ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

1500 жилийн уламжлалд цэг тавьсан Эзэн хаан

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-22

Тэр бол Японы эзэн хаан Акихито. Ард түмнээ хүндлэн дээдэлж, энэрч, эсрэгээр ард иргэдийнхээ хүндлэлийг хүлээсэн энэ эрхэм Японы 125 дахь эзэн хаан юм. Тэрбээр 1989 онд эцгийгээ өвчний улмаас насан эцэслэсний дараа хаан ширээнд суусан бөгөөд угсаа залгамжлах хунтайж зөвхөн язгууртантай гэрлэдэг 1500 жилийн турш тогтсон уламжлалд цэг тавьж, эгэл жирийн бизнесмэний охиныг гэргийгээ болгосон сонирхолтой түүхтэй нэгэн. Ингээд түүний амьдралын сонин содон учрал, амьдралын түүхийг “Дэлхийн хүн” булангаараа онцолж байна. Японы Эзэн хаан Акихито ирэх арванхоёрдугаар сард 85 насны босго алхах билээ. Тэрбээр Японы эрх мэдэл бүхий хаант засаглалын сүүлчийн Эзэн хаан гэгддэг Хирохитогийн ууган хүү юм. Хирохито хааны үед дэлхийн нэг, хоёрдугаар дайн өрнөж, Япон Ази Номхон далайн улс, орнуудыг ээлж дараалан эзэлж байлаа.

Гэсэн ч, дэлхий дээр анх удаагаа атомын зэвсгийн аюул гамшгийг үзэж, дайнд ялагдан асар их хохирол амсч байсан юм. Тэрхүү цаг үе буюу 1946 онд Хирохито дээд тэнгэрийн язгууртан гэдгээсээ татгалзаж, нийтийн адил эгэл хүн хэмээн өөрийгөө зарласан байдаг. Үүний дараа Японы шинэ Үндсэн хууль батлагдаж,  Эзэн хааны эрх мэдэл хязгаарлагдан  “Эв нэгдлийн бэлгэ тэмдэг” болсон юм.  Гэхдээ парламентаас сонгогдсон Ерөнхий сайдыг томилон батламжлах, Сайд нарын танхимын саналаар Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг томилох, парламентын чуулганыг зарлан хуралдуулах, төлөөлөгчдийн танхимыг тараах, бүх нийтийн сонгуулийг зарлах зэрэг үүргийг гүйцэтгэнэ хэмээн Үндсэн хуульд тусгажээ.  Тухайн цаг үед Акихито ердөө 10 гаруй настай байсан гэдэг. Харин түүний эрин үе 1989 оны нэгдүгээр сараас эхэлсэн юм. Үүнийг Японд “Хэйсэй эрин” гэж нэрлэдэг бөгөөд “Энх амгалан, зөвшилцөөний” гэсэн утгатай аж. Гэхдээ 1987 оноос тэр Эзэн хааны албан үүргийг гүйцэтгэж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, Хирохито хааны бие чилээрхсэн үеэс Акихито эцгийгээ орлох болсон байна. 

Газрын теннис бол түүний амьдралын нэг хэсэг

Хэдий тааж хэлэхэд бэрх ч гэлээ, хэрэв Акихито хааны гэр бүлд төрөөгүй бол эдүгээ газрын  теннисний тамирчин, аль эсвэл загас судлаач эрдэмтэн болсон байхыг үгүйсгэхгүй. Учир нь газрын  теннис, загас судлал бол түүний амьдралын нэг хэсэг байсан юм. 1940-1952 оныг хүртэл тэр хувийн багштайгаар бага, дунд сургуулийн боловсрол эзэмшжээ. Гэхдээ өмнөх хаадуудаас ялгаатай нь Акихито аавынхаа ятгалга, хүсэлтийн дагуу цэргийн алба хааж байсангүй. 1945 оны гуравдугаар сард АНУ Японд цөмийн бөмбөг хаях үед Акихитог дүүгийнх нь хамтаар хотоос шилжүүлж байжээ. Харин дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа тэрбээр англи хэл сурсан байна. Түүнчлэн, Токиогийн Гакүшюин их сургуулийн Улс төр судлалын тэнхимд суралцаж байсан ч, хэзээ ч эрдмийн зэрэг авч байгаагүй гэдэг. Энэ нь ерөөс улс төр гэдэг түүний сонирхол биш байсантай холбоотой биз. Улмаар 1952 оны арваннэгдүгээр сард Токиогийн Эзэн хааны ордонд Акихитог угсаа залгамжлах хунтайжаар өргөмжлөх ёслолын ажиллагаа зохион байгуулагдаж байжээ. Харин үүнээс ердөө нэг жилийн дараа тэр Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизабетэд Японыг төлөөлөн хүндэтгэл үзүүлж байв. Тэр төрөхдөө л Японы ирээдүйн Эзэн хаан болох нь  тодорхой байлаа. Гэсэн ч, газрын  теннис түүний сонирхол хэвээр байсан юм.  Анхны хайр, эхнэртэйгээ ч тэр теннисний талбайд танилцаж байжээ. 1957 онд 24 настай угсаа залгамжлах хунтайж Акихито Наганогийн ойролцоох Каруйзавагийн газрын теннисний талбайд тоглож байхдаа өнөөгийн хатан Мичикотой танилцжээ.

Гагцхүү эл спорт л тэднийг ойртон, дотносход нөлөөлсөн гэдэг.  Мичико чинээлэг гэр бүлээс гаралтай бөгөөд хүнс үйлдвэрлэлээрээ улсдаа дээгүүрт ордог “Nisshin Flour Milling” компанийн Ерөнхийлөгч Хидэсабуро Шёодагийн хоёр дахь охин байсан юм. Хэдийгээр гарал нь эгэл жирийн боловч, чинээлэг гэр бүлээс гаралтай тул барууны болон уламжлалт соёлд сайтар суралцсан нэгэн байжээ. Тэрбээр англиар чөлөөтэй ярихаас гадна төгөлдөр хуур, уран зураг, хоолны урлагт суралцсан сэхээтэн авхай байлаа. Басхүү түүний буржгар хар үс яг л АНУ-ын жүжигчин Ширле Темплийг санагдуулдаг байсан гэнэ. 1957 онд тэр Токиогийн Католикийн их сургуулийн утга зохиолын факультетийг бакалавр зэрэгтэй төгссөнөөс гадна Оксфорд, Харвардын их сургуульд суралцаж байжээ. Гагцхүү угсаа гарвалаараа гэхээс  бус боловсролоороо тэр хэний ч өмнө гологдохооргүй бүсгүй байв.  Гэсэн ч, Японы Эзэн хааны гэр бүл түүнийг тийм ч амархан зөвшөөрөөгүй гэдэг. Эхэндээ тэдний харилцаа асар их эсэргүүцэлтэй нүүр тулж байсан ч, эцэст нь 1500 жил тогтсон уламжлалд цэг тавьж, тэрбээр  хунтайжийн гэргий хэмээн  хүлээн зөвшөөрөгджээ. Ижил сонирхлынхоо дагуу нэг нэгийгээ олж 1959 онд албан ёсоор гэр бүл болжээ. Мичико хатан бол Японы Эзэн хааны гэр бүлд багтсан анхны эгэл жирийн бүсгүй байлаа. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тухайн үед “Бодит үлгэр”, “Теннисний талбайн романс” гэх мэтээр тэдний хуримыг нэрлэж байв. Өөр нэгэн сонирхолтой баримт нь Акихито АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буштай хоёр ч удаа теннис тоглож байжээ. 

Акихито, Мичико нар гурван хүүхэд төрүүлж, өсгөсөн. Том хүү Нарүхито нь Утга зохиолын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан бол удаах хүү Фүмихито нь хуульч, биологич гэнэ. Загас судлалаар Их Британид суралцаж байснаас гадна Дэлхийн байгалийн фондын Японы хорооны ерөнхийлөгч ажээ. Хааны гүнж Саяко нь Гакүшюин сургуулийг 1992 онд төгсчээ.

Загас судлаач Эзэн хаан

Эзэн хаан Акихито загас судлалд ихээхэн сонирхолтой гэдгийг дээр дурьдсан билээ. Хэдий Японы эв нэгдлийн бэлгэ тэмдэг ч, нөгөө талаар нэртэй загас судлаач эрдэмтэн юм. Тэр загас судлалын эрдэм шинжилгээний өгүүллээрээ аль хэдийнэ салбартаа танигдсан байна. Түүний 28 эрдэм шинжилгээний бүтээл Японы загас судлалын нийгэмлэгээс эрхлэн гаргадаг шинжлэх ухааны сэтгүүлд хэвлэгдэж байснаас гадна Акихито хааны нэрээр нэрлэгдсэн гоби гэх төрлийн загас ч байдаг гэнэ. 

Эзэн хааны гэр бүлийнхэн бусад улс орноос ирсэн төрийн зочдыг хүлээн авахаас гадна гадны орнуудад төрийн айлчлал хийдэг. Акихито Эзэн хаан болсноосоо хойш эхнэрийнхээ хамт нийтдээ дэлхийн 37 улсад айлчлал хийж байжээ. Нөгөөтээгүүр, тэд жирийн иргэд, настан буурлууд хүүхэд залуус, нийгмийн халамж анхаарал зайлшгүй шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гамшигт өртсөн ард түмэнтэйгээ байнга уулзалт хийж, нягт харилцаатай байдаг. Иймээс ч Японы ард түмэн тэднийг маш ихээр хүндэтгэдэг юм. Одоо Акихито Эзэн хааны эрин үе дуусч байна. Учир нь тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар Эзэн хааны сэнтийгээ ууган хүүдээ залгамжлуулахаа аль хэдийнэ мэдэгдсэн билээ. Тус үйл ажиллагаа ирэх онд зохион байгуулагдах бөгөөд тэр үеэс Хэйсэйгийн эрин үе өндөрлөх юм. Тэрбээр 2003 онд түрүү булчирхайн хорт хавдраар өвчилж, мэс засал хийлгэсэн бол 2012 онд зүрх судасны өвчнөөр эмчилгээ хийлгэж байсан юм.