ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Жавхлан: Би намд орохгүй, харин нам надад элсэнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-01-20

 -Гэхдээ би өөр шиг чинь бодол төрж бага зэрэг ичиж байсан-

УИХ-ын гишүүн С.Жавхланг энэ удаагийн дугаарынхаа “Ярилцах” танхим буланд урьж ярилцлаа.
 
-УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан бүрэн эрхийн хугацаа хэдхэн сарын дараа дуусгавар болох гэж байна. Энэ хугацаанд тойрогтоо юу хийж бүтээсэн бэ. Та УИХ-д тойргийнхоо иргэдээ бүрэн төлөөлж чадав уу?

-2018 онд Баянзүрх дүүргийнхээ сургуульгүй байсан X хороонд нийслэлийн 142 дугаар сургуулийг төсөвт суулгаж 942 хүүхэд гэртээ ойрхон сургуультай болсон. УИХ-ын гишүүний бүтэн жилийн төсөв бүгд орсон. 2019 онд дөрвөн цэцэрлэг, хоёр сургууль төсөвт мөн суулгасан. Энэ ажил 2020 онд мөн үргэлжлээд явж байна. Гачууртын Шар хоолойн 3.9 км замын ажил ирэх гуравдугаар сараас ажиллах эхлэх гэж байна. Энэ ажил хойшилсоор байгаа. Учир нь зам барих компаниудын хооронд тендерээс болж хоорондоо маргаж шүүхдэлцэж ажил удааширсан. Нийт хороодын иргэдээс ирсэн хүсэлт, санаа бодлыг чадлын хэрээр сайн сонсож ажилдаа тусгаж ажилласан. Иргэдээс ирсэн олон олон хүсэлт өргөдлүүдэд зохих ёсны хариултуудыг өгсөн.

-Танай тойргийн хамгийн хүндрэлтэй асуудал юу вэ?

-Замын асуудал байна даа. Улиастайн зам болон хороолол дундах замууд гэрэлтүүлгийн асуудал бий. Энэ нь ихэвчлэн зураг гараагүй байдаг. Зургийг хот төлөвлөлт буюу нийслэлээс гаргах ёстой. Ийм зүйл байхгүй учраас УИХ-ын гишүүний зүгээс төсөвт оруулж суулгаж болдоггүй хүндрэл байна.

-Тэгэхээр таныг амлалтаа биелүүлсэн гэж ойлгож болох уу?

-УИХ-д нэр дэвшиж, ялалт байгуулах юм бол энэ төрд бугласан хомхой муу сэтгэлтэнгүүдтэй тэмцэнэ гэсэн амлалт өгсөн. Энэ бол миний үндсэн амлалт. Түүнээс таалагдах гэж санаан зоргоор зам тавьж, байшин барьж өгнө гэж амлахгүй гэдгээ шударгаар хэлсэн. Үүнийг манай тойргийн иргэд мэдэж байгаа. Гэсэн хэдий ч дээр дурдсан сургууль, цэцэрлэгийн асуудлыг маш чамбай хөөцөлдөж гүйцэтгэсэн. Эдгээр ажлыг бүтээхийн тулд бусад гишүүдээс илүү хөөцөлдсөн гэж ойлгож болно. Тухайлбал, 2020 оны төсөвт 12,5 тэрбумын өртөг бүхий ажлуудыг хөөцөлдөж суулгасан. Хүмүүс оюун санаанд юу хийв гэдэг талаас нь бус мөнгө төгрөг талаас нь их харах юм. Энэ талаасаа ийм байна.

-Тойрогтоо төсөв мөнгө татахгүй нүдэнд харагдаж, гарт баригдах ажил хийхгүй бол болохгүй шүү дээ?

-Тийм шүү. Гэхдээ миний хийж байгаа тэмцэл бол хүн бүрийн тархи цэвэр зөв, цагаан болчихвол болох нь тэр. Өөрөөр хэлбэл, “Эх нь булингаргүй бол адаг нь булингаргүй” гэдэг шиг зарчим руу явсан. Монгол дээлээ бүсэлж аваад, тархи цэвэр, хулгайгүй үнэн байх тухай тэмцэл явлаа шүү дээ.

-Дөрвөн жил хийсэн тэмцэл чинь үр дүнд хүрсэн үү?

-Нэг монгол дээлтэй хүн УИХ-д орж ирээд, хэлээд сануулаад, айлгаад, сүрдүүлээд байхаар тодорхой хэмжээнд өөрчлөгддөг юм байна. Үүний давтамж нь их олон байлаа. Олон жил болсон хорт хавдар задархад миний хэлсэн онч үг, олон түмний санаа бодлыг уламжилсан учир оюун санааны дэвшил гарсан гэдэгт итгэлтэй байна.

-Та УИХ-ын гишүүдийг дээл өмсдөг болгоно гэж ярьж байсан. Таны үйл хэргийг ангийн чинь нөхөд хэр дэмжиж байна вэ?

Caption

-Жавхланг дагасан болчих гээд хэцүү байгаа шүү дээ. Жавхлан өвгөдийн Монгол ёсоо үлгэрлэсэн болохоос дээл ганцхан миний юм биш шүү дээ. Монголчууд бид бүгдийнх юм. Хэрэв тэдгээр хүмүүсийн тархи ингэж зөвөөр харсансан бол тэдний улс төрийнх нь амьдрал уртасах байлаа. Ийм жижиг атгаг санаанаасаа салж чадахгүй бодлоо дийлж чадахгүй дүүрчихсэн нөхдүүд дунд байна даа хөөрхийс. Монгол сэтгэлтэй, Монголоо хайрладаг л бол Монгол хуралдай дотроо Монгол дээлтэйгээ суух ёстой. Монгол дээл өмссөн хүн худлаа ярьдаггүй юм. Жинхэнэ Монгол хуралдай бүрэлдэх цаг байгаа бид үзнэ.

-Худлаа ярихын тулд гадаад хувцас сонгодог гэсэн үг үү?

-Тийм ээ. Тэд худлаа ярихын тулд гадаад хувцасыг сонгож байна. Өндөр боловсролтой хүн болж харагдах гэж ингэж байна. Одоо бүх юм илчлэгдэж баригдсан. Цаашид Монгол хуралдайн зарчим бол монголчлол, монголлог байгаад зогсохгүй Монголын эрх ашгийн төлөө тархи уралддаг болох ёстой.

-Таны үйл хэргийг хэн, хэн дэмжиж байна. Нэрлэж болох уу?

-Байна. Тархиндаа жоохон оч асааж, зөв шүү гээд дэмжиж байгаа хүмүүс бий. Сая би чуулганы хуралдаанаас гарч ирлээ. Тэгсэн нэг нөхөр бид яг цэвэр хэрэглэгч орон болсон. Харин бүтээгч орон байхаа больсон байна гэж байх жишээтэй. Миний уриалаад үлгэрлээд байгаа зүйл бол жинхэнэ зөв эдийн засаг буюу эд юмаа засаж засаглаад явах жинхэнэ төрийн өргөн ухагдахууныг хэлээд байна. Бид юмаа засаж чадахаа больсон. Дандаа харь улсаас эд зүйлээ авдаг болсон. Тэгэхээр Жавхлан юугаар үлгэрлээд байна вэ гэхээр 2009 онд нөхөн сонгуульд нэр дэвшиж байхад “Монгол дээлээ заагаад Монгол монгол дээлээс эхэлнэ” гэж хэлж байсан. Бид монгол биед монгол дээл хувцсаа өмсөж, бага багаар сэргээж, эдийн засгаа аврах ёстой. Ингэж байж бусдаас гуйдаггүй амьдралыг бий болгоно шүү дээ. Энэ бол маш том зарчим. Монголчуудын мөнхийн сэдэв байх болно. –

-Таны эхнэр дээлийг их уран тансаг урладаг шүү дээ. Та 74 гишүүндээ нэг, нэг сайхан дээл бэлэглэж болохгүй юу?

-Дээлийг үнэн сэтгэлээсээ ухаарсан хүн өмсөх ёстой. Түүнээс хүчээр өмсөж болохгүй. Үүнийг ухаарсан залуус Монголд их бий болж байгаа. Цаашид улам нэмэгдэнэ. Би зуун хувь итгэлтэй байдаг.

-Таны сонгогдон ажилласан парламентаас болох, болохгүй маш олон луйвар булхай илчлэгдлээ. Одоо хэр нь шившгээ барж, дийлэхгүй явна. Харин та үүнд ямар дүгнэлт хийж байна. Юу гэж харж байна вэ?

-Ийм байхад сэтгэлтэй хүн гарч ирэх, сонгогдох тогтолцоо биш. Уул уурхайтай, бизнестэй жаахан зоос хураасан хүмүүс зөвхөн өөрийнхөө албан байгууллага буюу компанийнхаа төлөөлөл болж орж ирж байна. Үүнийг хэн оруулж ирж байна вэ гэхээр өргөн түмэн шийдэж байна. Тухайлбал, тэд данх, шанага, халуун сав, гутал, хоёр уут гурил, ганц хоёр шил архи, арав тавхан цаас аваад оруулж ирж байгаа сонголтын тогтолцоо нь маш буруу. Тиймээс энэ дотор ирж ирсэн хүмүүс Монголын төлөө бус мөнгөний төлөө, өөрсдийнхөө бүлэглэлийн төлөө, өөрийнхөө компанийн төлөө, эхнэр, хүүхдийнхээ төлөө явж байна. Өөрөөр хэлбэл,  бараг  74 компанийн төлөөлөгч байна шүү дээ. Энэ хүмүүсийн эхнэр нь зөөлөн далайн эрэг дээр усны шувуу шиг очиж өвөлжиж байна. Наранд биеэ шарж, тахиа шувууны мах идэж байна. Та ямар сонголтыг хийнэ, түүнийхээ үр дүнг харж байна даа. Нам гэдэг ойлголт ахмадуудын тархинд бүр тодорхой цэг болоод үүсчхэж. Яагаад намыг хүн гэж харахгүй байна вэ. Яагаад Монгол гэж харахгүй байна. Яагаад төрийг нам, мөнгө гэж хараад байна вэ. Энэ бүх алдааныхаа үр ашгийг үзэж байна. Гэхдээ нийгмийн оюун санааг өөрчлөхөд миний нас хүрнэ байх гэж бодож байна. -Хулгайч, луйварчидтай тэмцэнэ гэж амласан байдаг.

-Тэднийг илчлэхэд хэрхэн ажилласан бэ. Тэдний талаарх баримт, мэдээ мэдээлэл танд бий юу?

-Энэ талаар тухайлаад яривал маш олон бий. Ерөнхийлөөд хэлэхэд, нийгмийн оюун санаа болон үнэн үгний эрчим хүчний цохилтууд маш их очсон. Энэ чинээгээр хагарч, задарч, сэмэрч байна. Энэ талаар хэлж, ярьж чадахгүй байсан хүмүүс маш их зориг орж дагаад дуугардаг болсон. Энэ шуурга маш их явсан. Би өрөөнөөсөө гаралгүй суулт зарлаж гурав дөрөв ч хонож үзлээ. Өмнөх Ерөнхийлөгч, УИХ-ын даргын талаар маш их шүүмжилсэн. Улсын их задрал уу, УИХ руу гэдэг эсэргүүцлийг хүртэл хийсэн. Үүний араас маш их олон давлагаанууд үүслээ. Хийсэн цааш хийх зүйл олон байгаа.

-Таныг концесс, тендер, сангаас мөнгө авах уу гэж асууж байв уу. Засгийн газрыг огцруулах гэсэн юмаа ганц кноп нэмэрлэчих гэсэн гуйлт байсан уу өнгөрсөн хугацаанд?

-Надад ийм санал ирээгүй. Намайг оролцохгүй гэдгийг угаасаа мэдэж байгаа. Хамгийн аймшигтай нь айж байгаа. Тэд айгаад ирэхгүй шүү дээ. Үнэнээс худал айдаг юм. Үнэн ийм л байдаг. Үнэнээр яваа хүн над шиг тайван байдаг. Ямар ч зүйлээс айж, бэргэх шалтгаан байхгүй. Худлаар явсан хүн үхтлээ айж явдаг. Худлаа зүйлийг худлаар дарахыг хүсдэг. Тиймээс би ийм зүйлд орохгүй.

-Өнгөрсөн хугацаанд лоббинд автаж ганц удаа ч болов кнопоо үнэлсэн үү?

-Жавхлан зуун хувь өргөн түмнийхээ санаа бодлыг мэдэрч чадахыг хичээдэг залуу. Өөрийнхөө мэдрэмжид зуун хувь итгэдэг. Тиймээс миний товчлуур гэдэг зүйл бол цэвэр Жавхлангийн өөрийнх нь цэвэр улс төрийн шийдвэр. Хэн нэгэн надад хөндлөнгөөс нөлөөлж чадахгүй.

-Та үндсэн үүрэг хууль эрх зүйн орчныг сайжруулах, засах шүү дээ. Та хэчнээн хуулийн төсөл санаачилсан бэ?

-Хоёр ч хуулийн төсөл өргөн барилаа. УИХ-ын сонгуулийн тухай хуульд айж, ичсэн ч ганц өгүүлбэр нь орлоо шүү дээ. Тухайлбал, Авлига албан тушаалын хэрэгт холбогдон шалгагдаж, ял зэм эдэлж байсан бол нэр дэвших эрхгүй. Өргөн утгаар миний санаачилсан хуулийн төсөлд байсныг оруулаагүй. Өөрөөр хэлбэл, ЖДҮХС болон бусад сангаас зээл авсан болон гадаадад овт шаар данстай, газрын наймаа лицензтэй, архи тамхины панз хийдэг, мөнгө санхүүгийн хэрэгт холбогдсон хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж тусгасан байсан. Цөөн өгүүлбэрээр хуульд тусгагдсан. Нөгөө нь УИХ болон Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажилласан. Жавхлан цаашид илүү олууллаа болохгүй бол ганцаардаж байна. Хэчнээн мянган хууль санаачилж, өөрчилье гэхээр бүлэггүй хүнд эрх нь нээгдэхгүй юм. Цаашид энэ зүйлийг улам засаж, залруулахад илүү ажиллана.

-Таныг түмэн олон дуугаа дуулаач гэх юм?

-Надаас буруу зөрүү зүйл хайгаад гутааж харлуулах гээд олдохгүй болохоор ганц олсон алдаа нь тэр юм байна. Миний ганцхан муу алдаа нь сайхан дуулдаг юм байна. /инээв/ Жавхлан төрд орж ирээд Төрийнхөө дууллыг дууллаа. Дуугаач дуулна үнэн үгээч зоригтой хэлнэ.

-Та яах гэж “Гурван сая” инээд шоунд орсон юм бэ. Шууд хэлэхэд, жаахан утгагүй байсан?

-Би өөрөө гүйж ороогүй. “Боловсрол” сувгийн ээлжит баярын дугаар байсан шүү дээ. Гэхдээ хүн өөрийгөө хэзээ ч голж болохгүй. Хамгийн гол нь инээх, инээхгүй дээ биш. Тэр нэвтрүүлгийн үзэл санаа таалагдсан. Би өргөн түмнийг инээгээсэй гэж бодож очсон. Чи ирээд уурлуулаад өгөөч ээ гэсэн бол очихгүй. Тэртээ тэргүй бүх ууртай байна. Гэхдээ би өөр шиг чинь бодол төрж бага зэрэг ичиж байсан. Гэхдээ тэрний ачаар манай тойргийн  бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй 600 хүүхэд гацуур модны бэлгийг тэр мөнгөөр хүртсэн. Гурван саяынхаа 10 хувийг хүнд өвчтэй байгаа жүжигчин Л.Нурбуландаа өгсөн. Миний хүсэл сэтгэлийг тус нэвтрүүлгийн хамт олон Монгол хүний өрөвч нинжин сэтгэлээр харж ойлгосон байх. Түүнээс би хүн шуудхан инээлгээд байхаар хүн бас биш юм билээ. Ширээний ард найз нөхдүүдтэйгээ маазраад суухаас шал өөр юм билээ. Бие хураагдаад надаас 20 хувь л гарсан байх. /инээв/

-Та 2020 онд нэр дэвших үү. Тойрог солих уу?

-Тухайн үед нь хэлье дээ.

-Намгүй бие даагч хүнд бодоод, хойшлуулаад байх асуудал мөн үү?

-“Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө” гэж үг байдаг. Тойргоо булаацалдаад хэрэлдээд алалцахдаа хүрч байгаа хоёр намыг жаахан ажиглая.

-Манай намд орооч ээ гэдэг саналууд  ирж байна уу?

-Ийм саналууд маш их ирж байна. Ийм санал тавих бүрт нь Жавхлан намд орохгүй, Жавхланд нам элссэнээ л  гээд байгаа. Жавхлангийн ярьдаг Монгол, зөв сэтгэл, үнэн байх, эвтэй байх, ах захтай байх, уламжлалтай ёстой байх тухайг биелүүлж чадвал тэр намыг элсүүлж болно. Гэхдээ юу л бол.

-Гэхдээ энэ шаардлагыг давах нам бий юу? 

-Миний шаардлагыг тэд давахгүй байх л даа. Элсэхийн тулд ихэд хэцүүдэх байх