ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Номтойбаяр: Талийгаачийн дүү нь Дорнодод, хүү нь Өвөрхангайд нэр дэвших гэж байгаатай холбоотой гуйвуулж байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-24

УИХ дахь МАН-ын бүлэг Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар хуралдаж байгаад хоёр цагийн завсарлага авсан билээ. Бүлэг хуралдсаны дараа Халдашгүй байдлын дэд хороо хуралдах аж. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас  зарим зүйлийг тодруулахад,   "Би хууль зөрчөөгүй тул өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх шаардлага байхгүй. Г.Батхүү агсантай холбоотой хэргийн мэдээллүүдийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. "Ноцтой мэдээ" сонинд 13 секундын бичлэг гэх асуудалтай холбоотой мэдээлэл нийтлэгдсэн байсан. Үнэнд үл нийцэх уг мэдээллийн ард хэн байгааг шалгасан. Ингэхэд АПУ компанийн эздийн хамаарал бүхий этгээд Ж гэгч Номтойбаярыг гүтгэх гэрч хайж байгаа, иргэн Г цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүнээр дамжуулан АПУ-гийн Батсайханд хэрэг болох хүнийг нэг тэрбумаар шагнана гэсэн байсан. Талийгаачийн ар гэрийнхэн  намайг алуурчин болгож яллах арга хэмжээг зохион байгуулалттайгаар явуулж байна. Тиймээс дээр дурдагдсан хүмүүсийг цагдаагийн байгууллагад шалгуулна. Миний хувьд полиграфийн шинжилгээг хоёр удаа өгсөн. Гэтэл энэ дүгнэлтийг илт худал гуйвуулсан байсан. Полиграфийн тестээр талийгаачийн унасан газраар явсан уу, цохьсон уу гэх зэрэг маш олон зүйл асуусан. Ингэхэд миний хариулт 80-90 хувь үнэн гэж гарсан. Ингэж гуйвуулж байгаагийн шалтгаан нь талийгаачийн дүү Дорнодод, хүүхэд нь Өвөрхангайд нэр дэвших гэж байгаатай холбоотой” гэв.

Мөн  тэрбээр, өөрийнхөө нүдийг хөхөрсөн асуудалд тайлбар хийв. Номтойбаяр гишүүн хэлэхдээ,  “Гавлын яс хоёр газраа цуурч, нэлээд хүнд гэмтсэн. Гэхдээ энэ асуудалд  би  өөрийгөө зөвтгөхгүй.  Холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээхэд бэлэн. Залуу хүний ирээдүйг ч бодсон, хөдөлмөрч ээжийг нь ч бодсон, мөн тагнуулын байгууллагад хамтран зүтгэж байсан нэр хүндтэй эрхмийг бодсон ч энэ асуудалд гомдол гаргахгүй. Энэ бүх асуудал нотлох баримтууд хэвлэлээр ил тод явмаар байгаа юм" гэлээ.