ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Учрал: Барааны тэмдгийг барьцаалж зээл авах боломжтой

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-01-24

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, баталлаа. Тус хуулийг Н.Учрал нарын гишүүд санаачилсан бөгөөд “Манай улс оюуны өмчийг шоовдор хүүхэд шиг үзэж ирсэн. Эдийн засгийг төрөлжүүлэхэд хамгийн гол түлхэц болдог салбар. Тиймээс  гадаадын хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд "Та нар манай оюуны өмчийг хамгаалж чадах уу” гэж асуудаг. Энэ хууль батлагдсанаар материаллаг бус баялгийг барьцаанд тавих, оюуны өмчийн талаарх мэргэжлийн үнэлгээчид бий болно. Цаашид барааны тэмдгийг барьцаалж зээл авах боломж хүртэл бүрдэнэ. Оюуны өмчөөр  биржийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох боломжтой”-г  хууль санаачлагч энэ үеэр сануулж байлаа. Мөн ХЗДХЯ-наас “Монгол Улс оюуны өмчийн чиглэлээр 16 гэрээ, конвенцид нэгдэн орсон. Оюуны өмчийн байгууллагад бүртгүүлсэн нь аль нэг улсад зөрчигдвөл  гэрээ конвенцид нэгдэн орсны дагуу манай оюуны өмчийн бүтээлийг хамгаалах үүрэг хүлээдэг. Эдийн засгийг солонгоруулах, гадаадын байгууллагуудын оюуны өмчийг хамгаалах боломж бүрдэнэ” гэж тайлбарлаж байсан юм.

Энэхүү хууль батлагдсанаар холбогдох оюуны өмчийн хулгай буурч, хийсэн, бүтээсэн зүйлдээ эзэн болдог, хариуцдаг, хянадаг байдал бий болохоос гадна эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг нээж өгч чадлаа. Түүний дараагаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсан юм. Тус хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хүний эрхийн үндэсний комиссын хуулийг анхны хэлэлцүүлгийг хийж байхад зарчмын зөрүүтэй санал ороод дэмжигдсэн. Хэрвээ эрүүдэн шүүсэн байж болзошгүй байвал хуулийн байгууллагын албан тушаалтныг Хүний эрхийн комисс шууд үүрэгт ажлаас нь түдгэлзүүлнэ гэсэн. Эрүүдэн шүүсэн гэдгийг хэн  тогтоох нь ойлгомжгүй. Хамгийн гол нь мөрдөн байцаалтын нууц гэж зүйл  байхгүй болсон” хэмээн шүүмжиллээ. Мөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “ХЭҮК хуулиа барьж ажиллахгүй байна. Ажлаа хийхгүй учраас аргагүйн эрхэнд хуульд нь  өөрчлөлт оруулж байна. ХЭҮК Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгээр заасан үйл ажиллагаагаа хангалтгүй биелүүлж байна. Ийм унтаа байдлаар ажиллаж болохгүй” гэж тус байгууллагынханд сануулж байлаа.

Түүнчлэн Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. Тус хуулийн талаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “ Ирэх тавдугаар сарын 15-наас Үндсэн хууль мөрдөгдөж эхэлнэ. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар статус өөр болно. Одоо тосгон нэртэй байгаа газрууд  сум,  баг болж орж ирнэ. Мөн орон нутгийн улс төржилтийг яаж тооцож байна вэ. Миний хувьд хуучин хуулиас ялгагдахааргүй болсон гэж харж байгаа” гэж шүүмжлэв. Мөн УИХ-ын гишүүн С.Жавхлан “Сум, баг хороонд  сонгууль болоход туйлгүй зөрчил үүсдэг. Гэрээ улаан, цэнхэрээр бүрэх тохиолдол  үүсч мэдэхээр байна. Худаг дээр бусад намынханд үйлчлэхгүй гэдэг. Сайтар зохицуулахгүй бол маш том хагацал, талцлыг бий болгоно. Та нарт "Манай сумын дарга" зохиолыг уншиж өгмөөр байна. Хаа холын  Черчелль  гэж байхаар малчин Чимидийн үгийг сонсооч ээ. Өргөн олны 80 хувь нь нам сонгохгүй гэсэн байна. Түмэн олонтойгоо энэ асуудлыг зөвшилцөөд явбал  зөв шийдвэр гарна” гэв.