ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Т.Аюурсайхан: ХЭҮК хуулиа барьж ажиллахгүй байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-01-23

Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, олонхийн саналаар батлав. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хүний эрхийн үндэсний комиссын хуулийг анхны хэлэлцүүлгийг хийж байхад зарчмын зөрүүтэй санал ороод дэмжсэн. Хэрвээ эрүүдэн шүүсэн байж болзошгүй байвал хуулийн байгууллагын албан тушаалтныг Хүний эрхийн комисс шууд үүрэгт ажлаас нь түдгэлзүүлнэ гэж байгаа. Эрүүдэн шүүсэн гэдгийг  хэн тогтоох нь ойлгомжгүй байна” гэв. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “ХЭҮК хуулиа барьж ажиллахгүй байна. Ажлаа хийхгүй учраас аргагүйн эрхэнд хуульд өөрчлөлт оруулаад явж байна. ХЭҮК Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгээр заасан үйл ажиллагаагаа хангалтгүй биелүүлж байна. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй. Эрх баригчдын шийдвэр хүний эрхийг зөрчиж байна уу гэдэгт анхаарал хандуулж ажиллах ёстой. Ямар засгийн газар байгаагаас үл хамаарч, хэн эрх барьж байгаагаас үл хамаарч энэ түгээмэл эрхээ хэрэгжүүлэхээр юу хийж байгаа вэ. Тэр ч бүү хэл иргэд болон иргэний нийгмийн байгууллагатайгаа хамтарч маш идэвхтэй ажиллах хэрэгтэй” гэсэн юм.