ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Матаасчид мандтугай”

А.ОДСҮРЭН
2020-01-21

УИХ-ын дарга дөрвөн гишүүнийхээ хамт Австралийн Сидней хотод албан айлчлалаар яваад ирэхийн хооронд казино тоглосон, тоглоогүй хэмээн шуугиан дэгдээлээ. Хоёр намын бүлгийн даргыг, ахмад хуульч гишүүнийг, казинод тоглож байсан туршлагатай залуу түшээгээ дагуулж явсныг бодвол үнэнхүү “судалгаа” хийхээр казинод түр саатсан байх магадлалтай.  

Айлчлалынх нь хөтөлбөрт багтсан албан ёсны танилцах аялал байсан байж болно. Тэднийг казино тоглосон, тоглоогүйг баримтаар нотолж чадахгүй бол байдал эвгүйтнэ. Энэхэн зуур хэд хэдэн хүн тараа таниулж, цахим сүлжээнд мэдэмхийрлээ. Тэдний нэг нь Ерөнхий сайд асан Санжийн Баяр.

Тэрбээр твиттертээ “Соц үед сайн, муу гэхээр юм юм л байсан. Адгийн юм нь матаас байлаа. Тэр нь ихэнхдээ нэргүй. Хажуудхаа доош хийж, өөрөө дээш гарах, эсвэл хэн нэгний мууг нь үзэж гаж таашаал авах гэсэн арчаагүй оролдлого. Матаас гэдгийн учир, уршгийг мэдэхгүй явсаар өтлөөсэй, одоо цагийн залуус маань...” хэмээн жиргэсэн биш өөрөө өөртөө гал дуудчихав. Америк дахь долоон хаусаа матаачдын хар гайгаар түмэнд ил болгуулсан болохоор матаачдыг үзэн яддагаа ил зарлав.

Харин өнөөдрийн тухайд матаас бол цорын ганц найдвар болчихоод байгааг Гүйцэтгэх засаглалын тэргүүн, эрх баригч намын дарга, Элчин сайд байсан хүн мэдэхгүй байна гэж баймааргүй л юм. Тэр соц үеийн матаачид бол арай өөр. Тэд нууцаар, өөрт ашиг хонжоо хайж ховлодог учраас жинхэнэ матаасчид. Харин өнөө цагийн матаасчид бол ил цагаан хэлж, харуулж байгаа учраас шүүмжлэл гэж хүлээж авах нь зөв байх.

Төр өөрийгөө цэвэрлэх механизм болох цагдаа, шүүх нь шударга ажиллаж чадахгүй байна. Нөгөө талаар сэтгүүлчид, соошлчид тэр механизмын үүргийг биелүүлэх гэж хэрэндээ л “матаж” байна. Хэрэв хэн нэгнийг гүтгэсэн, доромжилсон бол эрүүгийн хариуцлага хүлээхээр хуульчлагдсан учраас болгоомжлох нь зөв. С.Баярын хувьд намынхаа гишүүдийг өмөөрч, өмгөөлсөн байж болно. Гэвч тэд нь буруу хэрэг хийсэн, өөрийн ч бай, бусдын ч бай мөнгөөр казинодсон бол яах вэ.

Түүнийхээр бол аливаа хууль бус үйлдэл, ёс зүйгүй байдлыг харсан ч хараагүй юм шиг байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, улстөрчид хөлөөрөө толгой хийнэ үү, толгойгоороо хөл хийнэ үү, жирийн ард түмэнд түй ч падлийгүй шүү гэсэн анхааруулга гэж ойлгогдож байна. Хэрэв өөр хэн нэгэн, магадгүй элэг нэгтнүүддээ хүндлэгддэг нэгэн ингэж хэлсэн бол нэг юм бодогдуулах л байлаа. С.Баяр ингэж хэлсэн болохоор өөрийн эрхгүй матаасчид улам олон болох болтугай гэмээр санагдчихлаа.