ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Тогтохсүрэн: Казиногийн хуулийг хэлэлцэж байгаа цаг үе учраас судлаад гарсан

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-20

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Австрали улсад суух Элчин сайд О.Чулуунхүү нарын нэр бүхий хүмүүс УИХ-ын даргатай хамт Австрали явахдаа казино тоглосон уу гэх асуудал яригдаж байгаа билээ.

Тодруулбал, өчигдрөөс эхлэн соошл орчинд УИХ дахь МАН-ын бүлгийн даргын зураг тавигдаад байгаа юм. Тэгвэл энэ талаар Д.Тогтохсүрэн гишүүн албан ёсоор хариулт өглөө. Тэрбээр, “УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга, Элчин сайд, УИХ-ын ахмад гишүүн Б.Лүндээжанцан бид дөрөв орж үйл ажиллагаатай нь танилцсан.

Том танхимд олон хүн бужигнасан газар байна лээ. Ороод гарах явцад бидний зургийг авсан байна билээ. Сууж байхад, зогсож байхад зураг авсан байна лээ. Бид тэнд нэг их удаагүй. УИХ-аар яг одоо Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Ш.Раднаасэд гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгааг мэдэж байгаа байх.

Энэ парламент Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр ярьж байгаа. Тиймээс нэр бүхий гишүүд хөтөлбөрт багтсан төвөөр ороод гарах явцдаа тэнд ажилладаг казиног судлаад гаръя гэж орсон. Элчин сайдтайгаа, УИХ дахь хоёр бүлгийн дарга, ахмад гишүүнтэйгээ хамт орж суугаад казино тоглож байна гэж юу байх вэ дээ. Би бооцоо огт тавиагүй.

Намайг тойрч явж байгаад суух үед, мөн Элчин сайд хүнтэй яриад, Д.Эрдэнэбат гишүүн бид хоёр сонирхож хараад зогсож байхад зураг авсан байсан. Бидний зүгээс энэ парламентаар хэлэлцээд хуулийг батлачих бодолтой байгаа. УИХ-ын дарга ороогүй. Албаны хүмүүс бөөнөөрөө суугаад тоглоод сууж байна гэж байхгүй ээ. Тоглож байгаа зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Тэнд ороход паспорт шалгадаггүй юм билээ. Тиймээс Элчин сайдыгаа дагуулаад орсон. Төвийн үйл ажиллагаатай танилцаж явж байгаад орсон” хэмээсэн юм.

Б.Тогтох