ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Гантулга: Монгол жолооч нар 16 улс руу тээвэр хийнэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-16

Азийн автозамын сүлжээнд холбогдсон Монгол Улсын AH-3, AH-4 гэсэн хоёр замаар 16 улс руу манай жолооч нар стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр бүх төрлийн ачаа тээвэрлэх боломжтой болжээ. AH-3 гэдэг нь Монгол Улсын хойд хил болох Алтанбулагаас өмнөд хил Замын-Үүдээр гараад БНХАУ руу явах зам аж.  Харин AH-4 бол Ховд аймгийн Булган сумын боомтоор цаашлаад Баян-Өлгийн аймгийн Улаан байшингийн боомтоор гарах зам юм. Энэ талаар ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын  даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Гантулгаас тодрууллаа.

-Монгол жолооч нар олон улс руу тээвэр хийх боломж бүрдсэн талаар мэдээлэл өгөөч?

-Монгол,  ОХУ,  БНХАУ-ын хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт туссан Азийн санамж бичгээр Олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын  хэлэлцээрийг 2016 онд байгуулсан. Улмаар 2019 оны долдугаар сараас хэрэгжиж эхэлсэн юм. Энэхүү хэлэлцээр нь далайд гарцгүй манай орны хувьд Ази, Европыг холбосон хамгийн дөт зам бөгөөд үр өгөөж өндөр тээвэрлэлт юм.  Зам, тээврийн хөгжлийн яам 2016 оноос хойш Европын холбооны улсуудтай олон улсын авто тээврийн харил­цааг хөгжүүлэх чиглэлээр идэвх­тэй ажиллаж байна. Ин­гэж ажилласны үр дүнд  16 улстай олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх зөв­шөөрлийн бичгийг солилцон тээвэр хийх боломж бүрдсэн. Ингэснээр монгол жолооч олон улсын тээвэрлэлтэд оролцох боломж бүрдэж, олон улсад нэвтрэх тээврийн өргөн цар хүрээтэй ажиллана.

-Ямар ямар орнууд багтаж байгаа вэ? 

-ОХУ, БНХАУ, Казахстан, Киргизстан, Украин, БНАСАУ, Беларусь, Латви, Унгар, Турк, Литв, Польш, Герман, Чех, Гүрж, Словак зэрэг 16 улс багтана. Өнөөдрийн байдлаар “Мон Транс Авто” ХХК компани ОХУ-д үйлдвэрлэсэн “Байкал” цэвэр ус тээвэрлэн арванхоёрдугаар сарын 27 нд ОХУ-аар дайран БНХАУ-ын Тяньжин боомтод хүргэсэн.  Амжилттай явж байгаа. Баруун талын коридорын дагуух тээвэрлэлтийг 2020 оны сүүлээр эхлүүлэхээр ажиллаж байна.

-Манай улс руу Европоос тээвэрлэлт багагүй хийдэг.  Сүүлийн жилүүдэд өссөн гэсэн мэдээлэл байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Монгол Улс руу Европоос хийж буй нийт тээвэрлэлт нь нийт тээвэрлэж буй ачааны нэг хувийг эзэлдэг байсан бол 2019 онд 13 хувь хүртэл өссөн таатай мэдээлэл бий.

-Эдгээр улсуудад тээвэр  хийх жолооч болон тээврийн хэрэгсэлд ямар шаардлага тавьж байгаа вэ?

Олон улсын тээвэр хийхэд стандартын шаардлага /AH 3/ хангасан тээврийн хэрэгсэлтэй байх ёстой. Тээвэр­лэлтийн стандарт ханга­сан хувь хүн, албан бай­гуул­лагад нээлттэй. Улмаар Авто тээврийн үндэс­ний төвд хандан жолоочид зориулсан гарын авлага авч, шаардлагуудтай дэлгэрэнгүй танилцах боломжтой юм.  Тээвэрчид заасан маршрутын дагуу явах шаардлагатай.  Мөн мэргэжлийн үнэмлэхтэй байхаас гадна хил гаалиар гарахдаа мэдүүлгээ англи хэл дээр бөглөж чадах хэмжээний анхан шатны ойлголттой байх ёстой юм. 

-Тээврийн хэрэгслийн тоог хязгаарлаж өгсөн үү?

-Ачаагаа олоод, ачаа олгогч­тойгоо гэрээгээ бай­гуулсан тохиолдолд тээврийн хэрэгслийн хязгаар гэж байхгүй. Гэхдээ гурван улсын хооронд тооны хязгаар байгаа. Өөрөөр хэлбэл, гурван улс хоорондоо 200 тээврийн хэрэгсэл оруулах боломжтой. Монгол өөрийнхөө 200 тээврийн хэрэгсэлд эрх олгоно, ОХУ мөн өөрийн улсын 200 тээврийн хэрэгсэлд эрх олгоно. Одоогоор монгол тээвэрчид гурван улсын хооронд явж эхлээд байна. Цаашдаа Хятад, Оросын тээвэрлэгчид Монголоор дамжаад тээвэр хийх юм. Нэг жилийн хугацаанд 200 зөвшөөрөл бага байж магад. Бид ачааны тоо хэмжээ, эргэлтийн цаг хугацааг харж байгаад эхний ээлжинд ерөнхийд нь багцаалж гаргасан. Хэрвээ шаардлагатай ачаа, эргэлт нэмэгдвэл гурван улс хоорондын хэлэлцээрээр зөвшөөрлийн бичиг нэмэг­дүүлж болно.