ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Пүрэвдорж: Ч.Улаан нэг кг махнаас 7000 төгрөгийн авлига  авч байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-01-17

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж УИХ-ын даргад ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах хуулийн төслийг өргөн барьсан билээ. Үүнтэй холбогдуулан цөөн асуултад хариулт авлаа.

-ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулахаар УИХ-ын даргад хандсан. Ямар үндэслэлээр огцруулахаар болсон юм бэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Тийм ээ.  ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах албан бичгийг өргөн барьсан. Түүнийг огцруулах гурван үндэслэл бий. Нэгдүгээрт, малчдын махны үнийг унагасан. Орлогыг бууруулсан. Дараа нь Монголын махны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг доголдуулж, дампууруулах хэмжээнд хүргэсэн. Гуравдугаарт, БНХАУ-ын махны эзэдтэй махны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжсэн гэсэн үндэслэлээр огцруулах хуулийн төслийг өргөн барьсан.  

-Махны үнийг зах зээлд барих шийдвэрийг ХХААХҮЯ-нд даалгасан. Тиймээс үнийг нэмэхгүй байх бодлого барьж байгаа гэх юм. Квот нь үүнтэй холбоотой юу?

-Өнгөрсөн оны есдүгээр сард малын тоо толгой хангалттай хэмжээнд өссөн. Түүнийгээ дагаад зах зээлд борлуулагдах үнийн хувьд ч боломжийн байсан. Тухайлбал, төлөг 100, эр хонь 160 мянган төгрөгт хүрч байсан бол одоогоор тус бүр 20-30 мянган төгрөгөөр үнэ буурчээ. Бод мал гэхэд 200 мянган төгрөгөөр унажээ. Энэ бол цэвэр Ч.Улаан сайдын гаргасан ганцхан алга дарам цаас буюу хятад компаниудад өгсөн квотын үр дүнд зах зээлд мах махан бүтээгдэхүүний үнийн уналт бий болсон шүү дээ.

-Махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өчнөөн компани бий. Яагаад 12 квотын эрх олгосон юм бол?

-Манай улс 140 гаруй махны үйлдвэрүүдтэй. Түүний зөвхөн нь 12  БНХАУ руу мах экспортод гаргах эрх олгодог. Олгосон квот нь зах зээлд маш их эрэлтийг бий болгож, авлигаар асуудлыг шийддэг. Үлдсэн 130 гаруй үйлдвэр нь квотын эрхтэй 12 компанидаа хандахаар “Бид авлига өгч квотыг авсан учраас та бүхнээс нэг кг адууны махан дээр 12 юанийн төлбөр нэмнэ” гэдэг зүйлийг шаардлагыг тавьж байна. Тухайлбал, зах зээлд адууны мах 5000 төгрөгийн үнэтэй байлаа. Тэгэхэд зах зээлд үүнтэй ижил буюу 4800 төгрөгийн үнэтэй авлигыг Ч.Улаан бий болгож байна. Тиймээс аж ахуйн нэгжүүд ашиг олохын  тулд малчдаас малыг нь хямдхан авч, авлигын мөнгийг нь төлж байна. Өнгөрсөн хугацаанд нэг бодоос 200, богоос 20-30 мянган төгрөгөөр ханш зах зээлд унасан нь Ч.Улааны квоттой шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, малчин нэг бог, бод зарлаа гэхэд 200-230 мянган төгрөгийг Ч.Улааны халаасанд  шууд болон шууд бусаар төлж байна гэсэн үг.

-Хятадын махны үйлдвэрүүдэд зөвшөөрөл олгосон шалтгаан юу вэ. Үндэсний компаниуд шаардлагыг нь хангаагүй юм уу?

-Квотын эрхтэй 12 компани ес нь БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд бий. Түүний гурав нь сайд дарга нарын компаниуд бий. Түүний дотор Ерөнхий сайдын төрсөн дүүгийнх нь компани хүртэл байгаа шүү дээ. Тухайлбал, 5000 тонны зөвшөөрөл авчихаад, квотоо зараад явж байна. Ийм луйврын системийг өнгөрсөн хугацаанд ямар ч сайдууд хийж байгаагүй юм. Энэ хулгайн системийг ганцхан Ч.Улааны үед хийж эхэллээ. Өнөөдөр махны компаниуд асуудалд орчихоод байна. Тэд малчдаас авсан махаа  үйлдвэрлээд 1.5 юанийн  ашиг олоод, аятайхан ажиллаж байна гэж ярьж буй. Гэтэл зөвшөөрөл өгдөг эрх бүхий хүмүүс өнөөдөр 12 юанийн ашгийг нэг кг махнаас хулгайлж байна. Иймээс зах зээлд малын ханшийг унагааж, малчдын орлогыг булаасан үйлдвэрүүдийг квот нэрийн дор үйл ажиллагааг нь доголдуулсан Ч.Улааныг огцруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Нийт 250 гаруй мянган малчны өмнөөс огцруулах үндэслэлийг УИХ-ын даргад өргөн барьсан.

-Зах зээлд махны ханш унасан квоттой шууд холбоотой гэж үзэж байна уу?

-Зах зээлд 12 квотын эрхтэй аж ахуйн нэгжээс жирийн  үйлдвэрүүд нь  нэг кг адууны махны эрх авахдаа 12 юанийг төлж байгаа. Энэ бол нийтэд ил болсон зүйл. Боловсруулсан нэг кг  ямааны махнаас  зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд жирийн 130 гаруй компаниас 18 юанийг нэхэж байна. Ойролцоогоор нэг кг махнаас 7000 төгрөгийн авлига Ч.Улааны үед бий болсон. Тиймээс зах зээлд махны ханш унаж байна.

-Танд баримт бий юу. Бусад аж ахуйн нэгжээс ирсэн гомдлууд гэж ойлгож болох уу?

-Би Монголын махны холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг. Бүх аж ахуйн нэгжүүд далд хэлбэрээр ийм төлбөр төлж байж, зөвшөөрөл авч байна гэдгийг уламжилсан. Үүнийг зохих ёсны байгууллагад нь мэдэгдэж, шийдүүлж өгөөч ээ гэсэн. Энэ асуудлыг АТГ шалгаж байгаа  ч өнөө хэр нь тодорхой мэдээлэл өгөхгүй байна. Тиймээс хууль хяналтын байгууллага анхааралдаа авч ажиллах хэрэгтэй байна шүү дээ.

-Цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-Ч.Улааныг огцруулна. Мөн бусад аж ахуйн нэгжүүд үүнээс болж хохирсон баримт болон авлигын системийг илрүүлэхэд хамтарч ажиллах боломжтой. Үе үеийн төрийн өндөрлөгүүд айлчлал бүртээ махны экспортыг тэргүүн эгнээнд тавьдаг. Өнгөрсөн  хугацаанд 75 мянган тонн махыг экспортод гаргасан байдаг. Харин үүнийг Ч.Улаан будлиулж, 20 мянган тонноор бууруулаад байна.