ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цатгалан байхад коронавирус цаашаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-29

Ямар азаар ганц тарган үхэр идшинд авсан юм. Аваагүй бол балрах байж. Арчаатай хүмүүс вирусээс айсандаа хүнсээ базааж, зоорилоод байдаг. Цалин буугаагүйг ч хэлэх үү, дэлгүүрийн лангуу хоослолцож чадахгүйдээ хор шар хөдлөөд байж суух газар олддоггүй дээ. Гэдэс цатгалан мөр бүтэн явахад баргийн өвчин цаашаа. Монголчууд коронавирусын сургаар дэлгүүрийн лангууг хоосолж, гурил будааг шуудай шуудайгаар нь авч нөөцөлж байна. Ёстой зөв. Ингэх л хэрэгтэй. Наймаачид орлого ихтэй сайхан л байна. Дэнжийн мянгад үхрийн мах бөөний үнэ нь 12 мянган төгрөгт хүрч, олдоц муу, олдсон нь үүрээд зугтаж явна гэсэн. Булаалгачихна гэж айж байхгүй юу. Тэр вирус Монголд ороод ирлээ гэхэд мах, гурилаа идээд гэртээ бүгэхэд хэд хоногтоо өлсөж үхэхгүй. Вирус хаалга тооноор нь орж иртлээ хаа ч байсан юм.  Хүнсээ нөөцөлсөн нь л хожино. Бусад хүмүүс үхнэ үү, яана уу, хамаагүй. Одоо цагт амиа бодсон нь амьд үлдэх нигууртай. Муусайн хятадууд арван кило будаагаа арвуулаа арав хуваагаад авч байхад тэнгэрлиг монголчууд нэг нь л арвууланг нь авна. Хэн хүч чадалтай, хэн мөнгөтэй нь хождог монгол. Гэдэс цатгалан, гэр дүүрэн хүнстэй байхад вирус айж л таараа. Хөргөгчиндөө хоёр кило хүрэхгүй махтай, тав гурван төмстэй айлыг вирус байтугай дээрэлхэнэ л дээ, аргагүй. Юу ч үгүй хоосон байгаанууд нь одоо яана даа. Банкнаас зээл хөөцөлдөх үү. Хүнээс гуйгаад нэмэргүй. Тэд өөрсдөө яая гэж байгаа. 

Дэлгүүрийн лангуу хоосорч байна гэнэ, аптекуудад маск байхгүй гэнэ, нийслэлээс гадуурхи аймгуудад тэр вирус нь орж ирээд нэг хоёроор нь чадхийлгээд байна гэнэ. Хоолтой, гэдэс цатгалан л бол маск зүүхгүй, дархлаагаа дэмжихгүй, гадуур тэнээд явсан ч вирус халдахгүй, яах ч үгүй бололтой юм. Муусайн хятадууд вирустай бүс рүүгээ сайн дураараа явж, тусалж байна гэнэ. Байгаа юмаа хувааж хэрэглэж байна гэнэ. Ёстой тэнэг. Гэтэл манай монголчууд яаж байна. Сургаар л амь амиа бодоорой гээд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж, дэлгүүр хоршооны лангууг хоосолж байна гэнэ. 

Албаны хүмүүс, яам тамгын газар нь тайван амгалан байцгаа гээд байхад л итгэхгүй байгаа юм шүү дээ. Эд худлаа ярьдаг болохоор итгээд хэрэггүй, тэд зоорио дүүргэчихсэн байгаа биз гэж бодоод байх шиг. Мэдээж л дээ. Томчууд хашраачихсан юм чинь. Гэхдээ л тэр Ч.Улаан нөхрөөс бусад нь хүнсээ базааж амжаагүй байх шүү. Ямар сайндаа л Төрийн ордныг худалдааны төв болгож байх вэ. Гэхдээ мах, махан бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулах хэрэгтэй байсан юм. Ордон руу гулууз гулуузаар нь мах, шуудай шуудайгаар нь гурил зөөвөл гайхах хэрэггүй. Тэнд суугаа хэд маань ч гэсэн хүн шүү дээ. Цуурхал бас ашигтай юм. Цуурхлын хүчинд цагаан сарынхаа бэлтгэлийг базаачихаж байна. Ойрын хэдэн сардаа идэх хоолоо нөөцөлчихлөө. Коронавирусын л буян шүү дээ.  

Хэдэн жилийн өмнө дэлхий сүйрэх шахахад яалаа. Лаа шүдэнзээ аваад лагерь руугаа гарцгаасан даа. Тэрнийг нь сонсчихоод нөгөө муу дэлхий чинь сүйрэхээ больчихсон. Амьтан хүн ингэж айж байхад би юу ч вэ дээ гэж бодоод монголчуудыг өрөвдөө биз.