээ. 

Улмаар Ерөнхийлөгч В.Путин өргөдлийг хүлээн авч, шинэ Засгийн газар байгуулагдах хүртэл танхимын гишүүдийг үүрэг гүйцэтгэж байх чиглэл өгчээ. Мөн Д.Медведевийг ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн Орлогч даргын албан тушаалд томилох санал тавьсан юм.

Дараагийн Ерөнхий сайдад одоогоор ОХУ-ын Татварын Албаны даргаар ажиллаж байгаа Михайл Мишустинг томилох саналтай байгааг В.Путин танилцуулж, өмнөх Засгийн газрыг огцруулах бичигт албан ёсоор гарын үсэг зуржээ.  Түүний нэрийг өнөөдөр Төрийн Думын хуралдаанаар оруулж хэлэлцүүлэх юм байна. Хэлэлцүүлэг эхлэхээс өмнө Төрийн Дум дахь фракцууд нэр дэвшигчтэй ээлжлэн уулзаж ярилцах бөгөөд ирэх долоо хоног гэхэд шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн тодрох бололтой.