ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

П.Мөнхцэцэг: Цус багадалт нийгмийн тулгамдсан асуудал болоод байгаа

O.Admin
2018-06-22

Цус багадалт болон түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан П.Мөнхцэцэгээс тодрууллаа 

-Цус багадалтын шалт­гаан юунаас үүдэлтэй байдаг вэ?

-Цус багадалт нь цус алдалт болон төмөр дутал, B12 аминдэмийн дутагдал, фолийн хүчлийн дутагдал, порфирин, гемийн нийлэгжилтийн эмгэг, мөн удамшил, халдварт өвчин, хадуур эсийн өвчин, дархлаа дарангуйлах өвчин зэрэг олон шалтгааны улмаас үүсдэг.

-Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Хүний биед цус багадалт явагдаж эхлэх үед ядарч сульдан амьсгал давчдаж, хөдөлгөөний чадвар буурдаг. Харин хурц цус багадалт болоод ирэхээр толгой эргэх, дотор муухайрах, нүд бүрэлзэх, ухаан алдах, ам ихээр цангах зэрэг шинж тэмдгээр илэрдэг.

-Манай улсын хэмжээнд цус багадалтын  ямар хэл­бэрүүд түгээмэл тохиол­дож байна вэ?

-Цус багадалтын хамгийн элбэг тохиолдох хэлбэр бол төмөр дутал байгаа. Хүний амьдралын мөчлөгийн жирэм­сэн үе, нялх үе, балчир болон өсвөр насанд төмрийн хэрэгцээ хамгийн өндөр байдаг. Эдгээр үеүдэд хэрэглэж буй  хоол хүнсэндээ онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Төмөр нь мал, шувуу, загасны маханд өндөр хэмжээгээр агуулагддаг. Мөн шош, буурцаг, вандуй, самар, үр, гүн ногоон навчит ногоо зэрэг ургамлын гаралтай хүнс төмрөөр баялаг байдаг. Ургамлын гаралтай хүнсэнд агуулагдах төмөр нь амьтны гаралтай төмөртэй харьцуулахад шимэгдэлт багатай байдаг. Иймд төмрийн хэрэгцээгээ хангахын тулд ургамлын гаралтай хүнсийг илүү их хэмжээгээр хэрэглэх шаардлагатай болдог тул ургамлын гаралтай хүнс дагнан хэрэглэдэг хүмүүс төмөр дуталд өртөх эрсдэл өндөр байдаг.

-Цус багадалт, төмөр дутлыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авбал зүгээр вэ?

-Хамгийн чухал нь хүүхдийг төрсний дараа нэг цагийн дотор ангир уургаар амлуулах, зургаан сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллох хэрэгтэй. Мөн хоёр хүртэлх насны хүүхдэд төмрөөр баялаг нэмэгдэл хоол бэлтгэж өгөх нь чухал. Тухайлбал бантангийн махны орцыг нэмэгдүүлэх, малын элгийг хүүхдийн хоолонд өргөн хэрэглэх, төмрөөр баяжуулсан өглөөний хоол өгөх шаардлагатай. 

-Цус багадалтын тархал­тыг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?

-Манай улс 1993 оноос хойш бага насны хүүхэд, хөхүүл хүүхэдтэй эх, жирэмсэн эмэгтэйчүүдийг А, Д аминдэм, төмөр фолийн хүчил, олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлээр хангах зорилтот арга хэмжээг НҮБ-ын Хүн амын сан болон Хүүхдийн сангийн дэмжлэгээр хэрэгжүүлж ирсэн. Сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн зарим нэг томоохон төслүүдийг дурдвал, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Эх хүүхдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулах JFPR – 9005” төслийг 2002 – 2005 онд хэрэгжүүлсэн. Уг төслийн хүрээнд гурилыг зарим аминдэм, эрдэс бодисоор баяжуулж, зорилтот бүлгийн хүн амыг баяжуулсан гурилаар хангах, үйлдвэрлэл, худалдаа, зах зээлийн эрх зүйн орчныг бий болгох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн. Мөн “Бага насны хүүхдийн хоол тэжээлийн архаг дутлыг бууруулах “JFPR–9131” төслийг 2010-2013 онд хэрэгжүүлж, зорилтот аймаг, дүүргийн эх, хүүхдийг бичил тэжээлийн дутлаас сэргийлэх зорилгоор үнэ төлбөргүй А, Д аминдэм, ОНБТХ-иор хангасан хэдий ч цус багадалтын тархалт тууштай буурахгүй  байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. 

Б.САРАН-УЧРАЛ