ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Засгийн газрын шийдвэрийг зөрчсөн ХХААХҮЯ, Ч.Улаан сайд хоёрт ямар хариуцлага хүлээлгэх вэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-01-28

ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны ганц “бөндгөр” бүхэл бүтэн улсын  эдийн засгийг ганцхан өдрийн дотор шийдэхгүй нь ойлгомжтой. Махны үнийн хөөрөгдөлд ганц “бөндгөр”-өө тавьчихаад,  өвөл,  хаврыг давах хэдхэн сарын махны хэрэглээний үнийг барьж, чадахгүй байж бас сар шинийн баярт санаа зовоостой. Өнөөдөр жирийн нэгэн иргэнд сар шинийн баяр тэмдэглэх өчүүхэн хүсэл, зориг алга. Дэлхийн нийтийг цочроосон аймшигт тахал Монгол Улсыг тойроод илрээд байна. Шуудхан хэлэхэд, хаалганы цаана ирчихээд байгаа. 

Төр засаг, эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, шөнө ч  цурам хийлгүй ажиллаж байна. Хүн бүр ил гаргахгүй ч дотроо айдастай яваа. Засгийн газраас олон нийтийг хамарсан урлаг, соёл, спорт, хурал, сургалтын үйл ажиллагааг бүхэлд нь хориглоод зогсохгүй урьдчилан сэргийлэх зөвлөмж, цаг үеийн мэдээ мэдээллийг тухай бүрт нь өглөө.

Их багагүй анхаарал сэрэмжээ өндөржүүлж, ариун цэврийг чандлан сахих аянд мордож, хайрыг биш хариуцлагыг нэгдүгээрт тавьж байна. Гэтэл ганцхан та л “мэдрэмжгүй”, “чадамжгүй” хоёроо гайхуулж Төрийн ордны хоёрдугаар давхарт хар зах ажиллуулж, үндэсний 130 аж ахуйн нэгжийг цуглуулах зоригтой байна.  

Төрийн ордонд цагаан идээ, ууц, өвчүү, бууз, ширхгийн бохь, варианы шилтэй банштай цайнаас бусдыг нь цуглуулжээ. Үзэсгэлэнгийн цар хүрээг нэмэгдүүлж, ордны ажилтнуудыг маскаар хангаж, Төрийн үйлчилгээний газраас хүч хавсарч 1000 төгрөгийн савтай усаар хүрээгээ тэлсэн байх юм. Тэгсэн атлаа тэнд нь хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаа маск алга. 

Засгийн газрынхаа шийдвэрийн эсрэг зогсож, эсэргүүцэж ийм арга хэмжээ зохион байгуулж байгаа салбарын сайд нь үүнийг “Зөв, сайхан арга хэмжээ, цагаа оллоо. Хүмүүсийг Эрээн, Хайлаар явахаас нь урьтаж цагаан сарын бэлтгэлийг нь базаалгаж байна. Энэ нэг их буруу үйл ажиллагаа биш” гэчихсэн ярилцлага өгөөд зогсож байхыг хардаг бид мөн азгүй ард түмэн шүү.

Энэ тэнэглэл мөн биз. Нөгөөтээгүүр, иргэд зах руу очиж үйлчлүүлдэг байсан бол эсрэгээрээ хар захыг дарга нар руу нүүлгэж, үйлчилгээг нь ойртуулж өгч байгаа юм болов уу даа. Годон гутал өмсөж бохь зажилсан авгай хүүхнүүд яг л хар захынхан шиг лангууныхаа ард суучихсан “авбал ав, байвал бай” гэх шиг сууж байна билээ. Ордон доторхи хүүхэн, залуус яг л дэлгүүр хэсч байгаа мэт хэлхэлдчихсэн явж байх жишээний.

Бүр нэг нэг рүүгээ утас цохин, үзэсгэлэн худалдаа руу очъё, хамт явъя гэчихжээ, бас. Тэд ч бас хүн юм чинь худалдаа наймаа хийх эрхтэй, худалдаж авах эсэх нь ч мань мэтэд хамаагүй. Гэвч төр засгийн шийдвэрийн эсрэг ийм арга хэмжээ зохион байгуулж байна гэдгийг шүүмжилж суугаа нь ч цөөнгүй байсан. Төрийн ордонд масктай хүн маш цөөхөн харагдана лээ. Хэдэн харуул, ганц нэг туслахуудаас бусад нь маск зүүсэн нь үгүй. Өчигдөр Төрийн ордонд хорхог боодог, айраг цагааны үнэр сэнгэнэхэд гайхах юмгүй л байв. 

Төрийн ордонд цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах санаачилга гаргасан, түүнийг дэмжсэн эрх мэдэлт­нүүдээс асууя. Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газар анхааруулга сэрэмжлүүлэг гаргаж, Ерөнхий боловсролын сургууль, Их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн үйл ажиллагааг түр хаах шийдвэр гаргаад дагаж мөрдөж эхэлсэн. Харин Төрийн ордонд “хар зах” ажиллуулсныг зөвтгөх ганцхан шалтгааныг хэлээд өгөөч. Гэхдээ Ч.Улаан сайдынхаас тэс өөр шалтгаан шүү. 

Ч.Улаан сайд яг ингэж хэлсэн.  “Энэ үйл ажиллагааг бид ярьсан. Бүх зүйл хоёр талтай. Цаашид байдал яаж өрнөхийг урьдчилан таамаглах аргагүй.  Өндөр үнэтэй байгаа юм уу,  өндөр рүүгээ явж байгаа юм уу гэдгийг таамаглах аргагүй байна. Мөн эрсдэлтэй үед аль болох хөдөлгөөнийг хязгаарлах бодлого барих нь зүйтэй.

Энэ бодлогод нийцнэ гэж бодож байна. Ер нь цагаан сарын бэлтгэлдээ айл бүр аль эрт орсон шүү дээ. Удаашрах юм бол ард иргэд зах зээлээр наашаа, цаашаа явна. Цаашилбал, Замын-Үүд болон БНХАУ-ын Эрээн хот  руу явах асуудлууд үүсэж мэднэ. Үүнээс урьдчилсан сэргийлэх зорилгоор бид шуурхай зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Цаашид албан байгууллагуудаар зохион байгуулна” гэв.

Сайдын яриагаар бол одоо үзэсгэлэн худалдаа, яам, тамгын газруудаар үргэлжлэн буухиалан гарах юм байна, зөв үү. Тэгэхээс тэгэх гэж адраад байгаа юм уу, гэмээр. Цагаан сарыг ч энэ удаад хойшлуулах хэрэгтэй гэдэг саналыг ард түмэн гаргаад эхэллээ. Өвчин хэлж ирэхгүй хийсч ирнэ. Агаар дуслын замаар халдварладаг тахлын өвчний вирус халдахдаа хүрвэл намайг ч, сайдыг ч ялгахгүй.  

Гадагшаа урсах мөнгөн урсгалыг сааруулах, дотоодын үйлдвэрлэл, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, эх оронч  худалдан авалтыг зохион байгуулахаар  “Үндэсний баяраараа-Үндэсний бүтээгдэхүүнээ” аяныг  бүтэн сарын хугацаанд бэлдсэн. Цуцлах аргагүй байсан гэж яамнаас мэдээлж байх жишээтэй. Сарын өмнөөс бэлдсэн байлаа гээд арваад хоногийн өмнөөс дэлхий дахиныг аюулд учруулаад буй вирусийн өвчлөлийг тоохгүй байна гэдэг эмгэнэл.  Ерөнхий сайдынхаа, Засгийн газрынхаа  өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэхгүй дан ганц ашгийн төлөө зүтгэж, бусдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд заналхийлэх аж ахуйн нэгж, байгууллага Монголд нэг ч байхгүй. Ганцхан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, сайд Ч.Улаан хоёр л байна.