ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гишүүн асан Д.Гантулгад оноосон ялыг хэвээр үлдээв

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-23

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр хаалттай шүүх хуралдаанаар Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гомдлоор хянан хэлэлцэв. 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Гантулгад хорих ял оноосон байдаг.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйл /хүчиндэх/-ийн 1 дэх хэсэг /Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн билээ.

гэвч сэжигтэн этгээд энэхүү ялыг эсэргүүцэн давж заалдсан юм. Тэгвэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлээ.