ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Роберт Амстердам Ч.Сайханбилэгийг аварч чадах уу

А.ОДСҮРЭН
2020-01-24

-Оросын авлига, хээл хахуулийн хэрэгтнүүдийг өмгөөлдөг ч бүтэлгүйтдэг хуульчийн юунд нь найдсан юм бол-

 

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг 2015 онд “Рио Тинто” компанитай Оюутолгойн  гүний уурхайг хөгжүүлэх, санхүүжилтийн төлөвлөгөө байгуулах хэлэл­цээрт оролцохдоо бусдад илт давуу байдал олгосон, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, Монгол Улсын эрх ашигт илт хохиролтой гэрээ хийсэн зэрэг хэд хэдэн үндэслэлээр шалгалаа байгаа. Түүнийг интерполоор эрэн сурвалжилж байна гэсэн мэдээтэй зэрэгцээд түрүү булчирхайн хорт хавдартай болсон, гадаадад эмчлүүлж байгаа гэх мэдээлэл гарсан. Ч.Сайханбилэг Америкийн “Amsterdam & Partners” компанитай гэрээ байгуулан, өөрийгөө өмгөө­лүү­лэхээр болсон аж. Энэ талаар “Amsterdam & Partners” компанийн үүсгэн байгуулагч Роберт Амстердам албан ёсны вэб хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрхүү мэдэгдэлд “Монголын төр засаг шүүхийн хараат бус байдал, хууль дээдлэх зарчимдаа халдаж байна. Ч.Сайханбилэгийн буруутгагдаж байгаа хэрэг нь ямар ч нотлох баримтгүй, зүй ёсны бус хэрэг. Өнөөгийн төр засгийн удирдлагууд авлигын эсрэг ажиллах нэрийдлээр ардчиллыг булшилж, өрсөл­дөг­чийнхөө эсрэг шүүх бай­гууллагыг хөдөлгөж байна. Ч.Сайханбилэгийг Монголд байхад нь шүүхийн зохих шийдвэргүйгээр, хууль бусаар баривчилсан учраас одоо АНУ-д байгаа. Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 онд сон­гогд­соноос хойш хэвлэл мэдээл­лийн байгууллагууд, шүүгч нарт ихээхэн дарамт шахалт үзүүлж, нөлөөлөх болсон. “Трансперенси”, “Эмнести” зэрэг олон улсын байгуул­ла­гууд Ерөнхий­лөгчийн ду­раа­раа аашилж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байгаад ихэд зовниж байгаа. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нь “Рио Тинто” компанитай гэрээ байгуулахдаа Монгол Улсын Их Хурлын зөвшөөрлөөр байгуулсан. Ч.Сайханбилэгийг ийнхүү үндэслэлгүйгээр хавчиж байгаа нь Монголын шүүх тогтолцоо, гадаадын шууд хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж байна. “Amsterdam & Partners” компани Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг төлөөлөн тун удахгүй дахин мэдэгдэл хийнэ” хэмээн мэдэгдэлд дурдсан байна. Энэ бол өмгөөлөгчийн үг биш Ч.Сайханбилэгийн хэлж тайлбарласан үг гэж шууд ойлгогдохоор. Манай шүүх засаглал ийм байна, Ерөнхий­лөгч нь тийм байна, үндэс­лэл­гүй­гээр хавчин гадуурхаад бай­на гэж алтан хошуу хүргэж, өмгөөлөлдөө авахыг гуйсан ч байж болох. Нөгөөх нь ч түүний тайлбараар мэдэгдэл гаргасан бололтой юм.  “finance.yahoo.com” сайтад “Монгол Улсын Ерөнхий сайд асан “Amsterdam & Partners” ХХК-ийг улс төрийн үндэслэлтэй хэргүүдээс хамгаалуулахын тулд хөлсөл­жээ” гэсэн гарчиг бүхий мэдээ нийтэллээ. Тэнд “Монгол Улсын Ерөнхий сайдаар 2014-2016 онд ажиллаж байсан Ч.Сайханбилэг нь Монгол Улсад ардчилсан сөрөг хүчнийг сулруулах, хяналтаа бататгах гэсэн эрх баригч намын өдөөсөн хэд хэдэн хуурамч эрүүгийн хэрэгт холбогдсон бөгөөд  “Amsterdam & Partners” LLP-ийг олон улсын өмгөөлөгчөөр ажиллуулахаар болжээ” гэсэн байлаа.  Энэ бүхнээс харахад Монголын шүүх, цагдаа, хуулийн байгууллага хилс хэргээр Ч.Сайханбилэгийг хэлмэгдүүлж байгаа юм байх. Хэн ч итгэхгүй үлгэр. Учир мэдэх хүмүүсээс эхлээд энгийн иргэд хүртэл Ч.Сайханбилэгийн үйлдлийг албан бусаар шүүчихээд байхад шүү дээ.  

Ч.Сайханбилэг ийнхүү олны анхаарлын төвд гадны өмгөөлөгчтэйгөөр дахин орж ирлээ. Тэр өмгөөлүүлэх эрхтэй. Харин яагаад заавал Роберт Амстердам гэж. Авилга, хээл хахуулийн хэрэгтнүүд, эх орноосоо оргон зайлсан, улс орондоо багагүй гай тарьсан улстөрчдийг голдуу өмгөөлдөг тус фирмийн юунд нь найдаж өмгөөлүүлэхээр болсон юм бол. Канадын хуульч Роберт Амстердам 2003 онд Оросын Михайл Ходорковскийн өмгөөллийн багт ажиллаж байсан гэдгээрээ алдаршсан. Харин 2005 онд тэрбумтны эсрэг шийдвэрийг Оросын шүүх гаргаж, өмгөөлөгчийг Орос улсаас хөөсөн байдаг. Энэ тухай тэрбээр “Арарат Хаят дахь өрөөнд маань өөрсдийгөө цагдаа гэж танилцуулсан таван хүн орж ирээд цагдаагийн хэлтэст хамт очихыг шаардсан. Би тэдэнтэй явахаас татгалзсан. Дараа нь тэд миний визийг цуцалж, таван цагийн дотор Москвагаас гарахгүй бол баривчилна гэсэн” хэмээн “Financial Times” сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Харамсалтай нь Михайл Ходорковскийд ОХУ-ын шүүх 11 жилийн хорих ял оноож, 10 жил, хоёр сарын ялыг нь эдлүүлсэн. Одоо газрын тосны магнат шоронгоос суллагдсаныхаа дараа Орост дахин очоогүй бөгөөд Швейцарьт суурьшиж байгаа гэх мэдээлэл бий. Түүнчлэн “Amsterdam & Partners” компанийн хуульч Роберт Амстердам Оросын “Оnexim” бүлэгт олон жил өндөр албан тушаал хашиж байсан Оросын бизнесмэн Максим Финский гэгчийг ч өмгөөлж байжээ. Максим Финский нь мөн л Оросын уул уурхайн магнат, бүлэглэлийн “үйлчлэгч” байсан. Одоо түүний хэрэг хэрхэн шийдэгдсэн нь бүрхэг хэвээр байгаа талаар https://www.golos-ameriki.ru/ сайтад мэдээлсэн байдаг. Оросын мэдээллийн сайтуудаас хайж үзэхэд л дээрх хоёр өмгөөллийнх нь талаар ийнхүү мэдээлсэн байна. Зөвхөн хойд хөршийн хоёр бизнесмэнийг өмгөөлсөн түүх нь энэ.  

Ч.Сайханбилэг саяхан өөрийн цахим хуудастаа “Зугтаасан гэх зохиолтой жүжиг хэзээ дуусах вэ. Өмгөөлөгчөөрөө дамжуулж тогтмол хууль хүчний байгууллагатай холбоотой ажиллаж байгаа. Улс төрийн зохиомол жүжгийн гол дүр нь болж хэлмэгдэх ёстой бол төрийн хамгаалалт нь хамт явж байгаа. Эхлээд та бүхэн шаардлагын дагуу шалгалтаа хийнэ үү” хэмээн бичсэн байв. Өмгөөлөгчөөрөө дам­жуулж хууль хүчний бай­гуул­лагын­хантай хол­боо­той байгаа гэдэг нь үнэн үү. Үнэн бол түүнийг яагаад Интерполоор эрэн сурвалжилна гэж. Улс төрийн зохиомол жүжиг юм бол Монголдоо байж байгаад тэмцэх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй баймаар. Ч.Сайханбилэг АНУ-ын Жорж Вашингтоны хуулийн сургуульд сурч байсан. Тэнд сурч байхдаа Америкийн нөлөө бүхий улстөрчидтэй ойртож дотноссон. Тэр үедээ л Ц.Элбэгдорж болон бусад хамсаатнуудаа “багтаа” эл­сүүлсэн тэр цагаас Америкийн эрх ашгийг хамгаалсан бод­лого баримталж ирсэн гэдэг. Тиймдээ ч Монгол Улсын эрх ашигт үл нийцэх, халгаатай бодлогын асуудлуудад Ч.Сайханбилэг үргэлж хувийн болон бүлэглэлийн эрх ашигт нийцүүлж, эсвэл нөгөө талд үйлчилсэн шийдвэрүүдэд их бага хэмжээгээр нөлөөлсөн байдаг гэвэл хилсдэхгүй. Зөвхөн Дубайн гэрээ, “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн хэвшилд өгөх шийдвэр гаргасныг нь дурдахад л хангалттай. Монгол Улсад долоон тэрбум ам.долларын хохирол учруулсан Дубайн гэрээний автор нь Ч.Сайханбилэг, түүний багийнхан. Ерөнхий сайд болонгуутаа л Дубайд очиж Оюутолгойн далд уурхайг санхүүжүүлэх гэрээг 2015 оны тавдугаар сард хийсэн. Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар. “Рио Тинто” компанийн ерөнхий захирлын гэрт Дубайн гэрээний анхны тохироог хийсэн гэдэг. Оюутолгойгоос Монголын тал 2048 он хүртэл ямар ч ногдол ашиг авахгүй, татварын орлого буурсан ийм л гэрээг үзэглэсэн. Үүнийг Монгол Улс хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй, заргалдах нь тодорхой. 

Хоёр дахь том луйвар нь 2016 оны УИХ-ын сонгуулийн санал хураах өдрийн өмнөх өдөр “Монгол Улс “Эрдэнэт” үйлдвэрээ 100 хувь өөрийн болголоо” гэсэн мэдэгдэл. Оросын талын эзэмшдэг 49 хувийг Монголын Засгийн газар худалдаж авах боломжтой атал хувийн компанид найр тавин өгсөн хэргийг нь монголчууд хэзээ ч уучлахгүй. Ингэхдээ Засгийн газар ч бай, хувь компани ч бай, Монгол л 100 хувь эзэмшихээр болсон нь сайн хэрэг гэж мэдэгдсэнийг яана. Ерөнхий сайд нь танхимаараа хуралдаж, нууц протокол үйлдэж, УИХ-аар хэлэлцүүлэхээр тохирч байсан хэргийг хэн зөвтгөнө гэж. Зөвхөн дээрх хоёр тохиолдол нь Ч.Сайханбилэгийг  Монгол Улсын эрх ашгийн эсрэг, улс үндэстнийхээ эсрэг гэмт хэрэг үйлдсэнийг нь нотлох болохоор тэр шүүхийн өмнө ирэх ёстой. Харин харийн өмгөөлөгчтэйгөө ирэх үү, хар толгойгоороо хэргээ хүлээхээр ирэх үү гэдэг нь л сонин байна. Роберт Амстердам түүнийг шүүхийн тавцангаас аварч чадахгүй л болов уу.