ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Шуурхай мэдээ: Сургууль, цэцэрлэгийг амраах асуудлаар хуралдаж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-24

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшиний өрөөнд яг одоо Улсын онцгой комисс хуралдаж байна. Хуралдаанаар коронавирус болон шинээр дэгдсэн титэмт вирусаас урьдчилсан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийг түр хаах саналыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл гаргасныг хэлэлцэх аж.

Манай улсын тухайд БНХАУ-д бүртгэгдсэн коронавирусын нэг төрөл болох титэмт вирусаар өвчилсөн асуудал байхгүй ч коронавирусын бусад төрлөөр хүүхдүүд ихээр өвчилж байгаа юм. Коронавирусын нийт зургаан төрлийг анагаах ухаан илрүүлж, эмчилж болоод байгаа. Харин Ухань хотоос анх дэгдсэн, агаар дуслын замаар халдварлаж буй титэмт вирус нь өнөөдрийг хүртэл эмчлэх аргыг төгс олж чадаагүй байгаа юм.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Аймгийн Засаг дарга нартай уулзах үеэрээ “Дэлхий нийтээр энэхүү шинэ вирус илэрсэн даруйд асар хурдан мэдээллээ солилцож байна. Бид ч цаг тутам ДЭМБ болон БНХАУ-ын талтай мэдээлэл солилцож байна. Үхлийн аюултай гэж тодотгох гэхээс илүүтэй энэхүү вирус нь хууч өвчтэй, өндөр настай хүмүүст илүү хүндээр тусаж байгаа талаар ДЭМБ-аас мэдээлэл өглөө.

Бид цаг тутам мэдээлэл өгч, мөн илэрсэн тохиолдолд огтхон ч нууцлахгүйгээр иргэддээ мэдээлэл өгнө. Одоогоор манайд илэрсэн асуудал байхгүй. Эрээн хотноо саатуулагдсан БНХАУ-ын иргэнтэй хамт зорчиж явсан иргэдээс шинжилгээ аваад өнөөдөр 17.00 цагт хариу нь гарсны дараа гэрт нь явуулах эсэхээ шийднэ. Дэлхий нийт томуу, томуу төст өвчин, мөн коронавирус гээд нийтдээ 21 төрлийн вирусыг эмчилж болоод байгаа. Гагцхүү шинээр бий болсон титэмт вирус нь эдгээр 21 дотор байхгүй учраас ДЭМБ болон өмнөд хөршийн эмч нар эмчлэх аргыг олон янзаар туршиж, зарим өвчилсөн хүмүүсийнх нь биеийн байдал сайжирсан” гэх мэдээлэл өгсөн билээ.