ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Боевик”

А.ОДСҮРЭН
2020-01-20

Нэг бодлын жинхэнэ “мужик” ч юм шиг, нөгөө бодлын “мудак” жаал ч юм шиг нэг залуухан улстөрч сүүлийн хэд хоног тоосоо гөвүүлж байна. Баян айлын эрх жаал гэж парламентад орж ирсэн цагаасаа “нүдүүлсэн” УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр одоо ч “нүдүүлсээр”.

Доромжлуулах тусам долоон бурхан од шиг улам бүр “гялалзаад” байдаг хүнийг яалтай ч билээ. Айлд нэг тийм хүүхэд байдаг даа. Аав нь суран тэлээгээр ороолгож байхад уйлах нь бүү хэл нүдээ ч цавчихгүй, “уучлаарай, дахиад тэгэхгүй ээ” гэж зальдахаа ч мэддэггүй гүргэр. Номт багадаа тийм байсан байх.

Парламентч билээ гэж биеэ барьдаггүй, намба суудаггүй, яг “байгалиараа”. Гаргаж буй араншин, байгаа байдал, хэлж ярьж байгаа нь цаанаа л баавартай. Эцгийн хөрөнгөнд эрдэж явж эндээд байна уу, эрс шулуун зан төрхөөрөө элдэв хэрэгт орооцолдоод байна уу, хэлж мэдэхгүй юм. Эцгийн алдааг хүүд нь тохож болохгүй ч хүүгийн хүмүүжлийг аав, ээж нь л төлөвшүүлсэн байж таарна.

Н.Номтойбаярын “өдүүлсэн” хэргүүдийн гол объект нь баар, цэнгээний газар. Гомдол гаргагч нь түүний зиндааны залуучууд. Урьд нөхөрлөж явсан, олон жил ганзага нийлсэн, аль эсвэл хэн нэг “босс”-ын үе залгамжлагч. Олон жил нөхөрлөсөн “мунзуй” Нямдоржтой муудалдаж хутга шөвөгтөө тулсан хэрэг нь хуучраагүй байна. Саяхан Б.Хурц генералын хүүтэй гар зөрүүлсэн бичлэг олон нийтэд цацагдаж байх жишээний. Атаманууд л жинхэнэ хүн чанартай хүмүүс байдаг гэж орчин цагийн хэлц гарсан байсан.

 Шинэ цагийн атамануудын байдал төрх шал өөр. Яг Номт шиг. Хөрөнгө мөнгө, сайн эцгийн алдар хүнд, хашиж буй албан тушаал, эрх мэдлийн дээд цэгт хүрсэн байхад жаахан цөс ихтэй байхад л болоод явчихаж байгаа юм. Улстөрч хүнд, хууль тогтоох дээд байгууллагын гишүүн хүнд атаман зан хэзээ ч зохихгүй.

Ард түмний зарц, элч гэж томъёологддог хүнд бүр ч хэрэггүй. Атаман нь гудамжиндаа, улстөрч нь ордондоо, нэг үгээр цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө байж болдоггүй юмсан уу. Н.Номтойбаяр АНУ-ын Индиана мужийн Валпарайсо их сургуулийг улстөрийн шинжлэх ухааны мэргэжлээр “төгссөн”.

Тэнд хэрүүл, зодооны төрлөөр мэргэжил дээшлүүлчихээгүй л байлтай. У.Хүрэлсүхэд агсам тавьсан, Г.Батхүү агсны хэрэгт холбогдуулан шалгагдаж буй, Хурцын хүү Тайвантай зодолдсон, Булганд авто ослоор хүний аминд “хүрсэн” гэхчлэн нийтдээ 30-аад хэрэгт холбогдсон гэх мэдээлэл бий. Дандаа томчуудын хүүхдүүдийг барьж аваад “гөвшчихдөг”. Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгахаар Нийслэлийн прокурор шийдвэрээ УИХ-д хүргүүлчихлээ. “Чаддаг юм бол бүрэн эрхийг минь түдгэлзүүлж байгаад шалгаарай” гэснийг нь ёсоор болголоо. Эрийн хуйх мөн эсэхээ харуулах л үлдлээ дээ, Номт минь.