ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гантиг чулуун замаас татгалзъя

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-01-23

Бид хэзээнээс ийм тансаг, ганган, чамин зүйлд дурладаг болсныг хэлж мэдэхгүй юм. Аливаа зүйлийг чанар, аюулгүй байдал талаас нь сонголт хийхийн оронд үргэлж харагдах байдал, хийц, савалгаа, өнгө зэрэгт нь хууртаж, нүдээ хужирлаж ирсэн байдаг. Энэ нь маш олон зүйлээс анзаарагддаг. Тухайлбал, сая гаруйхан хүн амьдардаг нийслэл хотын гудамж талбай, замыг гантиг чулуугаар гангалж байх жишээтэй. Гантиг чулуу нь харагдах байдал болон арчиж, цэвэрлэхэд амархан байх. Харин эрүүл мэнд талаасаа үнэхээр хэлэх үг даан ч олдохгүй юм. Манайд Сүхбаатарын талбай болон албан байгууллагаас эхлээд бүх явган хүний замыг гантиг чулуугаар хийсэн бөгөөд унаж, бэртсэн хүний тоог хэлж баршгүй. Ганган нь дэндсэн гантиг зам дээр өвлийн цагт дөрвөн мөчөө эвхэж, хамаг биеэ чангалчихсан “баацганаж” яваад хальтарч унахад ямар ч албан байгууллага, газрууд хариуцлага хүлээдэггүй.

Нийтийн эзэмшлийн талбайд зорчиж явсан иргэний буруу болж, эрүүл мэндээрээ хохироод үлддэг жишиг тогтоод удлаа. Энэхүү үзэгдлийн гол буруутан нь Гэмтэл согог судлалын үндэсний төв болдог билээ. Тус эмнэлгийг ачааллаа даадаггүй, иргэдэд хурдан, шуурхай үйлчилдэггүй зэргээр буруутгаж, олон нийтэд сөрөг мэдээлэл түгээдэг. Үүний цаана гангалсан гантиг замын хохирогчид байдаг нь нийгэмд ил болсон юм. Тиймээс гадны өндөр хөгжилтэй орнуудын жишгээс суралцаж, нийтийн эзэмшлийн талбай, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн замыг хальтарч, гулгадаггүй энгийн хээтэй чулуугаар хийхийг уриалж байна. Шинэ зууны соёлт иргэнийг бий болгох гэж байгаа бол иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангасан багахан өөрчлөлтөөс таны, миний хүлээх хариуцлага эхэлнэ. Тиймээс чамин ганганд хууртаж, арчиж, цэвэрлэхэд амар хялбарыг нь бодолгүй зөв жишиг, зөв үйлийг нийгэмд бүтээе. Гангалсан гантиг чулуунаасаа татгалзъя.