ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

В.Путины “Гэнэтийн хөзөр”

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2020-01-20


Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн өглөө сэрэхдээ оросууд Михаил Мишустин гэх нэрийг бараг л сонсоогүй байх. Түүний тухай байтугай нэр нь ч  википедиад  тэмдэглэгдээгүй байсан болов уу. Харин оросуудыг орой орондоо орох үед Үндсэн хуульд нь олон өөрчлөлт орохоор болж, тэр ч бүү хэл Засгийн газар нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон бөгөөд пүрэв гарагийн өглөө болоход тэд Михаил Мишустин гэх шинэ Ерөнхий сайдтай болсон байлаа. 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин лхагва гарагт Холбооны дээд зөвлөлд 2020 онд хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар илтгэл тавьсан бөгөөд илтгэлдээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар дурьдаж,  “супер ерөнхийлөгч”-ийн засаглалаас “ерөнхийлөгч-парламентын бүгд найрамдах улс”-ын тогтолцоонд шилжих нь зүйтэй гэсэн байр сууриа маш тодорхой томьёолсон юм. Түүнийг илтгэлээ тавьсаны дараа Засгийн газрын хуралдааны үеэр Медведев танхим нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч буйг зарлажээ. Үүнд В.Путин оролцсон бөгөөд Медведевийн мэдэгдлийн дараа сайд нарт хандаж, хүчин зүтгэлд нь талархал илэрхийлээд Д.Медведевийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга буюу өөрийнхөө орлогчоор томилж байгаагаа зарласан байна. Харин шинэ Ерөнхий сайдаар Михаил Мишустиныг нэрлэсэн нь олон нийтийг гайхшруулж орхисон. 

“Гэнэтийн хөзөр” Мишустин гэж хэн бэ

1966 оны гуравдугаар сарын 3-нд Москва хотноо төрсөн тэрээр 1989 онд Москвагийн суурь машин төхөөрөмжийн дээд сургуулийг “Системийн техник инженер” мэргэжлээр дүүргэсэн. Улмаар сургуульдаа аспирантурт 1992 оноос суралцжээ. 

Мөн Плехановын  нэрэмжит Оросын эдийн засгийн академид “Орос дахь улсын татварын засаг захиргааны механизм” сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Харин эдийн засгийн ухааны докторын зэргийг ОХУ-ын Засгийн газрын  дэргэдэх Ардын аж ахуйн академид “Оросын эд хөрөнгийн татварын стратегийн бүтцийг бүрдүүлэх нь” сэдвээр хамгаалсан байна. Барууны дэвшилтэт мэдээллийн технологийг татах зорилготой, арилжааны бус олон улсын компьютерын клубт Михаил Мишустин 1992 оноос ажиллаж эхлэн 1995 он хүртэл тестийн лабораторийн захирал, 1995-1996 онуудад Ерөнхий захирал Левон Амдиляны орлогч, 1996-1998 онуудад Олон улсын компьютерын клубын захиргааны даргаар ажиллаж байв. 

1998 онд ОХУ-ын татварын албаны дарга Борис Федоровын татвар төлөлтийн хяналт, тооцооны мэдээлийн системийн асуудал эрхэлсэн туслахаар ажиллаж байгаад 1998 оны наймдугаар сарын 22-ноос Татварын албаны даргын орлогчоор ажиллав.

Улсын татварын албаны бааз дээр 1998 оны арванхоёрдугаар сарын 23-наас Татвар татах, цуглуулах яамыг байгуулжээ. 1999 оны гуравдугаар сараас 2004 оны гуравдугаар сар хүртэл  Мишустин энэ яамны орлогч сайдаар ажиллалаа. Ерөөс түүний хашсан ажил, албан тушаал нь татвар, татварын системтэй салшгүй холбоотой байж иржээ. 

Харин 2004 оны гуравдугаар сарын 22-ноос 2006 оны  арванхоёрдугаар сарын 18 хүртэл Үл хөдлөх хөрөнгийн кадастрын холбооны агентлагийн тэргүүнээр ажилласан байна. 2006 оны  арванхоёрдугаар сарын 18-наас 2008 оны хоёрдугаар сарын 29 хүртэл Михаил Мишустин Эдийн засгийн онцгой бүсүүдийн захиргааг удирдав. 2008-2010 онуудад  UFG Capital Partners компанийн Ерөнхийлөгч, UFG Asset Management компанийн удирдагчаар ажиллан бүс нутгийн бизнесийн хөгжлийн асуудлыг эрхэлж байв. 

2010 оны дөрөвдүгээр сарын 6-наас ОХУ-ын Татварын холбооны албаны удирдагчаар өнөөг хүртэл ажиллаж байна. Түүнийг дарга байх хооронд тус албанд инноваци, орчин үеийн технологи идэвхтэй нэвтэрч эхэлсэн юм. 2010 онд ХТА нь нэгдсэн төсөвт 7.7  их наяд рубль оруулсан бол 2018 онд тэр нь 2.76 дахин нэмэгдэн 1.3 их наяд рубль болжээ.

2013 оны аравдугаар сараас Михаил Мишустин ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн Татвар болон татвар тогтоох факультетын шинжлэх ухааны удирдагчаар давхар ажиллаж байна. Мөн “Оросын улсын татварын захиргааны мэдээлэл, технологийн үндэс” нэртэй бүтээлийг (2005) зохиогч. Мишустины орлого  2018 оны мэдүүлэгээр 18 сая 993 мянган рубль бол эхнэрийнх нь орлого 47 сая 709 мянган рубль гэж бүртгэгдсэн байна. ОХУ-ын Төрийн жинхэнэ зөвлөхийн I зэрэгтэй (2010). Хүндэт одон (2012), “Эх орны төлөө зүтгэсний төлөө” IV зэргийн одонгоор (2015) тус тус шагнагдсан аж. Гэр бүлтэй, гурван хүүтэй. Түүнийг өнөөдрийг хүртэл хэн ч Ерөнхий сайд болно гэж төсөөлөөгүй байсан нь зан чанартай нь холбоотой байж мэднэ. Хэвлэлд тодорхойлсноор тэр амбицгүй нэгэн гэнэ. В.Путинтай ижил хоккей сонирхогч төдийгүй төгөлдөр хуур тоглох хоббитой аж. Үүнээс гадна Оросын хэд хэдэн алдартнуудад зориулан дууны хөгжим бичсэн шаггүй авьяаслаг хөгжмийн зохиолч гэнэ. 

Түүнийг яагаад Ерөнхий сайдаар томилох болов 

В.Путин яагаад Михаил Мишустиныг ОХУ-ын Ерөнхий сайдын албан тушаалд дэвшүүлсэн нь хэд хэдэн шалтгаантай гэж Болгарын “Стандарт” сонин дурджээ. Эхний шалтгаан нь Мишустин төрийн удирдлагын тогтолцоонд инновацийг нэвтрүүлэх талаар манлайлан ажилладаг хүмүүсийн нэг аж. Тэрбээр татварын албанд автоматжуулалтын чиглэлд шинэчлэл хийж, цахим гарын үсэг, татвар төлөгчийн хувийн дугаар зэргийг нэвтрүүлсэн байна. Мөн татварын байгууллагуудад нэг цонхны үйлчилгээг бий болгожээ. Түүнчлэн, Мишустин бизнесийн салбарт маш нарийн тодорхой хяналт тогтоосон хүн гэж үнэлэгддэг. Мишустины үед маш өргөн хүрээтэй татварын шалгалтуудыг явуулж байсан боловч тэрбээр өөрөө ярихдаа “татвар-бизнесийн харилцаанд эв найртай байхыг үргэлж эрхэмлэсээр ирсэн” гэдэг.   

Мөн Мишустин олон улсын татварын байгууллагуудтай амжилттай хамтран ажиллаж чадсан байна. Үүний тод жишээ бол Орос улс мөнгө угаах, оффшор бүст мөнгө нуух явдалтай тэмцэх зорилгоор хэрэгжиж буй BEPS олон улсын төсөлд оролцож байгаа явдал юм. Төслийн хүрээнд Орос улс татварын мэдээлэл солилцох системд нэгдсэн бөгөөд ингэснээр улс орон бүрийн талаарх шаардлагатай мэдээллийг онлайнаар авах боломжтой болсон байна. Шинэ технологи, шинэ программ хангамж ашигласны үр дүнд хурааж буй татварын мөнгөн дүн дээд амжилт тогтоохоор хэмжээнд хүрч байна. 2017 онд хураасан татварын хэмжээ өмнөх онтой харьцуулахад 20 хувиар, 2018 онд 23 хувиар тус тус өсч 2018 онд татварын орлого 21,3 их наяд рубльд хүрсэн нь Орос улсын нэн шинэ түүхэн дэх дээд амжилт юм. Тиймээс л түүнийг Ерөнхий сайдаар нэрлэж, 2012 оны сонгуулийн амлалтаа биелүүлэх, өдөр ирэх тусам буурч буй ард иргэдийн амьдралын төвшин, Засгийн газарт итгэх иргэдийн итгэлийг дахин сэргээх итгэл хүлээлгэжээ.  
Барууны хориг арга хэмжээ, газрын тосны үнийн уналтаас шалтгаалан ОХУ-ын эдийн засгийн өсөлт буурч, Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан ч идэвхжих болсон. Дээр нь төрийн мэдээллийн агентлагуудын мэдээлэлд итгэх иргэдийн итгэл суларч буй нь олон нийтийн санал асуулгаас тодорхой болсны зэрэгцээ В.Путины рейтинг 68, Медведевийнх 38 хувь хүртлээ унасан байдаг.