ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Нэг мал хулгайлахад найм хүртэлх жилийн ял оноох хуулийг баталлаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-01-16

Х.Болорчулуун нарын 25 гишүүний өргөн барьсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Уг хуулийн төсөлд мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ногдуулах шийтгэлийг 3-8 жил болгон нэмэгдүүлж, таван бог нэг бодоос дээш тооны мал хулгайлсан бол олон тооны мал гэж үзэхээр тусгажээ. Мөн энэ хуулиар Зөрчлийн хуульд байсан бусдыг гүтгэхтэй холбоотой заалтыг Эрүүгийн хуульд оруулсан нь маргаан дагуулаад буй. Өөрөөр хэлбэл, бусдыг баталгаагүй мэдээллээр гүтгэсэн бол эрүүгийн гэмт хэрэг гэж үзэн, ял ногдуулахаар хуульчилсан юм. Энэ нь хэвлэлийн эрх чөлөөнд халдсан заалт гэж хэвлэл мэдээллийн байгууллагынхан эсэргүүцэж буй. Харин гишүүдийн зүгээс бусдыг гүтгэх, нэр хүндэд халдах үйлдлийг эрүүгийн хэрэг болгохыг дэмжиж байлаа. Тухайлбал, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Сёлжсон оронд гүтгэх нь хатуу ялтай байдаг. Эрүүгийн хуулиар шийтгэдэг. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд биднийг шийтгэх нь гэж яриад байна. Бусдыг гүтгэхгүй байхад л болно шүү дээ. Гүтгэхгүй бол хэнийг ч  яллахгүй. Гүтгэх үйлдэлд ял яагаад тавьж чадахгүй байгаа юм бэ. Өмнө нь ч гэсэн би хэдэнтээ хэлээд Зөрчлийн хууль руу оруулчихсан. Хүнийг ноцтойгоор гүтгэх гэмт хэрэгт Монгол Улс ял оногдуулж чадахгүй байгаа нь хамгийн аймшигтай. Хүн гүтгэх үйлдэлд  УИХ-ын гишүүд эвлэрчихсэн юм уу” гэв.

Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг эцэслэн хэлэлцээд баталсан. Таны хэлж байгаа гүтгэх үйлдэлд торгуулийн шийтгэл оногдуулахаар баталсан. Мөн зорчих эрхийг нь хязгаарлах ялтай. Одоогоор  зорчих эрхийг нь хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд техник хэрэгсэл зэрэг нөхцөл нь бүрдээгүй байгаа гэдгийг тодотгов.

Эрүүгийн хуульд оруулж байгаа бас нэг чухал асуудал нь малын хулгай. Малын хулгайн ял хэт хөнгөн байгаагаас энэ төрлийн гэмт хэрэг ихсэх болсон гэдгийг гишүүд онцолж байв. Мөн малын хулгайг багадаа таван хүн бүлэглэн хийдэг мөртлөө шүүхээр шийдвэрлэхэд ганцхан хүн болдог. Бүлэглэн гэдэг нь байхгүй бол, ял шийтгүүлсэн нэг хүн нь сар орчим нийтэд тустай ажил хийгээд, эрх чөлөөтэй болж байгааг Б.Пүрэвдорж гишүүн шүүмжлэв. Тиймээс энэ өөрчлөлтөөр нийтэд тустай ажил гэдгийг авч хаяж айгаа нь сайшаалтай гэдгийг ч тэрбээр онцолсон юм. Ингээд хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 61 хувийн саналаар дэмжин, батлав.