ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Өрсөлдөх чадвараар Орхон аймаг тэргүүлж, Булган аймаг сүүл мушгив

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-23

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2019”-ийн үр дүнг өчигдөр танилцууллаа. Тус судалгааны төв уг тайланг найм дахь жилдээ гаргаж байгаа бөгөөд  2019 оны өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Орхон аймаг 100 оноогоор тэргүүллээ.  Харин  97.85 оноогоор Өмнөговь аймаг удаалсан  бол хамгийн бага буюу 37.35 оноогоор Булган аймаг сүүл мушгижээ. 

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал Б.Лакшми:

-Судалгааг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялгийн иж бүрэн санаачилга хөтөлбөр болон Азийн сангийн зүгээс жил тутам дэмжин, хамтран ажилласаар ирсэн. Ийнхүү судалгааг хийснээр Монгол Улсын 21 аймгийн эдийн засгийн хөгжлийг тодорхойлж, хэмжүүрийг бий болгох ач холбогдолтой. Сүүлийн жилүүдэд тайлантай холбоотойгоор өрсөлдөх чадвараа яаж сайжруулах талаар орон нутгуудаас асуухаас гадна  төсвийн хөрөнгө оруулалт хэр өгөөжтэй байсан нь нэгээс хоёр жилийн дараа харагдана. Энэ жилийн хувьд төсвийг аймгуудад харилцан адилгүй хуваарилсан байсан. Тухайлбал Хэнтий аймагт хамгийн өндөр төсөв байхад Дундговьд маш бага хэмжээний төсөв хуваарилагдсан. Ямар зарчмаар хуваарилагдсан нь тодорхой бус байгаа.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Дэд захирал И. Одончимэг:

-Бид аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн 176 шалгуур үзүүлэлтүүдийг нэгтгэн тооцдог. Өрсөлдөх чадвар хамгийн сайн аймаг нь 100 оноотой байх бөгөөд бусад аймгуудыг үүнтэй харьцуулдаг. Энэ удаагийн дүнгээс харахад Орхон аймаг тэргүүлсэн хэвээр байна. Удаах байруудад Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул аймгууд орсон. Харин сүүлийн байруудад Говь-Алтай, Архангай, Булган аймгууд эрэмбэлэгдсэн.  Аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо өнгөрсөн жилээс хоёр оноогоор буурсан үзүүлэлттэй байна.  Аймгуудын дундаж онооноос харахад эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг бүлгүүдийн оноо буурсан бол дэд бүтэц бүлгийн тоо өссөн байгаа нь судалгаагаар харагдлаа. 

Үр дүнг нэгтгэн харвал 21 аймгаас найман аймаг өрсөлдөх чадвараа сайжруулжээ. Өөрөөр хэлбэл, удаан ч гэсэн аймгууд хөгжил дэвшилттэй явж байна гэж харж байгаа бөгөөд хамгийн их өөрчлөлт гарсан аймгууд нь Дорноговь, Ховд, Дорнод аймаг байлаа.