ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Коронавируст дарагдсан чухал сэдвүүд

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-29

Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээлэл сүүлийн долоо хоногт зөвхөн дэлхий нийтэд хурдацтай тархаж буй коронавирусын шинэ төрөлд анхаарлаа хандуулж, нийгмийн сүлжээ ч тэр хэрээр зөвхөн энэ сэдэвт л гол анхаарлаа хандуулав. Энэхүү вирусын шинэ төрлөөс ч илүү Монгол Улсыг бүхэлд нь айдаст автуулж буй хатгалгаа өвчнөө ч тоохгүй болтлоо айдаст автацгаалаа. Тиймдээ ч ханиаднаас болж халуурсан нэгнээ ад үзэж, хатгалгаа өвчнөөр амиа алдсан хүмүүсээ ч корона хэмээн дур мэдэн оношилно. Дэгсдүүлж хэлсэн хүнд энэ вирус бараг л Монголд дэгдэхгүй өнгөрчихвөл “Дэмий шахуу сургууль, цэцэрлэг хаалаа. Олон нийтийг бужигнууллаа” хэмээн төрөө занаж зүхэх шинжтэй. Нийгмийн сүлжээнд идэвхтэй байдаг иргэд өдөрт хамгийн багадаа л коронатай холбоотой 5-10 пост оруулж байна. Өдөр бүхэн сэдвээс сэдвийн хооронд амьдардаг, нэг асуудлаас нөгөөд хамгийн хурднаар шилждэг манай улсын иргэд соошл орчинд ёстой хүссэнээрээ цуурч, дуртай мэдээллээ шэйрлэж, дургүй мэдээллээ уншихыг ч хүсэхгүй байх шиг. Угтаа коронавирус дэгдсэн эдгээр өдрүүдэд хамгийн их “баярлаж” байгаа хүмүүс бол дуулиант явдалд нэр холбогдсон хүмүүс гэхэд хэтийдэхгүй. Тухайлбал, АНУ руу хил даваад зугтчихсан Ч.Сайханбилэгийг, авлигын хэрэгт холбогдсон С.Баяр, С.Баярцогтыг, англи хэлний мэдлэггүй Элчин сайд Ц.Цэнгэлийг, Австралид казинотой танилцсан улстөрчид, албан тушаалаа ашиглан дээрэм хийсэн тагнуулчдаа хүртэл таг мартав, бид. 

Тэр ч байтугай төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсны учир битүүлэг хэрэг, тэрхүү асуудлаар хуурамч мэдүүлэг өгсөн Н.Номтойбаяраа ч хүртэл мартах нь ээ. Бидэнд хамгийн их хамаатай УИХ-ын сонгуулийн тойрог мандатыг улстөрчид нь хэрхэн хуваарилж, нэг намаараа найрлаж байгааг ч анзаарах сөхөөгүй гурил, будаа нөөцлөх ажилдаа шуудрав. Ар хударгаар нь харин улстөрчид нь хамаг муу муухайгаа хийж, хотын мандатаас “хулгайлж” хөдөө орон нутаг руу өгчихлөө. Нийт хүн амынхаа 50 гаруй хувь нь амьдардаг нийслэл хотоо гадуурхаж байхад ч нөгөө л орж ирээгүй вирусын төлөө дээр, дооргүй сандарч, зохиомол яриандаа итгэчихээд айдас, хүйдэс өөртөө бий болголоо. Тиймээс коронад дарагдсан сэдвүүдийн хүрээнд юу өрнөж, ямар асуудал яригдаж буйг уншигчиддаа эргэн сануулъя. 

 

Талийгаачийг амиа алдаж байхыг харсан гэрч байгаа юу 

Төр, нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсны хүүхдүүд өнгөрөгч долоо хоногт мэдээлэл хийсэн нь олон нийтийн анхаарлыг зайлшгүй татаж байх ёстой сэдэв байсан юм. Хэрэг гараад хэдийнэ жил хагасын хугацаа өнгөрчихөөд байхад хууль хяналтын байгууллагаас тодорхой хариулт өгөөгүй бөгөөд талийгаачийн үр хүүхдүүд “Хүзүүндээ боолгосноос үүссэн улайлтын оромтой, зүүн талаараа унасан атлаа баруун нүд нь хөх болчихсон, мөн шүүх шинжилгээний дүгнэлт нь “тархинд цус харваснаас болж амиа алдаагүй" хэмээн гарсан” гэж ярьсан байдаг. Мөн талийгаачийн үр хүүхдүүдэд хэргийн гэрч гэх нэгэн хүнээс юу болсныг харсан, 13 секундын бичлэг байгаа гэсэн  мессеж явуулсан атлаа эргээд шалгаж эхлэхэд мэдүүлгээсээ буцсан, мөн өөр хэргээр тухайн этгээд шалгуулж байгаа гэх мэдээлэл ч цацагдсан билээ. Өчигдөр гэхэд л олон нийтийн сүлжээнд нэгэн сэтгүүлч энэхүү бичлэгийн эзэн хэн байсан бэ, хурандаагийн хүү байсан уу гэх мэтээр бичсэн байхыг уншлаа. Угтаа “Энэ хэргийн учиг зангилааг тайлж өгөөч, хэрвээ буруутай этгээд байгаа бол олж өгөөч” хэмээн уйлан гуйсан хүүхдүүдийнх нь хэвлэлийн хурал вирусын сенсаацид дарагдаж, хэргийн үнэн зөвийг олох асуудлыг нийтийн анхааралд оруулах гэсэн хүсэл нь талаар өнгөрлөө. Хэрвээ гэм буруутай этгээд байгаа бол зарлах, буруутан байхгүй бол талийгаачийн үхэл юунаас болсныг олон нийтэд зарлах нь юу юунаас чухал юмсан. 

 

Тагнуулын дарга Д.Гэрэл ажлаа өгөх ёстой 

Өнгөрсөн баасан гарагт тагнуулын ажилтнууд дээрэм хийсэн гэх мэдээлэл цацагдсан ч мөн л дарагдаад өнгөрсөн. Тагнуулын байгууллагын тусгай бүлгийн дөрвөн ажилтан ОХУ-ын иргэн Г болон Монгол Улсын иргэн М нарыг мөнгөн ус худалдаж, наймаалцахаар тохирч, мөнгөө солилцох гэж байхад нь сүрдүүлж, дээрэм хийжээ. Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй эдгээр албан хаагчид чухам яагаад дээрэм хийсэн, эдгээр албан тушаалтнуудын завшсан мөнгө хэд болох талаар хуулийнхан өнөө хүртэл таг чиг. Уг нь манайхаас бусад улс оронд бол доод тушаалын албан тушаалтан нь ийм ноцтой асуудал үүсгэсэн бол дээд шатны дарга нар нь хариуцлага хүлээж албан тушаалаасаа огцрох ёстой байсансан. Гэвч Д.Гэрэл дарга өнөөдрийг хүртэл албан өрөөндөө бүгж “Манай ажилтнууд дээрэм хийж байгаа гэх асуудлын дагуу цагдаа нарт мэдээллийн дэмжлэг үзүүлж ажилласан” гэх хачин жигтэй тайлбар ч гэх үү, эсвэл мэдэгдэл ч гэх үү нэг зүйл ярьчихаад таг чиг. Ухаандаа “Манай ажилтнууд дээрэм хийх гэж байгаа нь үнэн бололтой. Та нар барихгүй юу” гэсэн мэдээлэл цагдаад өгчээ л гэж ойлгож байна. Засгийн газар, УИХ-ын түвшинд хэн ч үүнийг ярьсангүй. Монгол Улсын Тагнуулын байгууллагын нэр хүнд дэлхийд яаж шившиглэгдэж байгааг огтхон ч ярихгүй, хөндөхгүй өнгөрөх нь. Цөөхөн хэдхэн хэвлэл мэдээлэл үүнийг дахин, дахин хөндөж байгаа ч нөгөө л үхлийн аюултай гэх вирусын дуулианаар нам дарагдаад өнгөрлөө. 

 

Шантааж хийсэн гэх цагдаагийн албан хаагчдын хэргийг хэрхэх вэ 

Энэ сарын 21-ний өдөр “Бавгар” компаний захирал гэх Х.Оюун цагдаагийн хурандаа нарын авлигын хэргийг илчилсэн байдаг. Тодруулбал, тус компани ЦЕГ-ын захиалгаар цагдаагийн албан хаагч, хууль сахиулагчдын нэг орон сууцыг барьж байгуулах гэрээнд гарын үсэг зуржээ. Гэтэл ЦЕГ-аас томилсон ажлын хэсгийн ахлагч н.Цогтбаяр гэх хурандаа “Хоёр пентхаус, 30 ширхэг байр өг. Чадахгүй бол танай компанийг солино. Чи өрөө төлж чадахгүй шоронд орно” гэж сүрдүүлсэн гэж мэдээлэл хийсэн. Тэгвэл энэ мэдээллийн маргааш ЦЕГ-аас мөн л албан ёсоор мэдээлэл хийж, “н.Цогтбаяр хурандааг ажлаас чөлөөлсөн. Хэргийг шалгаж байна” гэсэн ч өнөөдрийг хүртэл таг чиг. Хурандаа нар иргэнийг дарамталсан эсэх, мөн авлигын сүлжээ байсан уу, үүнд нь Хуульзүйн сайд Ц.Нямдорж хамаатай байсан уу гэдэг нь мартагдлаа. Бид энэ асуудлыг огтхон ч орхиж болохгүй бөгөөд хариуцлагыг шат шатанд нэхэх учиртай байв. 

 

Казино мартагджээ

УИХ дахь МАН, АН-ын бүлгийн дарга, УИХ-ын ахмад гишүүн, Элчин сайдтайгаа хамт казино тоглосон уу гэх асуудал өнөөх л вирусын дуулианаар мартагдлаа. Хэдийгээр эдгээр хүмүүс тоглоогүй хэмээн мэлзсэн ч нэр бүхий сэтгүүлчид “бичлэг нь олдсон” гэх мэтээр хөөргөж байсныг бас мартах учиргүй юмсан. Тэр дундаа дипломат албан тушаалтан тоглосон бол хариуцлага тооцно гэх ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэний сүржин мэдэгдлийн “шүлс” ч хатах болоогүй байна. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн тоглосон гэх бичлэг байгаа хэмээн сэтгүүлч Л.Мөнхбаясгалан тухайн үед жиргэснийг ч энд сануулъя. 

 

Улстөрчид Б.Нямтайширт “бөлдөгдүүлж”, Н.Номтойбаярыг хамгаалж үлдлээ

УИХ-ын гишүүн Н.Номтой­баярыг гурван ч үндэслэлээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр болсон. Тодруулбал, талийгаач Г.Батхүү агсны хэрэгт худал мэдүүлэг өгсөн, ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа мөн л албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргүүдэд шалгаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр болоод байв. Гэтэл тухайн асуудлыг хэлэлцэх учиртай Халдашгүй байдлын дэд хороо хэд хэдэн удаа хойшилж, эцэст нь хуралдахдаа “Бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ” гэх шийдвэр гаргасан юм. Гэвч өчигдөр бид өдөржингөө “Тэр аймагт хүүхэд халуурч, амиа алджээ. Энэ улсад Монгол залуу коронавирусээр өвчилжээ” хэмээн худал, үнэн нь мэдэгдэхгүй мэдээллийн араас шуурах зуур хоёр байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар түүнийг албан тушаалтай нь үлдээхээр шийдэв. Угтаа, Монголын улстөрчид “МАК”-ийн халаасанд багтаж, Н.Номтойбаярын эцэг Б.Нямтайширт “бөлдөгдүүлсэн” гэдгээ энэ үйлдлээрээ нотлов. 

...Энэ мэтээр маш олон асуудлыг бид мартаж, заримдаа зориудаар мартуулж байх юм. Эрх баригчдад, эрх мэдэлтнүүдэд ч эргэж битгий сөхөгдөөсэй, энэ чигээрээ мартаасай гэсэн чинхүү хүсэл байгаа нь мэдээж. Нэг сэдэв гарч ирэхэд л нөгөөхийг нь мартдаг загасны ой санамжтай ард түмэн асуудлыг эргэж сөхөхгүй байх тусмаа л сайн. Авлига албан тушаалтнууд энэ хугацаанд хэргээ аятайхан шийдүүлчихнэ. Асуудалд орсон зарим нь шударгын дүрээр гарч ирнэ. Гэмт хэрэгтнүүд хуулийн шударга буултаас зайлж чадах билээ. Оюутолгойн хэрэгт холбогдсон С.Баярцогт, С.Баярыг таг мартлаа. Авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүдээ эргэж санахыг ч хүссэнгүй. УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, Зам тээврийн хөгжлийн яамны хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ гэх мэт албан тушаалтнуудын хэрэг ямар шатандаа явааг ч мэдэх аргагүй болов. АНУ-аас Ч.Сайханбилэгийг хэзээ авчрах нь тодорхойгүй болчихлоо. Бүр эрэн сурвалжлахаа ч зогсоосон бололтой. Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгч нарын авлигын хэргийг ч монголчууд мартжээ. Тэдгээр шүүгчдээс хэд нь шударга шүүхийн өмнө зогссон нь тодорхой бус болов. Маш олон асуудлыг мартах тусмаа, маргааш нь эргэж санахгүй байх тусмаа улстөрчдөд ашигтай учраас сургаар цуурсан коронадаа итгэцгээж, харин бодит аюул болсон энэ мэт авлига, албан тушаалын хэргээ таг мартацгааж, амар сайхандаа жаргаж сууя даа, монголчууд минь.