ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Тогтохсүрэн: Дундговь, Говьсүмбэр аймгуудыг нэгтгэж хоёр тойрог болголоо

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-01-27

УИХ-дахь МАН-ын бүлэг хуралдаж дөрвөн асуудал хэлэлцжээ. Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэхдээ “Сонгуулийн тухай хуулиар хоёрдугаар сарын 01-нээс өмнө сонгуулийн тойрог болон мандатын тоог тодорхой болгох ёстой. Улсын хэмжээнд 29 тойрог 76 мандат байхаар шийдвэрлэлээ. Хөдөө орон нутагт 20 тойрог 52 мандаттайгаар шийдвэрлэхээр тогтсон. Нэг тойрогтой байсан аймгуудыг 2 тойрогтой болгохоор шийдвэрлэлээ. Учир нь Сонгуулийн тухай хуульд нэг тойрог олон мандат гэж хуульчилсан учраас багадаа нэг тойрог хоёр мандаттай байх ёстой юм.  Тиймээс Дундговь, Говь-Алтай, Сүхбаатар, Булган зэрэг аймгуудын тойргийг 2 болгосон. Говьсүмбэр аймгийг Дундговь аймагтай нийлүүлж, хоёр тойрог болгож байгаа юм. Харин Нийслэлийг есөн тойрог 24 мандаттай байхаар тогтлоо. Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд тус бүр таван мандаттай байна. Чингэлтэй, Хан-уул, Баянгол дүүргүүд тус бүр гурван мандаттай байна. Налайх, Баганнуур дүүргүүд тус бүр 2 мандаттай байхаар тогтоолоо. Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийг хүн амын тооноос хамаарч хоёр тойрогтой болгосон. Бүлгийн хуралдаанаар Элчин сайдыг эргүүлэн татах, шинээр томилох асуудлыг хэлэлцлээ. Шинээр томилох 11 элчин сайдыг хэлэлцэж 9 элчин сайдыг дэмжсэн. Хоёр элчин сайдыг дэмжээгүйн нэг нь Энэтхэг улсад Элчин сайдаар нэр дэвшсэн 66 настай н.Бүрэнбаяр гэж хүн байна. Насны хувьд төрийн албан хаагчийн хуулийг зөрчиж байгаа учраас дэмжээгүй. Нөгөө нь БНСУ-д нэр дэвшсэн нӨнөрзаяа гэж хүнийг дэмжээгүй. Учир нь энэ хүн мэргэжлийн хүн биш, төрийн албанд ажиллаж байгаагүй юм байна. Н.Номтойбаярын асуудлыг мөн хэлэлцэж, бүлэг Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг дахиж авч үзэхээр болсон” хэмээн мэдээллээ.