ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Цогтбаатар: Өмнөговь, Булган, Хэнтий аймагт гарсан сэжигтэй тохиолдлуудыг шинжилгээнд өгсөн

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-29

Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар өчигдөр  мэдээлэл хийлээ. Өчигдөр буюу нэгдүгээр сарын 28-ны өдрийн 11:00  цагийн байдлаар дэлхий дахинд 4474 хүн шинэ төрлийн коронавирусээр  өв­чилж, 106 хүн нас баржээ. Өвчилсөн хүмүүсийн 4439 нь БНХАУ-д илэрсэн аж. ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар хэлэхдээ,  “Монгол Улсад шинэ коронавирусын халдвар бүртгэгдээгүй байна. Нэгдүгээр сарын 9-27-ны хооронд Халдварт өвчин судлалын үндэсний төвд нийт 13 хүнээс шинжилгээ авсан. Эдгээр иргэд нь БНХАУ-аас ирсэн, халуурсан иргэд байсан. Эдгээрийн дөрвөөс нь томуугийн А хүрээний вирус илэрсэн. Архангай болон Ховд аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ч үгүйсгэсэн. Халуурсан, уушгины хатгалгаа туссан, хатгалгааны улмаас нас барсан тохиолдлыг шалгасаар байгаа. Хонгконгоос ирсэн хоёр оюутан болон Өмнөговь, Булган, Хэнтий аймагт гарсан сэжигтэй тохиолдлуудаас шин­жилгээ авсан бөгөөд хариу гара­хаар дахин мэдээлнэ. Гадаад харилцааны яам Хятадын Үхань хотод байгаа оюут­нуудаа авчрах хүсэлтийг тус улсын Гадаад харилцааны яаманд албан ёсоор хүргүүлсэн. Ийм хүсэлтийг өөр 10 орон тавиад байгаа юм билээ. БНХАУ нь эрүүл мэндийн үз­лэг хийж, аюулгүй байдлыг хан­гаад зөвшөөрөл өгөхөө илэр­хийлсэн” гэв. Шинэ корона­вирусын оношлуурыг  ХӨСҮТ-д Томуугийн лавлагаа лабо­раторид ашиглаж байгаа аж. 

Уушгины хатгалгаагаар нас барсан болон өвчилсөн то­хиолд­луу­дыг шалгахад 2019 оны сүүлийн мэдээллээр 78 мян­га 141 хүн хэвтэн эмчлүүл­сэн. Харин уушгины хатгалгаа өвч­нөөр 431 хүн нас барсан гэдгийг онцоллоо. 

Маскны эрэлтээ хангаж гүй­цэх­гүй байгаа учраас зохио­мол үнийн хөөргөдөл үүс­гэх хандлагатай байгааг онц­лоод, Шу­дарга өрсөлдөөн хэрэг­лэг­чийн төлөө газрын 18001284 ду­гаа­рын утсанд мэдээлэл, гом­дол өгөх боломжтой гэ­лээ. Эм ханган нийлүүлэх бай­гуул­лагууд нь эхний ээлжид 45-60 хоно­гийн нөөц бүрдүүлдэг аж. “Мөн­хийн тун”, “Монхимо” зэрэг газрууд дотооддоо маск үйлд­вэр­лэдэг. “Мөнхийн тун” нь хоногт 42 мянган маск үйлд­вэр­лэх хүчин чадалтай, “Монхимо” нь 30 мянган шир­хэг маск үйлдвэрлэх хүчин чадал­тай гэдгийг мөн хэллээ. 

 

Австралийг зорьсон монгол иргэнээс коронавирус илрээгүй

Мөн өдрийн 13:00 цагийн үед  коронавирусын асуудлаар дахин мэдээлэл хийж, Австралид монгол иргэн шинэ төр­лийн коронавирусээр өв­чил­сөн талаар зарласан юм. Б.Цогтбаатар дарга хэлэхдээ, “2020 оны нэгдүгээр сарын 19-нд Австралийн Мельбурнд очсон 34  настай  монгол иргэнээс шинэ коронавирусын халдвар илэр­чээ. Тус хотод очсон шөнөө­сөө халуурсан бөгөөд эмнэлэгт тусгаарлагдан эмч­лүүлж байгаа. Шинэ төрлийн коронавирус гэдэг нь нэгдүгээр сарын 25-нд лабораторийн шинжилгээгээр баталгаажсан” гэж байсан ч  удалгүй 16:30 минутын  орчимд дахин мэдээлэл хийсэн юм. Уг мэдээлэлд, “Австралийн Эрүүл мэндийн газартай холбогдож мэдээллийг нягтлахад тухайн Монгол Улсын иргэн онгоцонд байсан халдвар авсан хятад иргэнтэй хамт нисэж очсон бөгөөд Монгол Улсын иргэн шинэ коронавирусын халдвар аваагүй байна” гэдгийг  хэллээ. 

Говьсүмбэр аймагт халуурсны улмаас нас бараагүй гэв

Говьсүмбэр аймагт нэг иргэн өндөр халуурсны улмаас нас барсан талаарх мэдээлэл гарч буй. Энэ асуудлыг Говьсүмбэр аймгийн Засаг даргын ор­логч Ш.Билэггүмбэрэлээс тод­руу­лахад,  “Манай аймагт ха­луурч, хатгалгаа туссан бо­лон ханиад томуугийн шинж тэмд­гээр нас барсан тохиолдол өнөөд­рийн байдлаар гараагүй. Корона­вирусын сэжигтэй тохиолдол ч бүтгэгдээгүй байна. Тиймээс ташаа мэдээлэл учраас худал мэдээлэл тараасан газруудыг шүүх байгууллагад өгнө” гэлээ. 

 

Хэнтий аймагт нас барсан охины онош тодроогүй байна

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хөл хорио тог­тоо­сон­той холбоотойгоор урсгал чиглэлүүдийг өөрчилж, байн­гын постууд ажиллуулан, орох гарах хөдөлгөөнд хязгаарлалт хийж, талийгаачийн онош тодортол үйл ажиллагаа явуулж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын хөдөлгөөнийг 72 цагийн дотор гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлажээ. Тиймээс гаднаас зөвхөн эргэлт оруулж байгаа аж. Нэгдүгээр сарын 27-ны өглөө 13 настай Н өндөр халуурсан байдалтай Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж, Сэхээн амьдруулах тасагт эрчимт эмчилгээ хийлгэж байгаад өдрийн 16:00 цагийн үед нас барсан золгүй явдал гарсан. Талийгаачийг коронавирусын халдвар авсан байж болзошгүй гэх хардлага үүссэн учраас сорьц авч Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү явуулсан аж. Сорьцын хариу 72 ца­гийн дараа гарна гэдгийг алба­ны эх сурвалж мэдэгдэж байна. Хэнтий аймгийн хэм­жээнд томуу, томуу төст өвч­ний дэгдэлт 16.2 хувь буюу улсын дундажтай ойролцоо байгаа аж.

 

Нэг оношлуурыг нэг л удаа ашиглана

Нөхцөл байдалтай хол­бог­дуу­лан мэргэжлийн хяналтын байгууллага өндөржүүлсэн байдалд ажиллаж байгаа аж.  Хилийн бүсэд 450 байцаагч ажиллаж байгаагаас  100 гаруй нь эрүүл ахуйн байцаагчид байгаа юм байна. Хэвлэлийн хурлын дараа ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатараас сэтгүүлчид дараах асуултаар хариулт авлаа.

-200 оношлуурын тоог  цаашид нэмэх үү.  Мөн Япон улс руу хариуг нь илгээж байж, оношоо баталгаажуулна гэсэн үг үү?
-Нэг оношлуурыг нэг удаа л ашиглах бөгөөд одоогоор  зөвхөн ХӨСҮТ-д ашиглаж байна. Ямар ч өвчний үед оношийн батал­гаажилтыг эцэс­лэхэд ганц­хан лабора­торийн шин­жил­гээ­гээр хийхгүй. Олон улсын ит­гэмж­­лэгд­сэн лабораторид шил­­жүүлж байж, эцсийн оно­шийг баталгаажуулдаг учраас тэр дүрмээ дагана. Цаа­шид онош­луурын тоог нэмэх та­лаар Засгийн газар арга хэмжээ авна. Оношлуурын хариу 24-48 ца­­гийн дараа гардаг бөгөөд эц­сийн оношийг Японы тал гаргах юм.

-Монголд 13 эрсдэлтэй  тохиолдлыг үгүйсгэлээ гэж мэдээллээ. Оношлуур нь 27-ны өдөр ирсэн байхад шууд үгүйсгэж болох юм уу?
-Дээрх 13 тохиолдлыг нэг­дүгээр сарын 9-27-нд үгүйсгэсэн байгаа. Энэ нь өвчтөний бие сайжирсан, эсвэл лабораторийн шинжилгээгээр 22 үүсгэгч илрээгүй гэсэн үг.