ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Эрдэнэбат: Орсон гэхдээ тоглоогүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-01-20

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр сэтгүүлчдэд хандан тайлбар хийлээ. Тэрбээр, "УИХ-ын даргатай хамт Австралид Ази Номхон далайн парламентын  28 дугаар чуулганд оролцоод ирлээ. 

Энэ үеэр нэр бүхий гишүүдийн талаарх нэлээд шуугиантай мэдээлэл гарч байх шиг байна. Энэ талаар товч тодорхой тайлбар өгье. Сиднейд анх удаа очиж үзлээ. Чуулганд оролцох үеэр бидэнд нэг өдөр буюу энэ сарын 17-ны өдөр чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж олдсон юм.

Хөтөлбөрийн хүрээнд Сиднейд түүх дурсгалтай газар болон аялал жуулчлалын том төв болох “The Star Sidney”-гээр орсон. Энэ үеэр казиногоор ороод гарсан нь үнэн. Харь оронд бид нэг л монголчууд шүү дээ. Нам эвслийн ялгаа байхгүй.

Тиймээс бид чөлөөт цаг гэсэн хөтөлбөрийн хүрээнд  ороод гарсан юм. Орсон шалтгаанаа зөвтгөх, хамгаалах шалтгаан байхгүй. Орсон гэхдээ тоглоогүй. Үүнд эргэлзэх хэрэггүй. Миний зураг мөн үү гэдэг асуудал яригдсан би мөн. Тэр казино нээлттэй юм билээ. Орж, гарахад ямар асуудалгүй нээлттэй. Ямар нэгэн биеийн байцаалт энэ тэрийг хардаггүй. Аялал жуучлалаар явж байгаа хүмүүс очдог юм билээ. Бид дөрвүүлээ орсон. Нэг их удаагүй цаг орчим болсон. Тухайлбал, Д.Тогтохсүрэн, Д.Лүндээжанцан нарын гишүүд хамт явсан. Бид дундаас тоглосон хүн байхгүй” гэлээ. Мөн Элчин сайд чөлөөт хөтөлбөрийн хүрээнд хань болж хамт явсан бөгөөд тийм их мөнгөтэй хүмүүс тэнд байгаагүй гэдгийг онцлов.